ДОРНОГОВЬ: Дэлхийн хамгийн том гэр Хатанбулаг суманд бий
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо дэлхийн хамгийн том гэрийг босгожээ. Өвөрмонгол хүний захиалгаар монгол урлаачдын урласан 28.81 метр диаметртэй 36 ханатай гэрийн унины урт нь 11.40 метр, өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх аж. Нийт 1800 метр эсгий орсон, 1000 хавтгай дөрвөлжин метр талбайтай гэрт нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд том гэрүүдийн хувьд унины даацыг авахын тулд дунд нь олон багана хийдэг бол тус гэр нь монгол гэрийн уламжлалт хийц загвараар зөвхөн голдоо дөрвөн баганатай, унийг нуман хэлбэртэй бүтээсэн байна.
Уг бүтээлийг “Сэлнэн” үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногт барьж босгожээ. Тус гэрийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах бөгөөд 2018 онд Гиннест бүртгэсэн байна. Хатанбулаг дахь Ханги боомт нь цаашдаа аялал жуулчлалын томоохон бүс болох боломжтой юм.
Учир нь тус боомт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг тул Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орох үед төмөр замын тээвэр болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломж нээгдэж байгаа гэж албаныхын онцоллоо.