Байнгын асаргаатай хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр даана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар байнгын асаргаатай, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр асуудлыг судалж, холбогдох шийдвэрийг гаргахыг үүрэг болгожээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төр даахаар болж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, тусгахыг надад даалгасан" хэмээн ярилаа.