Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьжээ

97
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг өнөөдөр (2021.06.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. Тус төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгааг Х.Нямбаатар сайд танилцуулав.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Цар тахлын улмаас 2020 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0", эсхүл түүнээс бага бол", мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 ба түүнээс дээш хувь бол" гэсэн нөхцөлүүд үүссэн учраас Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн зарим тусгай шаардлагыг хойшлуулан мөрдөж байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос 2021 оны эхний улирлын эдийн засгийн бодит өсөлт 15.7 хувьд хүрснийг зарласан бөгөөд цар тахлын үед эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр эдийн засгийн бодит өсөлт 2021 оны эцэст 6.5 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа юм. Мөн олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалтад “энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдол арилсны дараа гурван сарын дотор төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах саналаа энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм байна.

Тиймээс Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийг хүчингүй болгон тус хуулийн үйлчлэх хугацаанд мөрдөгдсөн хязгаарлалтуудыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгах шаардлага үүсжээ. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газраас цар тахлын эсрэг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдэд шаардагдах төсвийн зардлыг 2021 оны төсөвт тусгаснаар төсвийн алдагдлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 8.8 хувьд хүрч нэмэгдэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын хязгаарлалтуудыг хойшлуулан өөрчлөх шаардлагыг бий болгож байгаа аж. Дээрх хуульд заасан нөхцөл болон бодлогын өөрчлөлтийг хуульд тусгах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 Хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2020 онд 12.5 хувиас, 2021 онд 8.8 хувиас, 2022 онд 5.1 хувиас, 2023 онд 3.6 хувиас, 2024 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2025 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, 19.3 дахь хэсэгт заасан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65 хувиас, 2024 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлын хэмжээ 3,540.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.4 хувь, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 1,363.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.2 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас саарч, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орохоор байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах зарим арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг тусгах, Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолд заасны дагуу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, зардлыг хэмнэх зэрэг томоохон бодлогын өөрчлөлтүүдийг 2021 оны төсөвт тусгах зайлшгүй шаардлага үүссэн байна. Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар 2021 оны төсвийн алдагдал ДНБ-ий 3.7 хувиар нэмэгдэж ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг хийж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Дэлхий нийтийг хамарсан (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг улс орнууд өөрсдийн эдийн засаг, төсөв санхүүгийн боломждоо тааруулан хэрэгжүүлж байна. Монгол Улсад (КОВИД-19) халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүсэж байгаагаас гадна хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг төслийн танилцуулгад дурджээ.

Иймд эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголыг боловсруулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлаас 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувь, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг 11.5 хувь байхаар тогтоож, өмнөх хэмжээнээс 1-2 нэгжээр бууруулсан. Энэхүү өөрчлөлт нь Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар баталсан НДШ-ийн орлогын төлөвлөгөөг 94.0 тэрбум төгрөгөөр бууруулж, энэ хэмжээгээр улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд олгох татаасыг нэмэгдүүлэх шаардлага үүсгэсэн байна.

Шаардлагатай өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 597.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 13,731.7 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 1,796.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 15,748.3 тэрбум төгрөг болох ба төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3,691.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -8.8 хувьтай тэнцэнэ.
Төсвийн тодотголоор Хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох; нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох; КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. КОВИД-19 цар тахал болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сан болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төрийн байгууллагууд 2021 онд төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн мөрдөнө хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулиар төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, түүнд ажиллаж байгаа даатгуулагчдаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч Монгол Улсын иргэнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн.

Тус хуульд 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч иргэний төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2020 оны аравдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлөхөөр, харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогч, даатгуулагч тус бүр 5 хувь, 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 хувь болгож тус тус хөнгөлсөн.

Нийгмийн даатгалын сангийн 2021 оны шимтгэлийн орлогыг 1.897.7 сая төгрөг байхаар баталсан ч Улсын Их Хурлаас 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувь, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг 11.5 хувь байхаар бууруулсан юм. Албан журмын тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 нэгжээр, сайн дурын даатгалын шимтгэлийг 1 нэгжээр тус тус бууруулсан хуулийн дээрх өөрчлөлт нь Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 94.0 тэрбум төгрөгөөр бууруулж, энэ хэмжээгээр улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд татаас олгох нөхцөл бүрдүүлсэн байна.  

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн бууралт нь Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль болон Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тодотгол хийх хууль эрх зүйн үндэслэл болж байгаа тул Нийгмийн даатгалын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn