Нийгмийн даатгалын сангийн орлого 15.1 хувиар нэмэгджээ

865
НДЕГ-ын мэдээллээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 4 сард 998.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 131.1 (15.1хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 94.1 (14.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Мөн өнгөрсөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 229.4 тэрбум, зарлага 268.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 64.1 (21.8хувь) тэрбум, зарлага 91.2 (8.8хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.

Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ оны эхний 4 сард 1 019.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 151.2 (17.4хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 60.9(8.7хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 70.1 (7.4 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.

Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ оны эхний 4 сард 8 323 хүнд 18.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагч 825 (11хувь) хүнээр олширч, олгосон тэтгэмжийн хэмжээ 1 162.2 (6.8хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Туссангаас дээрх хугацаанд 454.1 мянган хүн тэтгэвэр авсны 75.9 хувь нь өндөр насны, 15.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 8.7 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагч байв.

Нийгмийн халамжийн сангаас 2021 оны эхний 4 сард 2.2 (давхардсан тоогоор) сая хүнд 669.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч 126.2(6хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 419.1 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Засгийн газраас нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг нэмж, 288 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16 мянга, насанд хүрэгчдэд 32 мянган төгрөгийг олгохоор шийдсэн юм. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 75 (6.7хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 391.7 тэрбум (5.4 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг ҮСХ мэдээлэв.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 4 сард 56.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (4хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 22.1 (56хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 25.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэнаж.

Нийгмийн халамжийн тэтгэмжид мөн хугацаанд 99.6 мянган хүн хамрагдсаны 56.3 хувь нь асаргааны тэтгэмжид, 43.7 хувь нь онцгой тохиолдол, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдлаа. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний 4 сард 33.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 (21.7хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 481.1 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оны эхний 4 сард олгожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn