Чөлөөт бүс гацаанаас гарч эхэллээ

636

“Замын-Үүд” чөлөөт бүс олон жил нэр төдий, гацаанд байж ирсэн. Тэгвэл тус бүс баг багаар гацаанаас гарч эхэллээ. Түүх сөхвөл, 1996 онд Сэлэнгэ аймагт “Алтан булаг“ чөлөөт бүсийг,  2004 онд Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг түшиглэн  “Замын-Үүд” чөлөөт бүсийг, 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Цагааннуур” чөлөөт бүсийг УИХ-ын  тогтоолоор тус тус байгуулж байв. “Алтан булаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй. Бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхэд  эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж үзэж нэр бүхий гишүүд  хуулийн төсөл санаачилжээ.  
“Алтан булаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй.
Тухайлбал, Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуульд  зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх иж бүрэн ажиллагаа явагдах тул үйл ажиллагаа нээх, хаах асуудлыг хилийн боомтын нэгэн адил шийдвэрлэж байх зохицуулалт шаардлагатай болсон байна. Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна гэж үзжээ.  Тиймээс УИХ-ын энэ оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн төсөлд  “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчил арилах заалтуудаас гадна техникийн шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж буй юм. Мөн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт бүрэн хангагдах юм. Мөн “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн нэр томьёоны  болон зүйл заалт хоорондын зөрчил арилах заалтуудаас гадна техникийн шинжтэй өөрчлөлтүүд хийгдэхээр тусгагджээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрх зүйн таатай орчин, нөхцөл бүрдэнэ.  Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт хоорондын агуулгын болон найруулгын зөрчил, хийдэл арилж, чөлөөт бүсийн үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан  нээх, хаах харилцаа зохих түвшинд шийдвэрлэгдэж, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Засгийн газрын аль гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг тухай бүрт нь баталгаажуулах боломжтой болно хэмээн Шадар сайд С.Амарсайхан онцлов.
Монгол Улсын Засгийн газраас “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхааран тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж энэ оны наймдугаар сараас байнгын ажиллагаанд шилжүүлээд байгаа билээ.  “Замын-Үүд” чөлөөт бүсэд авто зам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бол  өнгөрсөн сарын 27-ны өдрөөс дулааны станц ашиглалтад бүрэн орж Замын-Үүд сумын иргэдийг дулаанаар хангаж эхлээд байна. Түүнчлэн ариутгах татуургын станцыг аравдугаар сард, ус  цэвэршүүлэх үйлдвэрийг дараа сард нь  ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд  хангагдаад байгаа юм. Мөн ирэх оны эхний улиралд багтаан чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг цахилгаанаар бүрэн хангах зэрэг дэд бүтцийн хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлээд байна.Энэ мэтээр иргэн, аж ахуй нэгжүүд чөлөөт бүсэд чөлөөтэй зорчих, зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татах орчин нөхцөл энэ зунаас эхлэн эрчимжиж байгаа юм.
Монгол, Хятадын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн хуулийн төслийг  2019 оны намрын ээлжит чуулганаар соёрхон батлуулахаар өргөн мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй удааширч байсан юм.  Харин Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт батлагдсанаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчныг  бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Ийнхүү олон жил гацаанд байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эрчимжиж, дэд бүтцийн хангамж сайжирч,  хууль, эрх зүйн, хөрөнгө оруулалтын  таатай орчин бүрдэж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn