МАН-ын мөрийн хөтөлбөр: Хүүхдийн орчин бий болгож, хүчирхийлэгчээс хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ

989
 
Монгол Улсын гурван сая гаруй хүн амын нэг сая гаруй нь 0-14 насны хүүхэд бөгөөд 2018 онд улсын хэмжээнд 78 мянга 993 хүүхэд мэндэлсэн бол өнгөрсөн онд 80 мянга 251 хүүхэд төржээ. Монголын үрс олон болохын хэрээр ялангуяа нийслэл Улаанбаатар хотод  хүүхдэд ээлтэй, аюулгүй хотыг цогцлоох зайлшгүй шаардлага бий болж байна. Тоглохоор гэрээсээ гарсан дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг саяхан гарсан нь хүүхдэд аюултай орчинд бид амьдарч буйн баталгаа.  Түүнчлэн  хүүхдийг  хүчирхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхах, хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зүй бус хэргийг томчууд ихэвчлэн хөшигний цаана, цоожтой хаалганы ард үйлддэг. Энэ бүхэн манай улсад хүүхэд хамгааллын асуудал учир дутагдалтай, төрийн бодлого дэмжлэг үгүйлэгдэж байгааг харуулж байна. 
Хүүхэд багачуудад зориулсан олон улсын стандартад нийцсэн, аюулгүй тоглоомын талбай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүдийг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа тул өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд бүх шатандаа анхаарч ажиллан "Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, нийслэлийн 370 гаруй байршил дахь хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэх, сайжруулах шаардлагатай ч төсөв хөрөнгөнийхөө бололцоонд тулгуурлан энэ онд 33 хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэхээр төлөвлөсөн байна.   
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг ирэх дөрвөн жилд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч хүмүүжиж, хүссэнээрээ тоглож наадах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдэд ээлтэй хотыг цогцлоох ажлыг эрчимжүүлэхэд МАН ихээхэн анхаарал хандуулж, тулгарч буй саад бэрхшээлийг цогцоор нь шийдвэрлэх зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Үүнд: 
Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр: 
Олон Улсын "Найрамдал-2” хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна.
Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дунд олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж, байгуулан хүүхэд, оюутан, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлнэ. 
Туул, Сэлбэ, Толгойт, Баянгол, Улиастай голуудын хамгаалалтын зурвасыг тогтоож, амралт, чөлөөт цаг өнгөрөөх байгууламж барина.
Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Сүхбаатар жанжны нэрэмжит "Хүүхэд, залуучуудын соёл, амралтын цогцолбор”, "Баянзүрх цэцэрлэгт хүрээлэн”, "Соёл, спортын цогцолбор” барина.
Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих "Сургуулийн автобус” төслийг үргэлжлүүлнэ.
Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно.
Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. 
Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана.
Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох "Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn