Шинэ вирусээс яаж “зугтах” вэ

764

virus


Амьсгалын замын цочмог халдварууд маш аюултай, эмч нар л “энгийн” ханиад, томуу мэтээр эерүүлдэг болохоос. Бидний сайн “танил” томууны А хүрээний H1N1 вирус гэхэд л анх гахайнаас хүнд халдварласан гэдэг. Уг вирус тахал хэлбэрээр буюу олон хүнийг хамран дэгдвэл маш хөнөөлтэй.


Долоо хоногийн дотор ганцхан улсын 18 000 хүнийг өвчлүүлж, 8000 орчмынх нь үхлийн шалтгаан болсон гашуун түүхийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, бид жилийн гурван улиралд томууг тоохгүй шахам явсаар өвөл нь “нөгөөхдөө” мад тавиулдаг шигээ байж болохгүй цаг үе ирлээ. Өмнөд хөршид коронавирусийн шинэ төрлийн халдвар дэгдчихээд, юу юугүй “үүд тогших” нь. Украинаас “гарсан” гэх уг вирусээр халдварласан тохиолдолд өвчин богино хугацаанд хүндэрч, уушгины хатгалгаа, бөөрний дутагдалд хүргэж буйг ДЭМБ-аас зарлаад байна.


БНХАУ болон Монголд Цагаан сар 30 хоногийн зөрүүтэй болно. Азийн хэд хэдэн улсад уг өвчин зөөвөрлөгдөөд буй энэ үед бид аюулгүй байдлаа хангаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлага тулгарлаа. Коронавирус анх дэгдсэн Хятадын Хэбэй мужийн Ухань хотод дөрвөн хүн нас барсныг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Өдгөө тус хотын эмнэлэгт шинэ вирустэй 169 өвчтөн байгаагийн 35-ынх нь бие мууджээ. Хамгийн ноцтой нь БНХАУ-ын Ариун цэвэр, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооныхон уг вирусийг хүнээс хүнд халдварладгийг нотолжээ. Тодруулбал, халдвар тээгчтэй харилцсан эмнэлгийн 15 ажилтан өвчилсөн нь ДЭМБ-ынхныг сандаргахад хүргэв. Одоогийн байдлаар БНХАУ-д короновирустэй 291, Бээжин, Шанхай, өмнөд нутгийн Гуандунд ч халдвартай хүн илэрсэн байна.


Коронавирус нь H1N1-ийн адил амьсгалын эрхтэн тогтолцоог ноцтой гэмтээдэг нэгэн төрлийн томуу юм байна. Харин бидэнд уг өвчнөөс сэргийлэх чадамж, тогтолцоо, туршлага бий юү. Яг үнэндээ манайхан өмнөд хөршид дэгдсэн “коронагоос” ялгарах юмгүй байдалтай, томууны В хүрээний вирустэйгээ дайтсаар л байна. “Дотоод”-ынхыгоо яая гэж байхад юун шинэ төрлийн хатгалгаа вэ. Сүүлийн хоёр жилд л гэхэд ханиад, томуутай хэрхэн тэмцсэнийг “харцгаая”. Шинэ вируст “барьц” алдахааргүй байж чадах нь уу.


Томуу нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Жил ирэх тусам хувьсан өөрчлөгдсөөр тул “ааштай” гэж тодорхойлж болно. Манайд А, В хүрээнийх нь ээлжлэн дэгддэг. Харин томуу төст өвчин гэж нэрлээд байгаа нь адиновирус, рино, корона, бока, иж томуу гэхчлэн өөр өөр үүсгэгчтэй. Эдгээр нь томуутай ижил шахам шинж тэмдэгтэй ч хүндрэх нь харьцангуй бага гэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүн амын дунд А хүрээний H1N1, H3N2 вирус газар авч, бага насныхан олон мянгаараа өвчилсөн. Жилийн жилд л эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, эцэг, эхчүүд одоо ч хүүхдүүдтэйгээ хонгилд шалаар хэвтэж байна. Иймэрхүү дүр зургийг төр, засгийнхан барагтай л бол тоохгүй.


“Сайд, дарга нар ямар өвчин тараагаад байгаа биш” гэж өмөөрч болох ч урьдчилан сэргийлэх талын ажил манайд үнэхээр хангалтгүй. Агаар, орчны бохирдол ихтэй нийслэлд бид хэзээ ч ханиад, томуунаас салахгүй нь ойлгомжтой. Гэхдээ өвчний оргил үед ядаж л барьц алдахааргүй ажиллаж, сэргийлж сурмаар сан. Хажуугаар нь “шинэ зочин” ирэх гээд сандаргах. ЭМЯ, ХӨСҮТ-ийнхний ярьдаг, ам тагладаг үг нь томууны вакцин. 2018 онд зорилтот бүлгийнхэн буюу хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настан, олон нийттэй харилцдаг мэргэжилтнүүд гээд 125 000 хүнийг вакцинд хамруулсан. Гэтэл өвчний оргил ачааллын үеэр нийслэлийн хэмжээний эмнэлгүүдийн Хүүхдийн тасаг (977 ортой)-уудад 1700 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Амбулаториор үйлчлүүлэгчдийн мөн л 10 гаруй хувийг эзлээд байсан юм.


Өнгөрсөн оны яг өдийд УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн, цаашид хэрхэх талаар санал солилцсон. Тухайн үед Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай улс хүн амынхаа 0.3-0.6 хувийг л вакцинжуулдаг. ДЭМБ-ын зөвлөснөөр 40 хувийг дархлаажуулна гэвэл 1.4 сая хүн/тун вакцин хэрэгтэй. Үүнд 10 тэрбум төгрөг шаардлагатай” гэж байв. Албаныхны хэлснээр, 2018 онд зорилтот бүлгийнхэнд вакцин хүрэлцээгүй тул өнгөрсөн жил бага зэрэг нэмэгдүүлэн, 159 500 хүн/тунгаар дархлаажуулсан билээ. Ингэхдээ тав хүртэлх насныхныг үнэгүй, үлдсэнээр нь дээр дурдсан зорилтот бүлгийнхнийг вакцинд хамруулсан. Энэ нь ч олигтой үр дүнд хүрээгүйг иргэд, эцэг, эхчүүд шүүмжилдэг. 2019-2020 онд томууны тархалт улсын хэмжээнд аюултай түвшнийг олон удаа давж, одоо ч улаан шугамнаас доошлоогүй байна. Сүүлийн жилүүдэд лав томууны өвчлөлөөс болж орон нутагт хөл хорио тогтоогоогүй. Өнөө жил 17 аймагт сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгүүдийн үйл ажилагааг зогсоолоо. Нийслэлд ч гэсэн сурагчдын амралтыг сунгасан.


Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь вакцин гэдгийг ДЭМБ зөвлөдөг. Гэхдээ манайд яагаад энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй вэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад “Хүн амын 40 хувийг томууны вакцинд хамруулж байж л үр дүнд хүрнэ. 0.6-хан хувьд дархлаажуулалт хийлээ гээд дэгдэлтийг бууруулах боломжгүй. Амбулаториор үйлчлүүлэгчдийн болон хэвтэн эмчлүүлэгчдийн 80 гаруй хувь нь 0-5 насных. Гэтэл улсын хэмжээнд ийм насны 460 гаруй мянган хүүхэд бий. Тэдний 100-гаад мянгыг нь л дархлаажуулж байгаа. Түүнээс бус, вакцин үр дүнгүйдээ биш юм. Дэлхийн хэмжээнд томууны нэг, хоёрт, гуравт, дөрөвт вакцин гэж бий. Өнгөрсөн онд ДЭМБ-аас манай бүсийн орнуудад томууны гурван төрлийн үүсгэгч дэгдэх магадлалтай гэсний дагуу вакцинаа захиалсан. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдсан бол зөвхөн вакцины найрлага дахь вирусээс л сэргийлдэг. Уушгины хатгалгаанаас сэргийлэхгүй гэдгийг эцэг, эхчүүд ойлгоосой. Томууны үндэсний төвийн тандалтын судалгаагаар, өдгөө хүн амын дунд В хүрээний викториа хэв шинжийн вирус, найман төрлийн томуу төст өвчин тархаад байна. Томуу төст өвчний вакцин байхгүй. Хүүхдүүд дээрх гуравт вакциныг хийлгэсэн ч өвдөөд байгаа нь энэ төрлийн вирусээр халдварласан байхыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд шинжилгээ хийлгэж, томууны вакцины найрлага дахь үүсгэгчээр өвдсөн үү, эсвэл өөр вирусээр халдварласан уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах хэрэгтэй. Ханиад, томуунаас сэргийлье гэвэл дархлаажуулалтыг улсын хэмжээнд хангалттай хийх, түүнд шаардлагатай төсвийг төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай” гэсэн юм.


2019 онд захиалсан 159 500 хүн/тун вакцин нь А(H1N1), (H3N2), В хүрээний яамагата омгийн үүсгэгч агуулсан гурван цэнт найрлагатай байв. Харамсалтай нь, вакцин тариулсан, тариулаагүй, хүүхдүүд өмнөх жилүүдийнхээс ч олноороо өвчиллөө. Олонх нь уушгины хатгалгаагаар хүндэрсэн. Учир нь манайд дээрх гурван төрлийн вирус энэ жил дэгдээгүй. Өөрөөр хэлбэл, өнөө жил дэгдээд буй, өндөр халуурч, толгой өвдөх, богино хугацаанд уушгины хатгалгаа болгодог В хүрээний викториа омгийнх нь багтаагүй. Томууны дөрвөн цэнт вакцин нь эдгээр вирусийн эсрэг аж. Зорилтот бүлгийн 150 000 буюу 0-5 насны дөрвөн хүүхэд тутмын нэгийг вакцинжуулна гэдэг нь чамлахаар үзүүлэлт биш. Вакцин байгаа оносон бол өвчлөл тодорхой хэмжээнд буурах л байлаа.


Томууны үндэсний төвийн тандалтаас харвал, өдгөө дэгдээд буй ханиад, томууны ихэнх хувийг вирусийн гаралтай нь эзэлжээ. Өнгөрсөн оны сүүлчээр салбарын сайд томууны А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг Осельтамивар эмийг эмнэлгүүдэд хуваарилна гээд л хэвлэлийнхнийг “дуудаад” байсан. Гэтэл энэ нь ч бараг хэрэг болоогүй аж. Урьдчилан сэргийлэх ажлууд нь энэ мэт байгаа онохгүй бол коронавирусийг яах юм бэ. “Дотоод”-ын томуугаасаа хүн амаа сэргийлж дөнгөхгүй байна шүү дээ.


О.Бат-Ундрах



Эх сурвалж: Өнөөдөр сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn