Туул голын уснаас дөрвөн төрлийн нян илэрчээ

Туулын уснаас дээж авч, шинжилгээ хийлгэжээ. Ингэхдээ Баянзүрх, Маршал, Яармаг, Биокомбинат гэсэн дөрвөн цэгийн байршлаас дээж авч, Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн аж. Улмаар Баянзүрхийн гүүр орчимд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт стандартын шалгуураас 2.8 дахин их гэсэн хариу гарчээ. Харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч нь 2.6 дахин их гарсан нь “Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:2024” стандартын шаардлагыг хангахгүй байгааг албаныхан мэдээллээ. Тэгвэл Биокомбинатын гүүр орчмоос гэдэсний бүлгийн болон халуунд тэсвэртэй савханцар, эмгэг төрөгч, псевдомонас аерогиноза зэрэг нян илэрчээ. Харин Маршал, Яармагийн гүүр орчмын шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй гэнэ.