Ч.Отгонбаяр:Бурханд мөргөж болдог шиг шавь нартаа мөргөе

643


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол Улсын Ардын багш хэмээх нэр хүндтэй алдар хүртсэн Дорноговь аймгийн БСУГ-ын дарга, Монгол Улсын гавьяат багш Чойрогийн Отгонбаяртай ярилцлаа.
Амьдралынх нь гэрэлт ирээдүйг зааж чиглүүлж байсан багшийгаа төрийн эрхэм дээд шагнал хүртсэнийг сонсоод үе үеийн шавь нар нь гэгээн тунгалаг баярын үгс, сурагч ахуй насныхаа дурсамж дурдатгалыг хөврүүлж, боловсролын  салбарт дөрөө хангинуулан зүтгэсэн хамтран зүтгэгчид, шавь нар аяных нь замд тосон угтаж баяр хүргэсэн юм.
Мөн аймгийн удирдлагууд ч шинэхэн ардын багшаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ. “Тэр жилийн наадам чихэр инээд хоёртоо бялуурсан наадам…”  хэмээн гэнэн томоогүй балчир үеийн дурсамжаа яруу найргийн гэгэлгэн мөртөөр чимсэн алдарт яруу найрагчийн бүтээл лугаа Отгонбаяр багш шавь нар, эцэг эхчүүд, хамтран зүтгэгчдийнхээ сайшаал магтаал, цэцгийн баглаа,  сэтгэлийн нандин үгсэд ойрын хэдэн өдрүүдэд ёстой л бялуурсан юм.
Эх хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг сургалтын баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлан сонирхолтой хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сургаж ажиллажээ.
Дорноговь аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар 10 гаруй жил ажиллахдаа Сайншанд, Замын-Үүд суманд хүүхдийн хоёр цэцэрлэгийг шинээр бариулж стандарт шаардлага хангасан орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлснээр хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж 98,5 хувьд хүргэсэн зэрэг маш олон ажил, шинэчлэлийг боловсролын салбарт хийсэн гэж төр засаг хөдөлмөрийг нь үнэлжээ.
Отгонбаяр багш монгол хүний эрхэмлэн дээдлэх өв соёл болсон  монгол хэл бичиг,  соёлыг хойч үедээ заан сургаж өвлүүлэн үлдээх их үйлсэд эзэмшсэн мэргэжил, залуу насныхаа эрч хүч, хөдөлмөр бүтээлээ хоёргүй сэтгэлээр зориулан ямагт хүүхдийн төлөө ажиллаж ирснийг эцэг эхчүүд болоод салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг юм.
Түүний шавь нар төр хувийн хэвшил гээд ямар ч байгууллагад, аль ч салбарт ажиллахдаа  бичиг соёлын боловсролтой,  зөв сайхан найруулан бичих чадвартай,  нүүр бардам байж чаддаг нь багшийн шавь нартаа өгсөн үнэт өв болой. Ингээд  түүнтэй ярилцсанаа хүргэе. 

Таны хүүхэд ахуй насны гэгээн дурсамж сонин байх гэж бодлоо. Багш мэргэжлийг өөрөө сонгов уу? эсвэл ээж, аав нөлөөлөв үү?
Аав минь насаараа даргын ажил хийсэн. Монгол бичгээр сайхан бичнэ. Ээж хэсэг хугацаанд багшилсан. 1971 онд Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд нэгдүгээр ангид орлоо.
Нэгээс гуравдугаар анги хүртлээ уншиж, бичихдээ тааруу, тоо ч бодож чаддаггүй байлаа. Хичээлийн дараа бага ангийн багш маань Отгонбаяр үлдээрэй л гэдэгсэн. Уншиж бичих, бодохдоо тааруу хүнд багш нар давтлага өгдөг дөө. Тэгээд л давтлага өгнө.
Ээж нэг өдөр миний хичээлтэй танилцаад тааруу байгааг мэдсэн. Уг нь  намайг уншиж бичиж, бодож чаддаг л гэж бодож явж.Ингээд ээж хүрд цээжлэх арга заалаа.
Хоёр нэгийн хоёр, хоёр хоёрын дөрөв гээд цээжлэх нь хэцүү байвал хоёр нэгийн хоёр гээд, дараа нь хоёрыгоо нэмээд хариуг нь гаргаад бай гэсэн.
Цээжлэх амар байна уу, эсвэл нэмээд хариуг нь гаргах нь дээр үү гэдгийг хэлж өгсөн нь тэр. Хүрд цээжлэх онцлог аргачлал юм уу даа. Үндсэндээ цээжлэх нь амар байсан.
Ээжийн хэлсэн санаа аливаа зүйлийг сурахад арга зүй хэрэгтэй гэдгийг ойлгуулжээ?     
Тиймээ. Ингээд л би хүрдийг маш хурдан цээжилсэн. Болохгүй болохоор ээжийнхээ аргыг хэрэглэнэ. Ээж өдөрт төчнөөн үг бич, найз нартаа зааж өг гэнэ. Айлын амбаарын хананд шохойгоор үг бичээд л найзууддаа хэлж өгдөг, ээлжлэн уншдаг болсон.
Алдаагүй бичсэн хүүхдийг ээж урамшуулдаг  боллоо. Үүнээс улбаалаад л би багш болох юм байна гэдэг бодол толгойд суусан шиг байгаа юм.
Ингээд тавдугаар ангиас сурлага сайжирч  эхэлсэн. Ээж минь  “Миний хүү нэг л өдөр цоорно доо” гээд л хэлдэгсэн.
Хүүхэд байсан болохоор  би юугаа мэдэхэв дээ. Үүнээс хойш би номын сангаас салахаа байж ном их уншдаг болсон.
Тэр үеийн монгол хэлний багш нар хүүхдүүддээ үлгэр  их ярьж өгдөг байлаа. Тухайлбал,Т.Пүрэвчулуун багш, Ч.Оюунгэрэл багш, ахлах ангид ороход Цэвэлмаа гээд олон багш нарын үлгэр дуурайл, хүүхдүүддээ өгсөн тэр их өглөг буяны ачаар л  өдий зэрэгтэй явна.
Г.Цэвэлмаа багш бол манай улсын тэргүүний багш нарын нэг. ЭМГ-ын даргаар олон жил ажилласан Цэдэн-Иш гуайн гэргий билээ. Цэвэлмаа багш хичээлийг маш ойлгомжтой, уран гоё ярина. Зохиолыг ярихдаа сонирхолтой хэсэг дээр нь үлдээчихдэг. Та нар энэ зохиолыг номын санд суугаад гүйцээж уншаарай гэнэ. Багшийнхаа хэлсэн хэсгийг гүйцээж уншихын тулд номын сан руу дэгдчихдэг.
Жишээ нь “Евгений Онегин” гэдэг зохиолыг ярьж байгаад хамгийн эгзэгтэй, сонирхолтой хэсэг дээр нь яриагаа зогсоодог.
Тэр зохиолыг гүйцээж унших гэж номын сан руу яарсаар байгаад л номонд дуртай болох жишээтэй. Ингээд сайн уншигч  болно. Оюун ухаан ч задардаг юм билээ.
        Үе үеийн төгсөлтүүдийг онцолбол:
1990 оны төгсөлт: Аймгийн монгол хэлний олимпиадын аварга анги. Сургуулийн спартикиадын аварга, дөл тоглолтын аварга. Хамгийн олон  хөвгүүдтэй анги. Хөвгүүд нь мандалин тоглодог. Аймгийн волейболын мастерууд төрөн гарсан.  Анги даасан багшийгаа Хойд Солонгос руу явахад нь галт тэрэгний буудал дээр ангиараа үдэж, угтаж галт тэрэг дагаж гүйлдэж байсан гэгээн дурсамжтай.

Багш болоод анхны хичээл зааж байсан дурсамж сонирхолтой байх?

Ардын багш Д.Чойжилсүрэн багшийнхаа шавь болж монгол бичгийг тусгайлан таван жил Их сургуульд үзсэн. Их сургуульд  сонгоны ангитай. Англи, орос, манж хэл үздэг. Би манж хэл үзэж байлаа.

Их сургуулиа төгсөөд уг нь аймгийн төвд ажиллах хүсэлтэй байтал тухайн үеийн томилолт даалгавраар аймгийнхаа Даланжаргалан суманд ажиллахаар хуваарилагдсан.
Намайг багшилж эхлэх тэр жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн долоо, наймдугаар ангид монгол бичгийн хичээл орж эхэлсэн.
Эхний хичээл наймдугаар ангид монгол бичгийн хичээл заах байсан юм. Эхний хичээл маш сонирхолтой байх ёстой гэж бодоод конспект хичээлийн бэлтгэл хангаж шөнийн хоёроос гурван цаг хүртэл сууж байсан санагддаг.
Тухайн үед  өөрийгөө голж л байлаа. Хичээлийн удирдлагын төлөвлөлт, конспект  бичих гэж олон хоногоор суудаг байсан.

Ингээд анхны хичээл дээр Ш.Гаадамба багш маань сууж “Энэ хүүхэд ер нь юу сурсан, ямархуу мэдлэг чадвартай  залуу вэ? Хичээлийг ямар байдлаар заах вэ” гээд их л нухацтай ажиглаж байсан санагддаг.
Урьд өдөр нь Гаадамба багш надаас шалгалт авч боломжийн хүүхэд байна гэсэн үнэлэлт өгсөн юм. Ер нь монгол бичгийн хичээлийг наймдугаар ангийн хүүхдүүд маш их сонирхож хүлээн авсан.
Хүүхдүүдийг уйгагүй уншуулдаг байсан учир Даланжаргалан суманд багшлах хоёр жилийн хугацаанд  тэр үеийн хүүхдүүд анхны монгол бичигтэн болцгоосон.
Даланжаргалан сум бол аймгийн лаборатори сургууль байлаа. Боловсролын Яамны Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс хөдөөгийн хүүхдэд шинэ сурах бичиг хэрхэн тохирч байгааг Даланжаргалан сумын сургуульд туршиж байсан юм.
Туршилт хичээлийг төрийн шагналт Ш.Гаадамба багш болон Д.Баттогтох, Д.Гомбожав нарын  шилдэг багш удирддаг байсан.
Ш.Гаадамба багш тухайн үед Боловсролын Яамны Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд хөдөөгийн суманд томилолтоор ажиллаж байсан юм. Тухайн жилүүдэд би багшлах арга зүйд суралцаж  өөрийн гэсэн арга барилыг олж авч байлаа.
Ингээд удалгүй аймгийн төв рүү шилжсэн үү?
Даланжаргалан суманд хоёр жил ажиллаад 1988 оноос аймгийн төвийн ерөнхий боловсролын II сургуульд багшилж эхэлсэн.
Энэ үеэс эхлэн сургуулийн захирал Ц.Батдорж багш маань намайг зоригжуулж монгол бичгийн сургалттай нэгдүгээр ангийг давхар даах хариуцлага үүрүүлсэн юм.
Тухайн үед хоёр анги дааж ажиллана гэдэг миний санаанд багтаагүй тул  эмээж  “Багшаа би дунд ангид хичээл заадаг,  бага ангийн багш биш шүү дээ”  гэхэд  “Чи залуу хүн суралгүй яахав гэж урам зориг өгсөн. Би Батдорж багшдаа насан туршдаа талархаж явдаг.
Яагаад танд нэгдүгээр анги даалгаж ажиллуулах болсон юм бол?
Тухайн үед бага ангийн багш нарын заах арга зүй, багшлах арга барил нэг л болж өгөхгүй байсан бололтой юм уу гэж боддог. Дээрээс нь залуу хүн намайг сорих шалтгаан байсан байх.
Таныг хүүхэд бүрт тулж ажилладаг. Тэдэнд тохирсон заах арга зүйг хэрэглэдэг гэж шавь нар тань хэлж байхыг сонссон. Тэр тусмаа хүүхдүүдэд  эх хэлний  боловсролыг жигд олгоно гэдэг багшаас арга зүй, хичээл зүтгэл их шаарддаг байх?
1990 онд дөрөвдүгээр анги дааж авсан. Тухайн үед долоон багш дамжсан анги байсан. Сургуулийн захиргаанаас хэцүү анги шүү гэхэд нь “За ажиллана аа” гээд л хүлээж авсан. Цээж бичгийн шалгалт авч үзлээ. Крилл бичгээ дутуу сурсан анги байсан.
Ганц хоёр хүүхдээс бусад нь тааруу л байлаа.  Крилл бичгийг засах арга юу вэ гэж бодоод шууд л монгол бичиг заасан.
Уг нь дөрөвдүгээр ангидаа монгол бичиг үзэх ёсгүй л дээ. Уйгагүй заасан, хүүхдүүдээ  их ч шахсан. Ингээд хүүхдүүд маань монгол бичигтээ жигдхэн болж эхэлсэн. Явц дунд нь кирил бичгийг заахад хүүхдүүд  амархан сурчихсан.
Тавдугаар ангид нь мөн л монгол бичиг заасан. Анги бүлгээр явагддаг улсын олимпиадад хүүхдүүд маань түрүүлсэн. Долоодугаар ангидаа бас түрүүллээ.Би бодохдоо хүүхдүүдийн  сонирхлыг дагуулж сургах нь үр дүнтэй арга байна л гэж бодсон.
Шинээр нэгдүгээр анги дааж авахдаа дөрөв, тав, зургаадугаар ангидаа монгол бичиг үзчихсэн  ах, эгч нарт тус бүрт нь нэг хүүхэд даалгаж уншуулж эхэлсэн. Хүүхдүүд явц дундаа мэдлэгээ бататгасан, нэгдүгээр ангийнхан ч түргэн уншиж сурсан.
Тэр анги маань зургаадугаар ангид орох үед би мөн л нэгдүгээр анги дааж авсан. Ах эгч нар нь  дүү нараа уншуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүүхдийг хүүхдээр нь  уншуулаад сургасан юм. Ингэхээр хоцрогдол гараагүй.
Нэг жишээ хэлэхэд 1992-2002 оны төгсөгч яруу найрагч, сэтгүүлч Э.Эрдэнэдалай хамгийн сайн уншдаг байлаа. Эрдэнэдалайг зургаадугаар  ангийнх нь ах Батбаярт даалгасан. Гэхдээ Эрдэнэдалай бараг Батбаярын оролцоогүйгээр хурдан уншдаг байсан.
Батбаяр яараад Эрдэнэдалайг хурдхан уншуулчихаад явах гэхээр нь дахиад нэг хүүхэд өгчихсөн.Гэтэл Б.Батбаяр Эрдэнэдалайг удаан унш гээд л суулгаж байсан тухай шавь нар маань дурсан ярьдаг.
Шавь нар маань  хоорондоо уулзахаараа би тэрнийг, энийг  уншуулж байсан гээд л ам уралдан ярих дуртай.
1997 оны төгсөлт: Дөрөвдүгээр ангиас нь хүлээн авсан. Монгол хэлний улсын олимпиадын хоёр удаагийн аварга анги. Монгол хэл бичгийн дэд байрын шагналтай. Хөвгүүд цөөхөн. Долоон хөвгүүн төгсөж байсан.

Багшийн хүүхдүүдээ сургах нэгэн өвөрмөц арга зүй байх нь?

Өмнө нь би дурдсан. Манай багш нар заах арга зүйг сайтар эзэмшсэн мундаг багш нар байсан гэж. Угтаа тухайн хичээлийн сэдвээр дамжуулж хүүхдийн сурах сонирхлыг татаж байдаг.
Хамгийн гол нь хүүхдийг яаж хичээлд дуртай болгох вэ? тэр хүүхдийн  сурах онцлог нь юу гэдгийг л багш хүн сайтар мэдэрч байсан юм билээ.
Ерээд оноос хоёр мянгаад оны төгсөлтийн хүүхдүүд мэднэ дээ. Би монгол хэлний хичээл заахдаа багшийнхаа туршлагын дагуу эгзэгтэй, сонирхолтой үе дээр нь орхичихдог. Хэдэн хүүхдүүд уншиж байна, хэд нь уншихгүй байгааг анзаарна.
Тухайн хичээлийг сонирхсон хүүхдүүд маш хурдан уншаад судалчихдаг.Уншаагүй хүүхдүүдэд дахиад яриад өгнө. Өнөөх хүүхдүүд мөн адил үзэж судлахыг хичээдэг. Хүүхдүүдийн сонирхлыг дагуулаад хичээл заагаад байтал нэг л өдөр хүүхдүүдийн унших, судлах сонирхол  нэмэгдсэн, хичээл сурлага сайжирсан.
Хичээл заасан бүх ангидаа заах аргаа ашигладаг байсан.
Арван жилийн турш нэг ангийн хүүхдүүдийг дааж ажиллана гэдэг тухайн хүүхдүүдийг маш сайн мэддэг болох байх? Хүүхдүүдийн онцлогт тохируулаад хичээлээ заахаар тэдний сурлагын амжилтад эерэгээр нөлөөлдөг болов уу гэж бодлоо?
Ах дүүс шиг болчихдог. Эцэг эхтэй нь ч мөн адил маш ойрхон болно.
Багш нарын гол зорилго хичээлээ сонирхолтой хэлбэрээр заах. Би нэг үе гэртээ очдоггүй байлаа. Өглөө дунд ангидаа хичээл орчихоод, үдээс хойш  бага ангитайгаа ажилладаг.
Орой таван цагаас хойш сонгоны хүүхдүүдээ давтуулдаг. Гурван мичид гудайж байхад ажил дээрээ байдаг гээд л нэг шавь маань бичиж л байсан. Би хичээлийн сургалтын материал, үзүүлэнгээ яаж хийх арга барилыг нь хэлж өгөөд хүүхдүүдээрээ хийлгэчихдэг.
Тэднийг л юм хийж сургасан хэрэг. 1997 онд төгссөн Б.Батбаяр шавь маань бараг миний зураач шиг л байлаа. Түвшинцэнгэл, дараа нь Мягмаржав уламжлаад л явдаг.  Хүүхдүүд маань хийсэн зүйлээрээ одоог хүртэл бахархдаг.
Шавь нартайгаа уулзахаар “Та нарын минь хийж өгсөн ийм үзүүлэн, тийм сургалтын материал” гэхлээр маш их урамшиж өөрсдөөрөө бахархдаг.
Шавь нар нь таныг тийм ч зөөлөн багш гэж хэлдэггүй юм билээ. Хатуу үедээ хатуу ханддаг гэж. Багшийн зарчим байдаг?
Аливаад үнэнч байх. Хэлсэн бол хийдэг байх. Сургуулиас өөрт хэрэгтэй юм аа авч чаддаг байх, худал ярьдаггүй байхыг шавь нартаа үргэлж хэлдэг. Багшийн хэлснийг биелүүлэхгүй, дэггүйтээд байвал хичээлд оруулахгүй хашраах явдал бий.
Хашрааж байгаа нь гээд хэтрүүлэхгүй. Донжийг нь тааруулна. Хүлээж авах хүүхэд бий, гомдоод явчих хүүхэд ч бий. Арван жил дааж ажиллахад хүүхэд хэн бэ гэдгийг мэддэг болно. Хичээл хийх даалгавар хийх, шүлэг зохиол уншуулах тал дээр шахна аа.
Сайн ч шахна. Шахаж шахаж байгаад л дүн дээрээ харам биш ээ. Далайлт хатуу мэт боловч буулт зөөлхөн. Би хүүхдэд есөөр төгсгөсөн үнэлгээ өгөх дургүй. 59, 69.. гээд. Би ийм тоог заавал давуулж өгдөг. Багш минь 69 тавьж байхаар ганц тоо нэмээд 70  гэсэн үнэлгээ өгчихөж болоогүй юм байх даа гэж харамсана.
Би үнэлгээ тавихдаа хүүхдэд бодит үнэнийг хэлээд л дүнг нь гаргадаг. Ганцхан тооны зөрүүтэй үнэлгээ тэр хүүхдийн сэтгэл, цаашдын сурах явцад нь нөлөөлдөг.
Багш нар даасан ангиа өмөөрөх нь бий. Та ч бас тийм байх?
Ангийнхаа хүүхдүүдийг бусад багш нараас өмөөрнө өө. Та нар ажилтай гээд хүүхдүүдээ хаяж явчихаад дараа нь хүүхдүүдээсээ сурлагын чанар шаардаад байдаг нь үнэнд нийцэхгүй гэж эцэг эхэд хэлэх энүүхэнд.
2002 оны төгсөлт: Анхны монгол бичгийн сургалттай нэгдүгээр анги хүлээн авч аравдугаар анги төгсгөсөн. Гуравдугаар ангидаа улсын олимпиадад  түрүүлсэн анги.. Яруу найрагч, соёлын салбарын зүтгэлтнүүд хийгээд олон багш төрөн гарсан.
Та хошин шогийн мэдрэмжтэй,  бас хүнийг явуулдаг, ёжилдог?
Явуулна аа. Би хошин шогийн мэдрэмжтэй. Хэн нэгний үгийн хариуг нь барина. Гэлээ гэхдээ энэ нь үнэн байдаг.
Хичээлийн бус цагаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй байж онигоо ярина, амьдралаа ярилцана, ёжилно, хэн нэгнийг явуулна. хошин шогч байдлаар ярилцана.
Тэгсэн хэдий  ч шавь нар маань надаас айдаг. Миний хажууд тамхи татдаггүй. Үнэнээ хэлбэл би буулт зөөлөн хүн. Худал яриад байвал л үнэнийг нь олох гээд зүтгээд байдаг. Худал ярьсан хүнд дургүй.
Шавь нарын дунд бяцхан өрсөлдөөн ч байдаг.Та аль ангидаа илүү сайн бэ гэх зэргээр танаас асуудаг байж болох юм. Та ер нь юу гэж хариулдаг вэ?
Бүх шавь нартаа  хайртай. Би тэгж ялгаж харьцахгүй гэж хэлдэг. Энэ тал дээр би төвийг сахигч. Та нар бол эх хэлний тусгаар тогтнолыг сахин хамгаалагч, бичиг соёлоо хамгаалагч, цогтой тэмцэгч гэж шавь нараа магтдаг. Үнэн юм чинь.
Зарим хүүхэд амжилт үзүүлээд тайвширчихдаг. Бүр хичээлээ хийхээ байчихдаг тал бий. Зарим хүүхдийг урамшуулаад өгвөл явчихдаг. Тэр бүрт таарсан түлхүүр хэрэглэнэ биз?
Энэ хүүхдийг урамшуулбал цаашаа явна. Энэ хүүхдэд хатуухан хандвал түлхүүр нь таарна гээд багш хүн бодож суудаг. Би 1999 оны төгсөгч. Ч.Ренчинбямбадаа хатуу хандсан юм болов уу гэж боддог.
Монгол хэлний улсын олимпиад Булган аймагт болоход шавь маань хараахан медальт байрт шалгараагүй ч амжилт гаргасан.
Ренчинбямба олимпиадад оролцож ирээд “За багш маань намайг онц гаргана даа” гэж бодсон шиг бололтой,  хичээл хийхээ байчихсан.
Тэгэхээр нь би сайн дүн тавьчихсан. Саяхан над руу ярьж багшдаа баяр хүргэхдээ “Та надад сайн дүн тавьсанаа санадаг уу?” гэж асууж байна лээ.
“Тухайн үед олон хүүхдийн дүн гаргаад, яалаа даа багш нь сайн санахгүй байна” гэхэд “Багшийн үнэлгээ миний онгироо занг дарж надад нөлөө үзүүлсэн. Багш маань илүү их юм хийлгэх гэснийг хожим  ойлгосон гэж хэлсэн.
Ганцхан монгол хэлний хичээлд л сайн гарсан гээд жаахан гоморхонгуй байсан л даа. Гэхдээ Ренчинбямба маань элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноог авч байсан юм.
2020 оны төгсөгч манай Г.Гангаа монгол бичгээр эвлэгхэн бичдэг.Нэг удаа монгол хэлний олимпиадын үеэр сайхан бичигтэн тэмцээн зохион байгуулж Гангааг шалгарууллаа.
Багш намайг онгироогоод хичээж зүтгэх урам хайрласан шүү. Би тэр тэмцээнд яав ч түрүүлэхгүй гэдгээ мэдэж байсан гээд л Гангаа ярьдаг.
Хүүхдүүдийг урамшуулах нь чухал. Гэхдээ урамшуулж байна гээд циркийн амьтан шиг хандаж болохгүй. Аргыг нь олно.
Эрдэнэдалайгийн шүлэг яруу найргийн заримыг нь би ойлгодоггүй. Чи ямар айхтар гүнзгий философи шингээж бичдэг юм бэ гэхэд  инээж л байдаг.
Би Г.Мягмаржавыгаа  аравдугаар анги төгсөхөд нь зохион бичлэг бичсэн сэдвээр нь ном гаргаж багш, шавь нартаа хэрэглэгдэхүүн болгон гурван төгрөгөөр зарж өөрт нь 90 гаруй мянган төгрөг өгч байсан.
Ер гаруй мянган  төгрөг өвөртөлж оюутан болсон гээд Мягмаржав маань эл дурсамжаа одоог хүртэл ярьдаг.
Намайг өвдөхөд Мягмаржав маань “Багшаа та надад ингэж тусалж байсан” гээд гурван сая төгрөг өгсөн. “Үгүй ээ, яахнав” гээд хэлэхэд шавь маань “Би хувийн компанид ажиллаж байгаа танд өгөлгүй  яахав гэсэн.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин маань миний шавь. Сайншандын хоёрдугаар сургууль анхны бүрэн дунд сургууль болсоны анхны төгсөгч.
Би хоёр жил анги даасан багш нь байлаа. Тэдний анги хамт олонч. Нэгэндээ тусалдаг, дэмждэг. Ялангуяа амьдралын боломж тааруу нэгнээ битгий дорд үзээрэй.Тусалж дэмжиж байгаарай гэж би бүх шавь нартаа захьдаг. Миний төгсгөсөн бүх анги эвсэг, хамт олонч.
Хэрэв ээ манай ангийнхан цуглаад уулзахаар болбол мөнгө төгрөгийн боломж тааруу нэгнээ шууд аваад явж байгаарай гэж  хэлдэг. Шавь нар маань ч биелүүлдэг. Боломжгүй нэгнээ гэрийнх нь гадаа хүрч ирээд шууд л аваад явдаг.
2007 оны төгсөлт: Хамгийн отгон анги. Нэгдүгээр ангиас нь даан авч аравдугаар анги төгсгөсөн. Зургаадугаар ангидаа улсын олимпиадад хоёрдугаар байрт шалгарсан.
Таны  ачаар би ингэж өөрчлөгдсөн, таны хэлсэн тэр л үг өөртөө итгэх итгэлийг бий болгосон гэх шавь нарын сэтгэлийн үгс хөвөрч байхыг харж байлаа. Цэргийн албаны офицер, хурандаа Х.Энхтайван багшийнхаа тухай дурсамж бичсэнийг та уншсан байх.Түүн шиг таны ангид төгсөөгүй ч хичээл заалгаж байсан маш олон сурагч дурсамж хөглөж байгаа нь мэдээж юм?
Миний ангид сурч төгсөөгүй ч хичээл заалгаж явсан олон шавь бий. Анги даасан хүүхдүүдээ илүү сургах, бусад хүүхдүүдэд бага сургах гэсэн зүйл багш хүнд байхгүй.
Бүх хүүхдүүдэд ижил тэгш хандана.  Багш хүн хүүхдийн сурах арга барилд нөлөөлдөг байх хэрэгтэй.
Хожим тэр хүүхэд миний заасан хичээлээс юу олж авах вэ гэдгийг багш сайтар бодож байх ёстой. Би томоохон зохиолуудыг хүүхдүүдээр цээжлүүлдэг. Ч.Лхамсүрэн зохиолчийн “Хүрэн морь” найраглалыг
“Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн үүлсийн
Сугыг нэвт шагайж…” гэхээс эхлээд дуустал нь бүх хүүхдээр цээжлүүлнэ. “Хүрэн морь” найраглал ямар хэмжээний том зохиол билээ.
Тэгээд гар тэмдэглэл хөтөлнө. Цээжилсэн хүүхдүүд миний гарын үсгийг зуруулж авдаг.
Гарын үсгийг зуруулах гээд хүүхдүүд цээжилнэ дээ. Манай Энхтайван Монголын нууц товчоо хөлгөн судрын 12 бүлгийн зургааг нь цээжилсэн. Би эхний таван бүлгийг л цээжлүүлдэг байсан. Энхтайваныг дүрсгүйтээд байхаар нь  хашраах санаатай хичээлд оруулахгүй хэд хонохгүй юу.
Гэтэл Энхтайван “Нууц товчоо”-г цээжилчихсэн гэж онгирох аятай байна. “За чи цээжилсэн юм бол хичээлд ирээд ярь” гэтэл зургаан бүлгийг яриад дуусахаа байхаар нь суу гэж хэлсэн.
Багшийгаа залхаасан гээд өөрөө дурсамж бичсэн харагдана лээ. Энэ бол хүүхдүүдэд сурах, сэтгэх тэр хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлсэн л хэрэг.
Жишээ нь Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн гуайн үргэлжилсэн үгийн зохиолыг цээжлүүлнэ.Анагаахын сургуулийг төгсөөд хожим “Ионсей” эмнэлэгт ажиллаж байгаа  Баттулга “Багшаа би эмч болно шүү дээ, ийм их юм цээжлэх хэрэг байна уу гэж асууж байсан. Хожим надад “Багшаа таны зохиол цээжлүүлдэг байсан арга барил маш чухал байна.
Би ойлгохгүй хичээлээ шууд цээжлээд л онц авдаг байлаа. Цээжлэх нь маш чухал юм. Тухайн үед багшдаа тэгж хэлж байсанд уучлаарай” гэж хэлсэн. “Бусад багш нар цээжлүүлэхгүй байхад Та л биднээр цээжлүүлээд байхын” гээд л хэлдэг. Би  хариуд нь цээжлүүлэх  л болно гэдэг.
Улсын багш нарын олимпиадад хоёр удаа түрүүлж, таван удаа дэд байрт шалгарсан
Манай шавь Баасанбат тавдугаар ангидаа дээд ангиас орж ирсэн. Энэ хүүхэд крилл бичгээс уйдсан байж таарна гээд л шууд монгол бичиг заасан. Баасанбат маань маш сайн сурсан.
Ерээд оны үед зарим хүүхдүүд амьдралын эрхээр хөдөө мал дээр гарах үе таарч “Багшаа би долоодугаар анги төгсөөд мал дээр гарлаа” гэхэд нь “Чи заавал наймдугаар ангиа төгсөх хэрэгтэй гэж хэлэхэд ”Багшаа амьдралын эрхээр гарахгүй бол болохгүй гэсэн.
Тэгэхээр нь“Сайн малчин болоорой, багшдаа нэг хонь өгөөрэй гээд л тоглоом шоглоом болгож хэлж байлаа.
Хоёр жилийн өмнө надтай ирж уулзаад “Багшаа таны ачаар би малчид дундаа монгол бичгээр манлайлж явна.
Намайг мянгат малчин болоорой гэж та ерөөж байсан. Одоо малын тоо найман зуу гарлаа. Багшдаа нэг хонь өгч байна” гээд явсан.
Би ч тухайн үед хонь өгөөрэй гэж хэлснээ мартаж. Тэгэхээр хүүхэд багшийн хэлснийг санаад  л явдаг юм байна. Хүүхдийн сурах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх нь чухал гэдэг нь үүнээс харагдсан.
Хөвгүүдэд Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Гэргий минь” гэдэг шүлгийг цээжлүүлдэг байлаа. Хүний амьдрал тааварлашгүй. Хань ижил, гэр бүлтэй болно.
Та нар нэг шүлэгтэй бол. Ханьдаа уншиж өг гэж хэлдэг. Зарим шавь нар минь  жаахан халахаараа “Багшийн минь цээжлүүлсэн шүлэг” гээд уншдаг.
Зарим хүүхэд бүгдийг нь цээжлэхгүй. Гэхдээ цээжилсэн шүлэг зохиол бүрээс нэг юм олж ав гэдэг. Бүгдийг цээжилж болно оо. Гэхдээ өөртөө юм олж ав гэж хэлдэг.
Хүний амьдрал баян. Та шавьдаа эрдэм ном заагаад явж байсан бол шавийнхаа удирдлагын багт орж ажиллах үе тохиолоо? Шавьтайгаа ажиллах ямар байдаг вэ?  
Аймгийн олимпиадад шавь нараа бэлтгэж 17 удаа түрүүлсэн
Шавьтайгаа гар нийлж амжилттай ажиллаж байна. Амьдрал баян гэж би түрүүнд  хэлсэн. Дарга болчихоод багшийгаа ажлаас нь халсан тохиолдол  байна аа. Багш нь гомдоод л. Та шавийгаа яаж хүмүүжүүлсэн байна, тийм л юм болжээ гэж.
Гэтэл миний шавь багшдаа хэзээ ч ийм хандлага гаргаж байгаагүй. Харин  хийхээр төлөвлөсөн, хамтарч хийх бүх л ажлыг дэмжиж ажилласан юм.
Танай ангийн нэг төгсөгч “Бид 68-уулаа төгсөхөд нэг л хүүхэд монгол хэлний шалгалтаа сайн дүнтэй төгссөн гэж дурдсан байна лээ?
2002 онд төгссөн ангийнхан маань мэргэжлийн хяналтын шалгалтаар 100 хувийн чанар үзүүлсэн байдаг. Нэг шавь минь сайн дүн авчихаад  харамсаж л байсан.
Миний охины дүн  яав ч муу дүн биш ээ, зүгээр л  гэж би хэлдэг. Олимпиадад нэг шавь маань  тааруу оноо авчихаад  “Би иймхэн юм алдаж байхдаа яахав дээ” гээд цонхны хажууд зогсож байсан гээд л ярьдаг.
Олон хүүхэдтэй ажиллаж байхад гэнэтийн атал хөгжилтэй үйл явдлууд бишгүй л тохиолддог. 1992-2002 оны төгсөлтийн үед багшийг танхимд орж ирэх үеэр нэг охин яарч сандраад толгой дээрээ цаас тавьчихсан сууж байсан гэх дурсамж шавь нар тань ярьдаг юм билээ. Уг нь охидууд тууз зүүдэг байсан даа. Та хөгжилтэй дурсамжаасаа хуваалцах уу?
Багш шавийн уулзалт, төгсөлтийн ойн үйл ажиллагааны үеэр биднийг байнга баясгаж байгаа дурсамж л даа. Бараа материалаар бол “брэнд” шахуу юм.
Хөвгүүд ингэж хувцаслах, охид ингэж хичээлдээ ирэх гэдэг нь тухайн цаг үеийнхээ зарчим байсан юм уу даа. Охидууд гэзгэндээ тууз зүүж, дүрэмт хувцасаа өмсөж хичээлдээ ирэх учиртай. Ерээд он гарчихсан үед тууз зүүх нь хүүхдүүдэд төдийлэн сонин биш болж байсан шиг байгаа юм.
Хичээлийн эрхлэгч бидний даасан ангийг дүгнэхдээ ангийн зохион байгуулалт, охид хөвгүүдийн хувцаслалтыг давхар харж нэг үзүүлэлт болгоно.
Нэг өдөр хүүхдүүд “Багш ирж байна” гээд л сандран ангидаа суудлаа эзэлцгээлээ. Охидууд гэзгэндээ туузаа зүүж эхэллээ.
Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгээр Дорноговь аймаг эхний байруудад шалгардаг болсон.
З.Тамжид маань хамгийн арын суудалд толгой дээрээ цаас тавьчихсан суугаад л байж. Одоог хүртэл бид уулзах болгондоо энэ хөгжилтэй дурсамжаа ярьж инээлдэнэ.
Таны  нэг шавь “Төгсөлтийн ойн үеэр уулзахдаа Багшаа та ийм одон авна би ч ийм одон авна гээд л яриад суусан гэдэг. Монгол хүн амны  билгээс ашдын билиг гэж билигшээдэг?
1997 оны төгсөлтийн ойгоор Ш.Нямдорж маань “Багшдаа хөдөлмөрийн баатар алтан таван хошуу, Сүхбаатарын одон гардуулна, надад Сүхбаатарын одон байхад л хангалттай гээд л томорч байсан.
Манай Энхтүвшин багшийгаа ардын багш болгоно гээд л үе үе  ярихад нь “Яахнав дээ, багш нь зүгээр, Ардын багш гэдэг дарга байдаггүй юм” гээд л хэлдэг байсан.
Би шавь нартайгаа уулзаад хэлсэн “Та нар л Ардын багш” гэж дуулсаар байгаад л багш нь ардын багш боллоо. Одоо яаж дааж явна даа гэж бодож явна гэсэн.
Сайншанд сумын ерөнхий  боловсролын хоёрдугаар сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож  байна. Ойн хүрээнд “Дуугаар дурсамжаа хөглөе” гэдэг уралдаант арга хэмжээг багш, төгсөгчдийн дунд зохион байгууллаа. Сургуулийн хувьд  том сурталчилгаа болсон байх. Үе үеийн төгсөгчдийн дурсамж сэргэсэн, өрсөлдөөн ихтэй үйл явдал өрнөх шиг боллоо. Та ч бас төгсөлт бүрийнхээ видеонд дүр бүтээгээд явах шиг болсон?  
Хоёрдугаар сургуульдаа би 23 жил ажилласан. Миний өсч дэвжсэн сургууль юм даа.
1990 оны төгсөлтийнхний үйл ажиллагаанд би оролцоогүй. Хөтөлбөрийг нь сайн ойлгоогүй. 1997 оны төгсөлтөд оролцсон.
Хоёр дуучин, хоёр бүжигчин оролцож гуравдугаар байрт шалгарсан. 2002, 2007 оны төгсөлтийнхөн олуулаа бөгөөд сүүлийн үеийн залуус учраас идэвхтэй оролцох шиг боллоо.
Энэ үеийн төгсөлтийнхөн “Багшаа бид хийдэг клип дуугаа хийчихлээ. Дэмжүүлэх нь таны асуудал шүү” гэсэн. Бүх сургууль цэцэрлэгийн нөхдөдөө хэлж лайк, сэтгэгдэл бичүүллээ. Тэгээд 2002 оны төгсөгчид түрүүлсэн.
Та өөрийн эрх мэдлийн хүрээнд нэлээн лобби хэрэглэх шиг санагдсан? Төгсөлтийнхөн ч сэргэлэн авхаалжтай ажиллаж багшийгаа эгзэгтэй үед нь сайтар ашиглах шиг боллоо?
Төгсөлтийнхөн маш идэвхтэй оролцсон. Өрсөлдөөн ихсэж ширүүсэх янзтай болохоор нь бүх аймгийн боловсролын газрууд руу ярьж сургууль цэцэрлэгийнхээ хүмүүсээр дэмжүүлж өгөөрэй гэсэн. Дэмжсэн байна лээ.
2002 оны төгсөлт монгол бичгээр  өөрсдийгөө илэрхийлсэн. 1997 оны Батбаярын төгссөн анги ч монгол бичгээр бичсэн. Миний сүүлийн анги 2007 оны залуус бол цаг үеэ дагаад үглэдэг хамтлагтай. Өөрсдийн онцлогоо ч тодорхой гаргасан.
1990 оныхон  “Багш биднийг юм хийлгээд суулгадаг байснаас урлаг спортын хувьд муу хөгжүүлжээ” гээд гомдонгүй байсан. “За яасан” гээд асуухаар “Бидэнд үсрээд л Учиртай гурван толгой, эсвэл монгол ардын дуу зааж өгөөд л”гэсэн.
1997 оны төгсөлт “Ишиг” гэдэг бүжгийг гурван жил бүжиглүүлсэн гээд л. Гэтэл сүүлийн үеийн дүү нар тэсэрч байна шүү дээ” гээд л  ярьсан. Хариуд нь би “Энэ цаг үеийн асуудал. Та нарын үед үглэх гэдэг байгаагүй” гээд л хэлдэг.

Та өөрийнхөө ажиллаж байсан Сайншанд хотын  ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг маш товчхон тодорхойлбол?

Говь нутгийн хүүхэд багачуудад эрдэм боловсрол олгох үйлсэд маш том хувь нэмэр оруулсан сургууль. Аймагтаа лаборатори сургууль болсон.
Энэ амжилт, нэр хүндээ ажил үйлс, амжилт бүтээлээрээ байнга баталж, өргөж яваа хамт олон. Багш нарын чадвар сайтай.
Сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Батдорж багш маань хүн чанартай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байлаа.
Монгол  бичгийн хичээлд  анхаарал тавьж  намайг багш болоход маш их нөлөөлсөн. Батдорж  багш сургуулийн суурийг тавихад ч нөлөө үзүүлсэн. Бага ангийн багш нарыг тааруу бэлдсэн байна гэдгийг ойлгоод намайг нэгдүгээр анги даалгасан.
Ийм шинэчлэл хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг  олж харсан байдаг. Хүнийг маш сайн урамшуулдаг. 1989 онд Дэлхийн залуучууд оюутны их наадам Хойд Солонгост болоход боловсролын салбарынхныг заавал оролцуулна гээд намайг дөрвөн хүний нэгт нь багтаж оролцуулж байлаа.
1991 онд шиг санагдаж байна. Нэг өглөө ажилдаа иртэл дагуулж яваад л шагнаж урамшуулсан. Анги улирсан хүүхдүүдийг /Тухайн үед ингэж ярьдаг байсан даа. / нэг анги болгож Цэндээ багшид хариуцуулж, хоёр жилийн дараа шалгалт авахад бүгдээрээ онц сайн дүн авч байлаа.
Ийм л сайн сургууль. Аймгийнхаа сурлага, спортоор олон амжилт үзүүлж заах арга зүйгээр маш их туршлага хуримтлуулсан.
Гадаад хэл, түүх, газар зүй, монгол хэл гээд маш олон олимпиадын аварга болж байлаа. Хүүхдийн төлөө явсан үйлсээрээ хоёрдугаар сургууль бусад сургуулиас ялгардаг.
Тийм ч учраас лаборатори сургууль болоход багш нарын ур чадвар, багшлах боловсон хүчний нөөц, туршлагаараа тэнцэж байлаа.  Багш нараа хүүхдийн төлөө сэтгэлтэй болгосон нь Батдорж захирлын гавьяа юм.
Зах зээл эхэлснээс хойш багш нарын хангамж муудаж, цалин хүрэлцээгүй болсон зэрэг олон хүчин зүйлсээс улбаалж хүүхдийн төлөө явдаг сайн багш ховордсон. Магадгүй боловсролын салбарыг арилжааны хэрэгсэл болгосон гээд олон сөрөг хүчин зүйлсүүд нөлөөлсөн байх. Сайн багшийг хэрхэн бэлтгэх вэ?
Зах зээлийн үед олон багш  ажлаасаа гарч, зарим нь буцаж ирлээ. Багш нарын үнэлэмжийг сайжруулахын төлөө л анхаарах ёстой. Аймгийн БСУГ-ыг удирдаж байгаа хүний хувьд өнгөрсөн хугацаанд Нутгийн зөвлөлтэйгөө хамтраад “Алтан зул” наадам зохион байгуулж гурван багшид байр олголоо.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан хүүхэд болон бэлтгэсэн багшийг урамшуулдаг боллоо.Боловсролын чиглэлээр олон  дэд хөтөлбөрийг орон нутгаас баталж хэрэгжүүлж байна. Сүүлийн үед баригдсан орон сууцанд багш нарыг түлхүү оруулах бодлого баримталдаг болов.
Цалин хөлс бол үе шаттай сайжирч байна. Энэ жилээс эхлэн нэгдүгээр сургуульд багш сонгоны анги нээхээр төлөвлөж байна.
Сумдаас судалгаа авахад 30 гаруй хүүхэд багш болохоор зорьж байгаа. Орон нутгийн багшийг орон нутагт бэлтгэх нь хамгийн сайн арга. Тиймээс сумын Засаг дарга нар ч анхаарах ёстой гэж хэлээд байгаа юм.
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш  нар таван жил тутамд  зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авч байна. Үүнийг гурван жил тутамд олгодог болооч гэсэн саналыг  салбарын яаманд гаргасан.
Тэдний үнэлэмжийг сайжруулахын нөгөө талд багш нар сэтгэл, зүрхээ хүүхдийн төлөө зориулдаг байхыг байнга сануулдаг.
Бидний үед багш болоход босго өндөр байсан бол одоо 800 онооны хамгийн доод оноог авсан хүүхэд багш болж байна.
Хэний өмнө гарч, юу ярих вэ гэдгээ сайн бодох ёстой. Одоогийн багш нар төлөвлөлт хийхгүй байна.
Бүх зүйлийг бэлтгээд өгчихлөөр багш нар өөрийгөө дайчилж санаачилга гарган ажиллахгүй байгаа юм. Дорноговийн боловсрол онцлогтой байх ёстой.
2015 онд “Бага боловсролын цөм” хөтөлбөрийг орон нутгийн онцлогтой тохируулж зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Жишээ нь Хөвсгөл сумынхан тэмээний соёлын талаар хичээлээ зохион байгуулахад хүүхдүүдэд маш сайн хүрсэн.
Говь нутагт багш, инженер, эмчийн эрэлт хэрэгцээ их.Тиймээс бидний зорилго говь нутагтаа хэрэгтэй мэргэжилтнүүдийг зориудаар бэлтгэхэд анхаарах ёстой.
Хүүхдийг нэгдүгээр ангиас нь эхэлж бэлтгэх хэрэгтэй. Тэрнээс биш зөвхөн ахлах ангид ороход нь балбаад байж болохгүй.
Таны бодлоор нэгдүгээр ангиас нь нэг багш даагаад 12 дугаар анги төгсгөсөн нь дээр үү? Эсвэл бага дунд ангид өөр багш  дааж ажиллах нь зөв үү?
Эцэг эхчүүдийн саналыг сонсохоор миний хоёр удаа нэгээс аравдугаар анги төгсгөсөн туршлагыг сайшаадаг л юм. Гэвч боловсролын салбарын систем бага, дунд, ахлах ангийн гээд үе шаттай.
Говьсүмбэр аймгийн гавьяат багш Н.Түмэн-Өлзий  нэгээс нь аравдугаар анги төгсгөснийг мэднэ.
Бусад аймагт ингэж ажилласан багш олон байгаа байх аа. Гэхдээ  яг над шиг  дараалан хоёр аравдугаар анги төгсгөсөн багш цөөхөн болов уу. Боловсролын салбарыг сайжруулахад эцэг эхчүүдийн оролцоо чухал юм даа.
Бидний яриа өндөрлөх дөхөж байна.  Шавь нартаа хандаж та сэтгэлийн үгээ илгээх үү?
Намайг үргэлж баярлуулдаг шавь нартаа хайртай.Тэдэндээ үргэлж ажилсаг,уйгагүй, аливаад нягт нямбай хандаж  байхыг сануулдаг.
Ээж минь намайг багш болгох дургүй байсан. Аравдугаар анги төгсөх жил  миний хүү цэргийн дарга бол гэсэн.
Гэвч би  багш болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд багш болсон. Ээжийн шахалтаар цэргийн дарга  болсон бол өдийд тэтгэвэртэй гарсан хүн сууж байх болов уу. Гэтэл өнөөдөр би хүүхдийн буяныг эдлээд ажиллаад л сууж байна.
Тиймээс би шавь нартаа өөрсдийнхөө хүүхдүүдийн хүсэл мөрөөдөлд нь битгий хориг саад тавиарай. Тэр хүүхэд юу хүсч байна тэр мэргэжлийг нь дагуул.Тэрнээс биш энэ ч гоё, тэр ч гоё гээд хүүхдийн хүсэл сонирхлоос тэс өөр зүйлийг шахвал хүүхэд явахгүй.
Би эхээс есүүлээ. Тиймээс хэн сайн явж байна тэр хүн бусдадаа тусалж байх хэрэгтэй гэж боддог. Бусдад тусалдаг өгөөмөр сэтгэлтэй бай.
Энэрэл хайраа илэн далангүй өгч бай. Эрдэм мэдлэгээ харамгүй өгч бай. Эд баялгаас илүү эрдэм мэдлэг ямагт чухал байдаг юм шүү.  Бүх шавь нартаа  сайн сайхан бүхнийг хүсье. Бурханд мөргөж болдог шиг шавь нартаа мөргөе.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn