ДОРНОГОВЬ:Д.Эрдэнэбаяр: Бид зардал хэмнэж, технологийн шинэчлэл хийж үр ашигтай ажиллах шаардлага тулгарч байна

367
Дорноговь аймгийн аж ахуй нэгж, байгууллага,  айл өрхүүдийг цэвэр ус, дулаанаар хангах, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлдэг"Чандмань-Илч" ОНӨХХК-ийн захиралД.Эрдэнэбаяртай уулзаж компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн талаар ярилцлаа.
Тэрээр санхүү, эдийн засагч-математикч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ УБТЗ-д 13 жил, 2016-2020 онд Сайншанд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Төр болон хувийн хэвшилд ажилласан туршлагатай. Дорноговь аймгийн хөгжлийг бүтээлцэж байгаа нэгэн хэсэг нь болж чадсан хамт олноороо бахархдаг юм билээ.

“Чандмань-Илч” гэдэг том айлыг удирдахаар томилогдож  анх ажлаа хүлээн авч байсан Анхны сэтгэгдэл юу байсан бэ?
“Чандмань-Илч” бол Дорноговь аймгийн гал голомтыг бадрааж, “Дулаан явбал мянган лан” гэдэгтэй адил айл өрх бүрт халуун дулаан аз жаргалыг түгээж байдагхамгийн том аж ахуйн байгууллага  юм. Энэ хөдөлмөрийн хамт олны дунд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Хамтран ажилладаг байгууллага, иргэн бүр “Чандмань-Илч”-ийн хамт олныг хүндэтгэж, энэ нөр их хөдөлмөрийг нь үнэлдэг, хайрладаг байгаасай гэж бодож ажлаа эхэлсэн. 
Таныг ажил хүлээн авахад улс орон даяар “Ковид-19” цар тахал тархаж хорио цээр тогтоосон хүндхэн үе байлаа. Хамгийн анхны шийдвэрийг хэрхэн гаргаж байв?
Цар тахлаас сэргийлж хорио цээр тогтоосон, хүн болгон зай барьсан, амны хаалт зүүсэн,  байгууллага бүр гаднаас хүн оруулахаа больсон тийм л үе байлаа. Нэг талд цар тахалтай нөгөө талд ажил явуулах шаардлагатай байдаг. Хүндхэн байсан шүү.
Гэхдээ эхний шийдвэр маань  цар тахалтай үед бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дулааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан юм. Он дуусч байсан үе  л дээ. Мэдээж шийдвэрээ аймаг орны удирдлагуудтай зөвшилцөж, санал бодлоо солилцож гаргана. Ийм шийдвэр гаргахад манай компани тодорхой хэмжээний алдагдал хүлээх нь зайлшгүй байсан. Гэтэл аж ахуй нэгжүүд байхгүй болчихвол бүр хүнд байдалд орно. Энэ шийдвэр 12 дугаар сарын эхээр аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дулааны төлбөрийг Засгийн газраас 100 хувь даах болж, хүртээмж нэмэгдэж бодит дэмжлэг болж чадсан.Энэ бол айл өрх, аж ахуй нэгжүүдийг дэмжсэн маш чухал шийдвэр байсан.
Жил бүр Сайншандад шинэ орон сууц баригдаж байгаа болохоор “Чандмань-Илч” компанийн орлого нэмэгддэг байх гэж хэрэглэгчид боддог байж магадгүй. Хэрэглэгчид нэмэгдсэнээр орлого  бодитоор нэмэгддэг үү?
Хоёр талтай асуудал. Үнэндээ айл өрхөөс авч байгаа дулааны төлбөр манай орлогын арав хуваасны нэгтэй тэнцдэг. Өөрөөр хэлбэл  айл өрх нэмэгдэх тусам манайд алдагдалтай гэсэн үг. Учир нь айл өрхөөс авдаг дулааны төлбөр хямд байдаг. Гэтэл алдагдалтай ч байсан хамаагүй айл өрхийг төвлөрсөн системд холбох ажлыг бид гүйцэтгэдэг.
Ер нь халаалт дулааны үнэ ямархуу тарифтай байна вэ?
Айл өрхийн орон сууцны  төлбөрийг м2буюу талбайгаар тооцдог.  Нийт талбайн хэмжээгээр айл өрхүүд 2/3 буюу 60 гаруй хувийг эзэлдэг. Орлогын 10 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр айл өрхүүд илүү хөнгөлөлт эдэлж байна гэсэн үг.
Тэгэхээр айл өрхүүдийн хувьд боломжийн үнээр халаалт дулаанаа авдаг гэж ойлгож болох уу? 
Тэгэлгүй яахав. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг эзэлхүүнээр, мөн хувьсах болон тогтмол хэмжүүрээр арай өөр тарифаар дулааныг бодох жишээтэй.
Дорноговь аймаг ямар хэмжээний дулаан хэрэглэдэг вэ? Аймаг орны дулаан хангамжийн тасралтгүй ажиллагааг хангахад одоогоор  хэдэн зуух ажиллаж байна?
Дорноговь аймгийн хэмжээнд төрийн, орон нутгийн, хувийн, УБТЗ-ын харяалалтай дулааны эх үүсвэр, станцууд байгаа.  Манай төв станц одоогийн байдлаар дөрвөн зуухтай ажиллаж байна. Бидэнд хоёр, гуравдугаар зуухыг шинэчлэн засварлаж өргөжүүлэх шаардлага бий. Ингэж шинэчлэхгүйгээр цаашид ирэх жилийн ачааллыг давахад хүндрэлтэй. Өнгөрсөн онд манай компанийн инженер техникийн ажилтнууд нэг зуухаа шинэчлэн барьж ашиглалтад оруулсан  Шинэчлэгдсэн  зуух маань 20 г/калл хүчин чадалтай.
Харин хоёр зуух  маань тус бүр 10 г/кал хүчин чадалтай. Их хуучирсан тул ашигтай ажиллах боломжгүй. Дөрөв дэх нь долоон г/кал хүчин чадалтай ч  мөн л ашигтай байх боломжгүй юм. 2021 оны гуравдугаар сараас “Эх үүсвэр-2” буюу нефтийн ажилчдын орон сууцны дулааны зуухыг ажиллуулж эхэлсэн. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулсан ажилчдын орон сууц болон бусад байгууламжийг халаах зорилготой.
Аймгийн хүн ам нэмэгдэж хэрэглээ ихсэж байгаа. Тэгэхээр шинээр дулааны станц барих шаардлага гарч байна уу? Ирээдүйд  өсөн нэмэгдэх хэрэглээг тооцож ямар хүчин чадалтай дулааны станц барих шаардлагатай вэ?
Манай Сайншанд суманд Замын-Үүд суманд байдаг шиг 90 г/кал хэмжээний станц шаардлагатай. Гэхдээ бид ирээдүйг харж үүнээс илүү хүчин чадалтай дулааны станц байгуулах хэрэгтэй. Дулааны станц барьчихаад таван жилийн дараа “Өө хүчин чадал хүрэлцэхгүй боллоо, ахиад барья” гэж болохгүй. Харин бид дулааны станцаа цаашид өргөтгөж томруулах боломжтой хувилбараар зураг төсвөө гаргаад явцын дунд  хөрөнгө оруулах маягаар том станц барих боломжтой. Өөрөөр хэлбэл 90 г/кал хүчин чадалтай зуух бариад дэргэд нь өргөтгөх боломжтой хэлбэрээр дулааны зуухаа барина гэсэн үг. Барилгаа барихдаа шийдлээ хийнэ, шугамаа барихдаа ч шийдлээ давхар хийнэ. Дулааны станц дээр гурван зуух байлаа гэхэд нэг нь нөөцөд байх ёстой.
Нэгдсэн том хүчин чадалтай дулааны станцтай болох ирээдүй хэзээ бол?
Бидний хүслээр болдог бол ирэх жил ч шинэ дулааны станцтай болмоор байна. Манайд шаардлагатай дулааны станцыг шинээр барихад ойролцоогоор таван жил зарцуулна.  Иймээс цаг хугацаа явах тусам  ашиглалтад орох хугацаа тэр хэмжээгээр хойшилно.
Гэхдээ манай аймгийн хувьд орон нутгийн хөрөнгө оруулалтаар  10,5 г/кал хүчин чадалтай шинэ дулааны эх үүсвэрийг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар байгаа. Цаашдаа төмөр замын орон сууцнуудыг халааж байгаа дулааны эх үүсвэрүүдийг манай компанид шилжүүлэх талаар яригдаж байна.
“Мандах наран-5”  орон сууцыг Сайншандын төмөр замын хэсэгт барих ажил эхэлсэн. Энэ хорооллын дулааныг мөн л дулааны зуухаар шийдвэрлэхээр төлөвлөсөн үү?
Манай төвийн дөрвөн зуухны хүчин чадал үнэндээ тулчихаад байна.Үүнээс илүүг халааж чадахгүй гэсэн үг. Тиймээс “Эх үүсвэр-3” буюу 10,5 г/калл  дулааны зуух барих ажлыг “Чандмань-Илч” компани хариуцан гүйцэтгэж байна. Бүтэн хороолол баригдаж байна, цаана нь нэг км гаруй зайтай дулааны станц шинээр баригдаж байгаа нь  иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаад оршиж буй. Энэ дулааны станц хэрэглээний халуун устай төлөвлөгдсөн.
Жилээс жилд аймгийн хүн ам өсч, ус дулааны хэрэгцээ нэмэгдэж байна. Усан хангамж, ариутгах татуургын ажил хийгээд үүнд чиглэсэн бүтээн байгуулалт, цаашдын төлөвлөлт ямар байгаа бол?
Мэдээж  өсөн нэмэгдэж  буй эрэлт  хэрэгцээтэй холбогдуулан усан хангамж, ариутгах татуургын чиглэлээр төлөвлөсөн ажлууд бий. Сайншандын усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд 1500 м3-ын хоёр ширхэг буюу 3000 м3усан сан баригдаж байна. Өмнө нь 1000 м3-ын хоёр сан байсан. Нийт 5000  м3усан сантай болно. Ямарч байсан 2030 он хүртэл өсөн нэмэгдэх хэрэгцээг хангана. Цаашдаа бидний Зээгийн хөтлөөс татаж авчирч байгаа цэвэр усны үндсэн магистрал шугам өргөтгөх, хос болгох ажил хийгдэх шаардлагатай.
Сайншанд суманд АХБ-ны хөрөнгө оруулалттай хоногт 3000м3цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж энэ онд ашиглалтад орлоо. Төмөр замын дөрөв, долоодугаар багийн хэсгийн бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх ажил хийгдсэн.
Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг аймгийн төсөвт суулгаж шийдвэрлэх талаар аймгийн удирдлага анхаарч, дэмжиж байгаа. Цэвэрлэх байгууламж бидний урьдчилсан тооцоогоор жилд 700-800 сая төгрөгийн зардал гарна. Нөгөө талдаа орлого нэмэгдэх боломжгүй.  Цаашид бүх сумдад цэвэрлэх байгууламж байгуулах, байгальд ээлтэй технологи хэрэгжүүлэх шаардлагатай. Хатанбулаг, Дэлгэрэх, мөн Даланжаргалан суманд цэвэрлэх байгууламж байгуулагдаж байна. Ойрын жилүүдэд бусад сумдад цэвэрлэх байгууламж баригдах байх.
Цэвэрлэх байгууламж барьсанаар бохир усыг татан зайлуулж цэвэрлэхээс гадна саарал усыг дахин ашиглах боломж бүрдэнэ гэж ойлгож байгаа. Ажилчдын орон тоо, цалингийн зардал нэмэгдэх үү?
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Сайншандын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон байгаль орчинд  эерэг өөрчлөлт гарах, эх дэлхийгээ хамгаалсан том хөрөнгө оруулалт. Бохир усыг татан зайлуулж гаргасан саарал усыг дахин ашиглах нь хамгийн чухал зорилт. Тухайн саарал усыг ашиглахад ямар нэгэн байдлаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй байх, бусад ямар нэгэн эрсдэл гарахгүй байх шаардлагыг л тухайн компанид тавьж байгаа.
Өөрөөр  хэлбэл саарал усаар мод тарих, үйлдвэрт ашиглахад сөрөг нөлөөлөл гарахгүй байх ёстой. Өөр аймагт мөн л бохир усыг татан зайлуулж гаргасан саарал усаар мод тарьж, бусад хэрэгцээнд ашиглаж байгаа практик байна. Манай байгууллагаас цэвэрлэх байгууламжид ажиллах 17 хүний орон тоо гаргаж байгаа. Цалин, материал, цахилгаан, шинжилгээний бодисын зардал гээд жилдээ аймаг орон нутаг 300 сая төгрөг төсөвлөсөн.
“Чандмань-Илч” компани Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас нүүрсээ татан авдаг. Харин Та өнгөрсөн оны хавар сумдаар явахдаа орон нутгаас нүүрсээ татан авах нь мөн л зардалд тустай байх боломжийг эрэлхийлж байсан. Учир нь манай аймгийн  сум бүр нүүрсний ордтой. Ийм боломж шийдэл  байна уу?
Дулаан үйлдвэрлэлд гаргаж байгаа цөөхөн зардалд цахилгаан, түлш шатахуун,  засвар үйлчилгээ ордог. Нэг жилийн галлагааны хугацаанд  манай байгууллага нүүрсний үнэд 1.7 тэрбум төгрөг /Бүх салбаруудаа оруулаад/ зарцуулдаг. Үүнээс гадна галт тэргээр татаж ирсэн нүүрсээ буулгана /1 вагоныг 50000 төгрөгөөр/, буулгасан нүүрсээ бункер руу  түрнэ, дараа нь бутлагчаар дамжуулна гээд олон ажлууд бий. Энэ бүхэнд зардал гарна. Нийт зардлын 20-30 хувийг түлшний зардал эзэлдэг. Зардал бууруулах нь манай компанийн гол зорилго. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай төрийн зохицуулалттай учраас өөрийн өртгөөр нүүрсээ нийлүүлдэг. Илчлэг нь таарч байгаа  хэд хэдэн нүүрсний орд байна.
Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумыг дамжсан хүрэн нүүрсний судал ч бий. Нүүрс авчраад лабораторид шинжлүүлж дүгнэлт нь боломжийн гарч байвал  орон нутаг нүүрсний уурхай ажиллуулж болох юм. Гэхдээ манай компани биш. Аймаг шийдээд уурхайтай болчихвол станцуудаа хангаж болно. Цаашлаад сумдаа хангана, айл өрхөө хангах боломжтой.Жишээ нь Хатанбулаг сум жилдээ 2000 тонн нүүрс түлж байна. Галлагааны хугацаанд 50-70 удаа тээвэр хийдэг. Гэтэл Хатанбулаг сумын нүүрсийг ойроос хангачихмаар байна шүү дээ. Сумдад очих болгондоо л “Чандмань-Илч” компани  нүүрсээр хангахад хэцүү байна.
Нүүрсээ ойроос татан авах ямар боломж байгааг  ярьж явсан. Мэдээж Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор эргэн тойрны уул уурхайн орд газар ашиглалтад орно. Нүүрсний  тээвэр нэмэгдэнэ. Магадгүй эндээс урд сумдаа хангах боломж гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь бид тухайн зууханд таарах нүүрсийг судалж тогтоох нь хамгийн чухал. Гэхдээ хувийн уул уурхайн компаниас өндөр төлбөртэй нүүрс  авбал мөн л ашиггүй болно. Бид уурхай ажиллуулахаас илүү уурхай хариуцсан орон нутгийн өмчит компаниараа дамжуулж уурхайтай болвол зөв гарц байх. 
Хэмнэлт гэснээс компанийн үйл ажиллагаанд хэмнэлтийн бодлого тусгаж ажиллаж байгаа талаар та ярьсан? Хэмнэж болох зардлуудыг  хэрхэн тогтоож байна  вэ?
Өмнөх жилийн дүнгээр манай байгууллага 482 сая төгрөгийн алдагдалтай байсан бол энэ жил 131 сая төгрөгийн алдагдалтай гарсан. Алдагдал 350 гаруй сая төгрөгөөр буурсан. Үүнд маш олон зүйлүүд нөлөөлж байгаа. Санаачилж хэрэгжүүлсэн хэмнэлтийн ажлууд жил бүр үр дүнгээ өгч байгаа. Жишээ нь цахилгааны төлбөрийн хэмнэлт. 2017 оноос хойш ойролцоогоор гурван сая кВт эрчим хүч буюу 500 гаруй сая төгрөг хэмнэсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад 200.000 мянган квт/цагаар хэмнэсэн байх жишээтэй. Энэ бол том үзүүлэлт.
Дээрээс нь шинээр баригдсан дулааны нэгдүгээр зуух бусад зуухаа бодвол ашигт ажиллагаа өндөр гэж тооцсон. Тэгэхээр хуучин эх үүсвэрээ үр ашигтай ажиллах, өртөг хямдтай, температур гаргаж чадах дулааны эх үүсвэрээр солих шаардлагатай. Цаашид ашиглалтын зардлаа хэмнэж үр ашиггүй хөрөнгө оруулалтыг бууруулж ажиллахгүй бол бараа материал, түлш шатахууны үнийн өсөлт нь тухайн үйл ажиллагааг авч явахад хүндрэлтэй болно. 2022 онд бүх шатанд хэмнэлттэй ажиллах төлөвлөгөө гаргасан Бодлого төлөвлөлтийн хэлтэс сар бүр үр дүнг тооцон ажиллаж байна.
Зардлыг багасгаж хэмнэлт гаргахад  нөлөөлж  байгаа гол хүчин зүйлүүд гэвэл юуг онцлох вэ?
Хамгийн түрүүнд шинэ бүтээл оновчтой санаа, Зардал бууруулах маш олон боломжууд байгаа. Анхны хөрөнгө оруулалт өндөр хэдий ч ирээдүйд ашиг өгөх хөрөнгө оруулалтуудын тооцоо, сэлбэг материалын чанар, бэхэлгээ, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр зохион байгуулалт, төлөвлөгөө хэтрүүлэхгүй үйл ажиллагааг зохион байгуулах, засварын төлөвлөгөөг үр ашгийг нь тооцож хөрөнгө оруулалт хийх олон зүйлүүд зардал хэмнэх боломжийг бий болгож байдаг. Эрчим хүчний салбарын хувьд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлын нэг хэсэг гэж ойлгож болно. Цаашид алдагдалтай ажиллаж байгаа хэсгийг нэг, нэгээр нь алдагдлыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Мэдээж ажилтан бүхэн байгууллагаа гэсэн сэтгэлтэй байх ёстой.
Үндсэн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ алдагдалгүй борлуулах хэрэгтэй. Нэгжийн өртөгийг бууруулах шаардлагатай.
Ус, дулааны алдагдлыг бууруулах нь хэмнэлтийн нэг шийдэл гэж ярьж байсан?
Тэгэлгүй яахав. Бүх салбарууд хэрэгжүүлэх ёстой. Сайншандын хувьд Үйлдвэрлэж байгаа дулааныг дамжуулах төв /дэд станцууд/ ашиглах, Өөрөөр хэлбэл түгээх сүлжээг богино эргэлттэй болгоно, хамааралгүй сүлжээ байгуулна, хэрэглэгчид дулаан дамжуулах төвд хамааралтай болно, үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эрсдэлгүй болно.Байгууллагын хэмжээнд хэрэглэгч халахгүй байна, хүйтэн байна гэсэн үндэслэлээр шугам дах усыг юүлэх үйл ажиллагаа их байна. Энийг цаашид зогсоох ёстой. Ус бэлтгэлийн зардал, шугамын ус халаах зардал, мөн насосоор шахалт хийх, түлш, тоног төхөөрөмжийн элэгдэл гээд шугамаар гүйж байгаа халуун ус өөрөө маш өндөр өртөгтэй.
Тэгэхээр усны алдагдлыг бууруулах чиглэлээр бид онцгой анхаарч байна. Халахгүйбайгаа байрнуудын ус дамжуулах хоолой бүрийг шалгаж үзэх гээд хэрэглэгчидтэйгээ хамтарсан ажилих бий. Төвийн болон бусад сумдын нийт хэрэглэгчид өөрсдөө амьдарч буй байраа, үйлчилгээний газар, аж ахуйн нэгж байгууллага бүр дулааны алдагдалаа бууруулж байж бид цаашдаа тогтвортой найдвартай үйл ажиллагаа явуулах ёстой. Цаашид хэрэглэгч бүрт дулаан жигд очдог байх нөхцөлийг бий болгох ёстой.
Тэгэхээр тоног төхөөрөмжийн хувьд тодорхой тохируулга хийнэ гэсэн үг үү?
Тиймээ. Энэ жил бид хоёр газар горим тохируулах ажлыг хийнэ. Хоёрдугаар хэлхээнд шилжих үеийн шугам сүлжээний тохируулгын ажил,  хоёрдугаар хэлхээнд шилжих үеийн дулааны станцын тохируулгын ажил. Дулаан дамжуулах долоон төв  байгуулж байна. Энэ бүр дээр бага зэрэг дулаан түгээх  нөөц боломжийг буй болгохоор шугам сүлжээгээ бэлтгэж байгаа. Өөрөөр хэлбэл дундаас нь холбогдоогүй айл өрхүүдийг холбох, эсвэл дахиад нэг таван давхар байшин баригдах боломжтой хэсэгт дулаан дамжуулах боломжийг нээж өгч байна гэсэн үг. Шугам сүлжээгээ шинэчилж өөрчлөхгүйгээр цаашаа ачааллаа дааж явахад бэрх. Бидний бодож байсан хэрэглээний халуун усыг нэвтрүүлэх боломж гарч ирнэ дээ.
Халуун усны шугам суурилуулна гэсэн үг үү?
Халуун усны шугамыг дахин суурилуулна. Нэг дулаан дамжуулах төвөөс нэг байрыг халуун усаар хангаж үзэхээр туршина. Өвлийн улиралд халуун усыг шугамын усаар халааж, дулаан үйлдвэрлэл зогссон үед цахилгаан болон бусад эх үүсвэрээр халаах боломж байгаа. Өдөр болгон биш юм аа гэхэд тодорхой хугацаанд хэрэглээний халуун усаар хангана даа.
Өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн олон сум төвлөрсөн халаалтын системд шилжлээ. Ашиглалт, хамгаалалт зэрэг асуудлыг танай компани хариуцан ажиллаж байна. Тэгэхээр   “Чандмань-Илч” компани энэ ажлыг хариуцсанаар ямар өөрчлөлт, тулгамдсан асуудалтай тулгарч байна вэ?
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Хатанбулаг, Даланжаргалан, Дэлгэрэх, Алтанширээ зэрэг сум төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэй болсон. Сургууль эмнэлэг, ЗДТГ гээд бүх байгууллага зуухаа галлах, галч, нүүрс түлээгээ хангах, орчин нөхцөл сайжруулах гээд ажил ихтэй байсан шүү. Байгууллага бүр олон жижиг зуухтай. Одоо нэгдсэн нэг зуухаар галлаж байна. Эрүүл ахуйн хувьд ч дэвшил гарч байгаа.
Аймаг орон нутгаас санаачилсан энэ ажил маш сайхан бүтээн байгуулалт болсон. Төгс юм гэж байдаггүй болохоор ямар нэгэн алдаа гарч байна аа. Гүйцэтгэсэн  компаниуд  өөр учраас гүйцэтгэлийн явцад гарсан бага зэрэг зөрчил дутагдлууд бий. Энэ бүгдийг засаад баталгаат хугацаанд нь засаж залруулах чиглэлээр мэдээлэл хүргүүлэн засварлуулах ажлыг хийж байна. Шаардлага тавьж байгаа. Харин алдаагаа засаад дахин алдахгүй байх талаар ажиллах нь хамгийн чухал.Ашиглалт, арчилгаа, мэргэжлийн үйл ажиллагааг манай байгууллагад хариуцуулан өгсөн гэж ойлгож байгаа.Цаашлаад сумын төвийн айл өрхүүд төвлөрсөн дулаан хангамжид холбогдоно. Дулаан, тохь тухтай орчинд сумандаа сайхан ажиллаж амьдрах боломж бүрдэнэ.
Та өнгөрсөн оны өдий үеэр сумдад ажиллахдаа сумдын Засаг дарга нартай зориуд уулзаад явж байсан. Мөн л салбарынхаа тулгамдсан асуудлыг ярьж байв уу?
Тйим ээ. Сумдын Засаг дарга нартай уулзаж явахдаа хэд хэдэн асуудлыг тавьж сумын ус дулааны тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд онцгой санаачилга гаргаж  хамтран ажиллах нь чухал шүү гэдгийг онцгойлон ойлголцож явсан. Сумын төвийн төсөвт байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийг тохь тухтай орчинд дулаан өвөлжүүлэх ажил зөвхөн “Чандмань-Илч” компанийн үүрэг биш сумын ЗДТГ болон манай компанийн хамтын ажиллагаа юм. Тухайлбал  Засаг дарга асуудлыг судалж үзээд техник тоног төхөөрөмжөөр хангах, нүүрсээр хангах, ажил хийх бололцоогоор хангаж өгөх ёстой л доо. Гэхдээ сумдын Засаг дарга нар маань энэ ажлыг маш сайн ойлгож хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай.
Салбаруудын хувьд хуучин “Монросцветмет” нэгдлээс шилжиж ирсэн зуухнууд ч байдаг. Тоног төхөөрөмж хуучирсан зүйлүүд ч байгаа байх.Салбаруудын тухай таны байр суурийг сонсоё?
Манайх хуучин Өргөн, Айраг, Иххэт, Зүүнбаян  гэсэн дөрвөн салбартай байсан. Хуучнаар “Монросцветмет” нэгдлээс шилжиж ирсэн зуухнууд олон жил ашиглаж тоног төхөөрөмжүүд нь хуучирсан тул засаж шинэчлэхэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Бусад салбар шинэ байгаа тул одоохондоо хөрөнгө оруулалт, санхүүжилт нэхэх нь гайгүй. Хуучин салбаруудыг туршлагатай, ажилдаа гаршсан мэргэжлийн хүмүүс л авч явж байна.
Тоног төхөөрөмжөө мэддэг,  хаана ямар гэмтэл гарсныг тодорхойлдог, засвар шинэчлэл хийхээ төлөвлөдөг хүмүүс ажиллаж байгаа нь давуу тал. Хамгийн сайн дарга нар бол хамгийн хүнд салбарыг үүрч яваа дарга нарыг л гэж хэлнэ. Мэдээж мэргэжлийн боловсон хүчин тэр болгон хангагдахгүй байна. Хамгийн гол нь ажил хийх сэтгэлтэй, хариуцлагатай тийм л хүн чухал байна шүү дээ. Сумынхаа төсөвт шугамынхаа засварын хөрөнгө, техникийн асуудлыг, зуухны зардал засварыг шийдүүлнэ. Зарчим  ингэж л явах ёстой. Манай сумдын дарга нар энэ асуудлыг сайн ойлгож дэмждэг шүү. Энэ жил Хөвсгөлд сумын салбар ашиглалтад орно. Ажил нэмэгдэнэ дээ.
 “Чандмань-Илч” компанийг өдий зэрэгтэй явахад нь орон нутгийн дэмжлэг чухал байсан байх.Та энэ тал дээр юуг онцлох вэ?
Маш их дэмжлэг болж ирсэн. Одоо ч дэмжиж л байна. Орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрт манай компани орж тодорхой хэмжээний ажлыг хийж байгаа. Техник, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ гээд орон нутгийн хөрөнгө оруулалт их байдаг шүү. Цаашдаа айл өрхийг халааж байгаа дулааны төлбөрийн зөрүүг бид тооцож алдагдалыг бууруулах талд анхаарах ёстой. Цаашид манай компани хөгжин дэвжих боломж байгаа шүү.
Техник тоног төхөөрөмж парк шинэчлэл ямархуу түвшинд байна вэ?
Машины эвдрэл гэмтлийг норм нормативын  дагуу засвар үйлчилгээ хийх систем рүү оруулсан. 2017 оноос хойш “Чандмань-Илч” компани 20 гаруй техник тоног төхөөрөмжөөр хангагджээ. Харин энэ хугацаанд шаардлагатай засвар үйлчилгээ хийж байв уу гэдэг асуудал гарч байна. Мэдээж хэрэг хөрөнгө санхүүгийн хүндрэл байсан. Шинэ техникүүд маань одоо л эвдрэл гэмтэл гарч  сэлбэг хэрэгсэл, хөрөнгө санхүү нэхэж эхэллээ. Хатанбулаг сум руу нэг жил нүүрс тээвэрлэсэн машин өнөөдөр бүтэн засварт орох шаардлагатай болж байна. Тэгэхээр хэдий хугацаанд ямар засвар үйлчилгээ хийх талаар төлөвлөлт хийж шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж байх системд шилжих хэрэгтэй. Бид техник хэрэгсэлдGPSсистем суурилуулж явалт болон шатахууны зарцуулалтыг хянах ажлыг эхлүүлсэн.
Одоо сумдын салбаруудад байгаа техник хэрэгслийг шинэчлэх, засварлах шаардлагатай.
Компанийн боловсон хүчиний тухайд?
Компанийн орон тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Орон тоо нэмэгдэж байгаа нь бодит байдалд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг сайтар судлах ёстой. Өөрөөр хэлбэл орон тоог судалгааны үндсэн дээр зохион байгуулах нь зөв гэж боддог. Боловсон хүчний хувьд манайх хоёр зөвлөх инженертэй, мэргэшсэн инженер ес, бакалавр зэрэгтэй мэргэжлийн хүмүүс 55 байна.  Манай нийт ажилчдын 70 гаруй хувь мэргэжилтэй ажилчид, 20 гаруй хувь нь бакалавр зэрэгтэй, дээд боловсролтой хүмүүс. Боловсон хүчний хувьд харьцангуй хангагдсан. Харин мэргэжилтэй ажилтан буй болгоход л анхаарал хандуулах ёстой. Тэр тусмаа  сайн гагнуурчин,  сайн цахилгаанчин маш эрэлт хэрэгцээтэй.
Ажилтнуудын цалингийн тухайд?
Сүүлийн үед цалингийн фонд нэмэгдэж дундаж цалин 1.2 сая төгрөгөөс дээш гарлаа. Нэг хүн дээр хэт ачаалал нэмэгдүүлэх байдлыг зогсооно. Чадвартай хүн бага байх тусам ажлын ачаалал нэмэгддэг, харин чадваргүй хүн олшрох тусам сул зогсолт нэмэгддэг шүү дээ. Дээрээс нь орон нутгийн өмчит компанид ажилладаг хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарах, тэднийг яаж дэмжих вэ гэдэг асуудал хаягдсан. Төрийн алба хаагчийг дэмжиж, орон сууцны зээлд хамруулах гээд л олон боломж  байдаг ч орон нутгийн өмчит компанид ажиллаж байгаа хүмүүсийг ядаж орон сууцны хөтөлбөр, түрээсийн байранд хамруулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах хэрэгтэй  юм. 
Манай аймгийн ус дулаан хангамжийг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани  олон жил хариуцан ажиллаж байна. Бусад аймгийн хувьд ус дулааны хангамжийг авч яваа бүтэц менежмент ямархуу байдаг бол?  Манай аймгийн менежмент бүтэц хэр зөв явж байгаа гэж боддог вэ?
Бусад аймгуудын үйл ажиллагааг харж байхад бүтэц менежментийн хувьд ус, дулааныг хамтад нь авч яваа хоёр аймаг байна. Үүний нэг нь Дорноговь аймаг. Харин хөдөөгийн сумдын салбаруудыг авч яваа аймаг бол улсын хэмжээнд Дорноговь аймаг л байна. Маш олон аймагт ус, дулааны үйлчилгээ салангид байдаг. Заримыг нэгтгэх ажил хийгдэж байна. Миний хувьд ус, дулаан хангамжийг зэрэг авч яваа манай компанийн өнөөгийн бүтэц, менежмент хамгийн зөв хувилбар гэж боддог.Адаглаад л нэг удирдлагатай, нэгдсэн бодлоготой байх нь компанийн үйл ажиллагаанд ч ашигтай, төрдөө ч хэрэгтэй.
 Аймгийн ард иргэдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХКК-ийн үйл ажиллагааг иргэд хэр сайн мэддэг бол?
Мэдээж  хэрэглэгчид маань манай компанийн үйл ажиллагааг зохих түвшинд мэддэг. Гэхдээ  нийтийн аж ахуйн салбарыг иргэд маань сайн ойлгоосой гэж боддог. Бид ч ажлаа сайн сурталчлах шаардлагатай. Магадгүй сардаа нэг удаа ажлаа  сурталчилдаг, албад хэлтсийн мэдээллээ өгдөг, тулгарч буй бэрхшээлээ ярьдаг, төр засгийн хэмжээнд уламжилдаг байх нь хамгийн чухал байна.
“Чандмань-Илч” компани түүхт 35 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажил өрнүүлсэн. Та юуг илүү онцлох вэ?
Мэдээж түүхт ойгоо угтсан олон бүтээлч ажлыг манай хамт олон хийж гүйцэтгэлээ. Засвар үйлчилгээг сайтар хангаж өвлийн улирлыг амжилттай давлаа. Зуны урин дулаан цагт шаардлагатай засвараа үргэлжлүүлж хийнэ. “Ковид-19”-ын нөхцөл байдал хүнд байсан ч бид ажлаа хэвийн явуулж Сайншанд сумын 60 гаруй айл өрхийг цэвэр усны төвлөрсөн шугамд холболоо. Дулаан хангамжийн алба, Өргөн салбарынхан өөрсдийн ажилтнуудын хүчээр шинээр офиссын барилга барьж ашиглалтад орууллаа. Дэлгэрэх сумын төвлөрсөн халаалт, цэвэр усны шугамыг манай ажилтнууд барьж ашиглалтад орууллаа. Төлөвлөсөн ээлжит сургалт семинар гээд олон нийтийн ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэлээ. Байгууллагын ашиг орлого зардлыг ул  суурьтай судалж хэмнэлт хийсэн гээд бүтээлч ажлууд өрнөсөн олон үйл явдлаар 35 жилийнхээ ойг үдэж байна.
Энэ жил хийх томоохон ажлын тухайд?
Мэдээж төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлж хийнэ. Дээрээс нь энэ жил “Мандах наран-5” орон сууцны хорооллын шугам хоолойн угсралтын тендерийн ажил хийж гүйцэтгэнэ. Магистрал шугам, цэвэр усны асуудал, уурын зуух, бохир усны насос станц байгуулах гээд бүгдийг шийднэ. “Хүүхэд хөгжил-2022” зорилтот жилийн хүрээнд ажилтнуудын ар гэр, хүүхдүүдэд чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөөд хийгээд явж байна. Тухайлбал, Сайншанд сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт “Чандмань-Илч” цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилтнуудын хүүхдүүдийн сурлагын чанарт анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгардаг тодорхой зарим асуудлыг шийдвэрлэх, ажилтнуудаас олон хүүхэдтэй болон амьжиргааны түвшин доогуур өрхийн амьжиргааг дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлнэ.
Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Компанийн ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? Мөн компанийн үе үеийн ажилтнууд, хамтран ажилладаг байгууллагууддаа  та юуг онцолж хэлэх вэ?
Компанийнхаа ирээдүйг өөдрөгөөр харж байна. Хамгийн бага зардлаар хамгийн чанартай ус, дулаан үйлдвэрлэж түгээх, бохир ус татан зайлуулах нь бидний зорилт. Хэрэглэгчдийн хүсэл сонирхол хязгааргүй тул эрэлт хэрэгцээнд тулгуурлаж тодорхой стандартуудыг шинэчлэн боловсруулах шаардлагатай. Байнга төрөөс дэмжлэг аваад яваад байх нь  зохимжгүй тул бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг хангах нь чухал юм.
Өөрөөр хэлбэл санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй. Цаашид бид зардлыг бууруулах, хэмнэлт хийх, техник технологийн шинэчлэл хийж, үр ашиг сайтай бүтээмж өндөртэй ажиллах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн түүхэн амаргүй хугацаанд халаалт дулаан доголдож хөлдөх хэмжээнд хүрчихсэн үед ч зүрх сэтгэлээрээ хамт байж үүрэгт ажлаа тасалдуулалгүй чанартай сайн гүйцэтгэж байсан ахмадууддаа баярлалаа гэж хэлье. Эдүгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт ажилтнууддаа, хэрэглэгчиддээ “Чандмань-Илч” компанийн түүхт 35 жилийн ойн баярын мэндийг хүргэж ажил хөдөлмөр нь үргэлж дээшээ мандан бадарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn