Аймшигт хар салхи Америкийн далайн эргийн бэлгэ тэмдэг болсон нь

581

Америкийн эрэгт олон жилийн турш хүчтэй хар салхи дайрсаар ирсэн. Дэлхийн дулаарал байдлыг улам дордуулж байна. АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшгийн нэг нь 1990-ээд оны эхээр Флорида мужид тохиолдож, Майамигийн далайн эрэг дээрх бүх зүйлийг сүйрүүлсэн. Гамшиг болсноос хойш хэдэн жилийн дараа архитектор Уильям Лэйн алдартай газарт олны танил болсон дүр төрхийг буцааж сэргээхээр шийдэж, далайн эрэг дээр гэрэлт аврах цамхагуудыг барьсан нь хотын бэлэг тэмдэг болсон юм. Хэдэн арван жилийн дараа дизайнер тэдгээрийг шинэчилж ер бусын болгожээ.
 
1990-ээд оны эхээр далайн эрэгт халуун орны Эндрю хар салхи дайрсны дараа Майами дахь тод өнгийн аврагч цамхагууд 1995 онд гарч ирэв. Шуургыг хамгийн дээд буюу тавдугаар зэрэглэлээр үнэлсэн. Флоридагийн Майами-Дэйд дүүргийн өмнөд хэсэг үүнээс хамгийн их хохирол амссан. АНУ-ын хохирол 50.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв. "Эндрю" бол тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшгийн нэг байсан юм.
1992 оны наймдугаар сарын 24-нд хар салхи Флорида мужид ирэхэд салхины хурд 227 км/цаг, зарим газраа шуурга 272 км хүрчээ. Флоридагийн хойгийн зүүн өмнөд хэсэгт орших Бискейн булан дахь усны түвшин далайн түвшнээс дээш 5.2 метрийн өндөрт өргөгдсөн. 25 мянга гаруй хүн орон гэргүй болж, 82 мянган аж ахуйн нэгж эвдэрч, сүйдсэн байна. Мөн гамшиг байгаль орчинд ноцтой хохирол учруулсан. Хар салхи нь тариалалт, усан санг сүйтгэж 28.3 мянган га талбай дахь мангро ойг салхинд сүйтгэжээ. Шувууд мангро модыг үүрэндээ ашигладаг байв. Далайн эрэг орчмын нутаг дэвсгэрүүд, наран шарлагын газрууд үерт автаж, усан сан дахь ус булингартжээ.
  Америкийн архитектор Уильям Лэйн сайн дураараа алдартай газрын өнгө үзэмжийг сэргээхээр шйиджээ. Хэдэн жилийн хугацаанд тэрбээр хамт ажиллагсдынхаа хамт Өмнөд Пойнт Парк Пиерээс 86 дугаар гудамж хүртэл 36 тод өнгийн аврах цамхаг суурилуулжээ. 20 гаруй жилийн дараа архитектор эргийн эрэг дээр зургаан шинэ барилга барих амжилттай төсөлдөө буцаж ирэв. Архитекторын аврах цамхаг барих хүсэл нь хувийн амьдралтай нь холбоотой байв. У.Лэйн Карибын тэнгисийн Гэгээн Томас арал дээр амьдардаг байсан ч 1989 онд Хюго хар салхи түүний байшинг сүйтгэжээ. Удалгүй Эндрю хар шуурга дэгдсэн. Майами руу нүүж ирснийхээ дараа Лэйн далайн эрэг дээрх бүрэн сүйрсэн барилгуудыг харжээ. "Тэгээд би тэдний дүр төрхийг дахин зохион бүтээх нь ямар сайхан санаа вэ гэж бодсон. Тэднийг зүгээр л цамхаг биш, онцгой болгох хүсэл төрсөн” гэж архитектор нэгэн ярилцлагадаа хуваалцжээ. Талбайг эргүүлэн засах санаанаас урам авсан У.Лэйн ноорог зурж, бизнес эрхлэгчдэд тэр дундааТони Голдман, Крейг Робинс нарт үзүүлэв. Архитектор санаагаа хэрэгжүүлэх мөнгө олохын тулд олон найз нөхөддөө төслийн талаар ярьсан. “Би ямар нэгэн худалдаачин шиг харагдаж байсан. Эргэн тойрон алхаж, "Хараач, бид яагаад үүнийг барьж болохгүй гэж" гэж асуудаг байлаа. Үүний үр дүнд тэрээр санхүүжилт авч чадсан юм.
 
Барилгын ажлын эхлэл, архитектор болон түүний хамтрагчид оршин суугчид болон жуулчдын дунд алдартай Луммус цэцэрлэгт хүрээлэнг сонгосон. Зургаан шинэ аврах цамхаг цэнхэр, шар, улбар шар, улаан, ягаан гэсэн ер бусын хэлбэр, баялаг өнгөөр олны анхаарлыг татав. Цамхаг бүр 24 метр квадрат талбайг эзэлдэг, газраас 2.4 метр өндөрт өргөгдсөн байдаг.
Флорида муж байгалийн гамшигт өртөмтгий байдаг тул Эндрьюгийн дараа ч муж улс хүчтэй циклонуудад өртөж байсан тул хүмүүсийг аврахын тулд цамхагуудыг бүтээжээ. 2000-аад оны эхээр хотууд Чарли, Жанне, Деннис, Вилма болон бусад хар салхинд нэрвэгдэж байв. Тэд нутаг дэвсгэрт багагүй ноцтой хохирол учруулсан. Цаг хугацаа өнгөрөхөд цамхагууд нь зөвхөн практик үүрэг гүйцэтгэдэг төдийгүй далайн эргийн дүр төрхийг бүрдүүлсэн гайхалтай барилга болж хувирчээ. "Тэд бол нийтийн орон зайг идэвхжүүлэгчид. Цамхагууд нь хүний шинж чанартай бөгөөд далайн эргийн шугамыг өвөрмөц хэлбэр дүрстэй болгож, тухайн бүс нутгийн онцлог, соёлыг харуулсан” гэж У.Лэйн хэлэв.
Цамхагийн дизайнд архитектор ХХ зууны хоёрдугаар хагаст Баруун Европ, Америкт ялангуяа, түгээмэл байсан Art Deco хэв маягийг ашигласан. Тэрбээр мөн Америкийн архитектор Морис Лапидусын бүтээсэн Fontainebleau зочид буудлаас санаа авчээ. Энэ барилгууд нь олон нийтээс өндөр үнэлгээ авсан. 1997 онд У.Лэйн Америкийн архитекторуудын хүрээлэн (AIA), 2017 онд Флорида дахь архитекторуудын холбооноос шагнал хүртжээ.
2016 онд Майамид мөн шинэ аврах цамхагуудыг суурилуулсан. Дараа нь төсөл боловсруулагчид материалд онцгой анхаарал хандуулсан юм. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөл байдал, тэр дундаа далайгаас үлээх хүчтэй салхийг тэсвэрлэхийн тулд бүтэц нь бат бөх байх ёстой байв. Цамхагийн хувьд хүнд мод, хөнгөн цагаан, тусгай зэрэглэлийн зэвэрдэггүй ганг сонгосон. Энэ нь молибдений химийн элементийн ачаар түрэмгий орчинд тэсвэрлэх чадвартай, өндөр температур, зэврэлтэд тэсвэртэй байдаг. Цонхнууд нь хар салхинд тэсвэртэй хагардаггүй шилтэй болов. 
Майами дахь аврагч цамхгуудыг нутгийн иргэд биширдэг. Жуулчид зурагаа авахуулах дуртай байдаг. Заримдаа хуучирсан барилгуудыг дуудлага худалдаагаар зардаг. 2018 онд нэг цамхгийг 3.5 мянган ам.доллараар худалдсан байна. Цамхагуудыг гэрийнхээ гадна байрлуулж, хүүхдүүдэд модон дээрх байшин болгож тоглуулахыг санал болгодог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 98 (6830)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn