Азийн Хөгжлийн банкны төслийн баг Дорноговьд ажиллаж байна
Азийн Хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн баг энэ оны 10 дугаар сарын 18-наас 22-ны хооронд Дорноговь аймагт ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын яам болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан санамж бичгийн дагуу “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах ажил хэрэгжиж байгаа аж.
Хорин нэгэн аймгийн хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн чиг баримжааг аймаг, сумдын түвшинд тодорхойлох хөгжлийн болон хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөөг боловсруулах техникийн туслалцааны төслийн хүрээнд албаныхан Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” төслийг танилцуулж, хот байгуулалтын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдалд судалгаа хийж холбогдох албан тушаалтнуудтай цаашид хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.
Төслийн багийнхан орон нутагтай зөвшилцсөний дагуу Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Замын-Үүд, Иххэт суманд ажиллах юм.