Гурван замын пост дээр өдөрт 200 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авч байна
Дорноговь аймгийн Сайншанд хотын хойно байрлах гурван замын уулзвар хөл хөдөлгөөн ихтэй байна.
Уул уурхай, бүтээн байгуулалтад оролцох болон албан томилолт, хилийн боомт руу ачаа тээвэрлэх зэрэг албан ажлын зорилготой хүмүүс ихэвчлэн зорчиж байгаа юм.
Босоо тэнхлэгийн авто зам дагуух Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замаар зорчигчдоос “Ковид-19”-ын төлбөртэй болон төлбөргүй шинжилгээг албаныхан авч байна. Гэхдээ нэг машинд зорчиж яваа бүх хүнээс шинжилгээ авч байгаа аж.
Учир нь нэг машинд сууж яваа дөрвөн хүний гурваас нь “Ковид-19” илэрч, нэгээс нь илрэхгүй тохиолдол байгаа тул бүх хүнээс шинжилгээ авч нэвтрүүлж байгаа талаар албаныхан мэдээлэв.
Замын-Үүд сумыг “Ногоон бүс” болгохтой холбогдуулан тус сум руу нэвтрэх зорчигч иргэдээс шинжилгээ авч эерэг гарсан тохиолдолд тусгаарлах, буцаах зэрэг арга хэмжээ авч байна. Өдөрт дунджаар 200 орчим шинжилгээ авч буй.