Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж томоохон төслөө урагшлуулах хэрэгтэй

504


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллахдаа Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн  барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.
Цар тахалтай холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт нэг жилээр хойшилсон бөгөөд үүнд хилийн чанадаас бараа татан авах ажиллагаа ихээхэн нөлөөлж байна гэж албаныхан мэдээллээ.
Одоогийн байдлаар тухайн газарт технологийн бус барилга байгууламж барих ажил үргэлжилж буй бөгөөд үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр, засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөврийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулах юм. Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэсний дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барина.
Сайншанд хотод барьж байгаа газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцны хотхоны ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бөгөөд мөн л бараа материал татан авах ажил удааширч байгааг албаныхан онцолсон юм.
540 айлын хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж бүхний нийт 11 барилгаас бүрдэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Бид цар тахал гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй аюултай нүүр туллаа. Дэлхий нийт ч мөн эрсдэл дунд байна. Зөвхөн газрын тосны үйлдвэр гэлтгүй бусад томоохон төслүүд цар тахлаас үүдэж нэг жилээр зогсонги байдалд орсон.
Цар тахлаас үүдэж дэлхийн эдийн засагт ч хямрал үүсэх эрсдэлтэй боллоо. Үйлдвэрлэл сэргээд эхлэхээр бараа материалын хомсдолоос үүдсэн үнийн хямрал, хөөрөгдөл үүсч байна.
Тийм учраас бид дасан зохицож, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, халдварыг сөрөн томоохон төслөө урагшлуулах хэрэгтэй” гэв.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn