Йеменд чимээгүй өлсгөлөн нүүрлэж байна

Даян дэлхийн анхаарал дайн дажинд төвлөрч байх зуур Йеменд чимээгүй өлсгөлөн нүүрлэж байна. Тус улсын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа ч үүнийг тоож, авч хэлэлцэж байгаа хэн ч алга. 2026 оны эхэн үеийн байдлаар тус улсын 18 сая гаруй хүний хүнсний аюулгүй байдал алдагдаад байна. Асуудлын цар хүрээг арай өөрөөр тайлбарлавал, Нидерландын хүн ам нийтээрээ өлсгөлөнд нэрвэгдээд байна гэсэн үг.
Олон улсын аврах хороо өнгөрсөн жил тус улсад судалгаа хийхэд бараг хүн бүр хоол хүнсийг нэн тэргүүний хэрэгцээтэй зүйлээр нэрлэжээ. Мөн нийт айл өрхийн 80 орчим хувь нь өлсгөлөнгийн хурцадмал хэлбэрт нэрвэгдээд байгааг тогтоожээ. Айл өрхүүд талх, ус төдийхнөөр нь амь зогоож, эцэг эхчүүд хүүхдээ өлсгөхгүйн тулд өөрсдөө хоосон хонож байна.
Хүнсний аюулгүй байдлын нэгдсэн шатлалын ангилал буюу улс орон, бүс нутагт хүмүүс хэр хэмжээнд өлсгөлөнд өртөж байгааг үнэлдэг таван шатлалт систем бий. Уг системээр Йемений дахин нэг сая хүн ам 3+ шатлалын өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Энэ шатлалд байгаа айл өрхүүд өдөр тутамдаа хооллож чадахгүй, өр зээл тавьж, эд зүйлээ зарахаас өөр аргагүйд хүрдэг. Мөн энэ шатанд хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, энгийн өвчин үхлийн аюултай болох нь бий.
Ирэх хоёр сарын хугацаанд Йемений дөрвөн ч дүүрэгт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.
Йемен улс хүнсний бүтээгдэхүүнийхээ тун бага хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг. Хэрэглээний үр тарианы 80-90 хувь нь импортоос хамааралтай байдаг. Гэвч олон жилийн турш үргэлжилсэн зөрчилдөөн, эдийн засгийн уналтаас болж бүтцийн гажуудал тус улсад үүсээд буй. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хур тунадасны хэмжээ, хэт халалт ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарцад нөлөөлж байна.
Ангалын ирмэгт удаан хугацаанд оршин тогтнож буй Йемен улсыг нэгэн цагт хүмүүнлэгийн санхүүжилт авардаг байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн санхүүжилт эрс багасч, эдийн засгийн уналт, уур амьсгалын өөрчлөлт, цэргийн ажиллагаа хавсарснаар сая сая хүний амь эрсдэлд ороод байна.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA