Илүүдэл жингийн эдийн засаг
Өнгөрсөн зун Дани улсын Novo Nordisk компанийн зах зээлийн үнэлгээ 428 тэрбум ам.долларт хүрч Европ тивийн хамгийн үнэ цэнтэй компаниар тодров. Ердийн эм үйлдвэрлэгчийн хувьцааны ханш огцом өсөж тансаг эдлэлийн LVMH группийн байр суурийг булаасан шалтгаан нь тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Wegovy” нэрийн жин зохицуулах бэлдмэл Европоор тогтохгүй Хойд Америкийн зах зээлийг эзэлсэнтэй холбоотой.
“Wegovy” эмийг анх чихрийн шижин өвчний эсрэг зориулалтаар гаргасан ч таргалалтыг эмчлэхэд үр дүнтэй нь батлагдаж 2021 онд АНУ-ын Хүнс, эмийн хяналтын алба зөвшөөрсөн юм.
Долоо хоногт нэг удаа хэрэглэхэд цатгалан мэдрэмж төрүүлж биеийн жинг аажим бууруулдаг гэх эмийг хэрэглэн огцом жин хассан Илон Маск, Клое Кардашьян, Эми Шумер зэрэг алдартнуудын бодит жишээ ч нөлөөлсөн биз, Холливуудыг тураах “шидэт” эмийн давлагаа нөмөрчээ. Хэдийгээр таргалалтаас зайлсхийхэд эрүүл хооллолт, байнгын дасгал хөдөлгөөн илүү үр дүнтэйг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг ч гэрээс гарч гэдэс алдахгүйгээр турах шидэт жорын эрэл дэлхийн эдийн засагт ч хүчтэй нөлөөлөх болсныг Novo Nordisk-ийн дээрх огцом өсөлт илтгэнэ.
Өсөж буй зах зээл
“Бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг хэт их өөх тосны хуримтлал” хэмээх тодорхойлолттой таргалалт 1975 оноос хойш дэлхий даяар бараг гурав дахин нэмэгджээ. Олон архаг өвчний суурь, цагаасаа эрт нас барах үндсэн шалтгаан болж буй таргалалтын түвшин хойшид ч өсөх хандлагатай. Ингэхдээ хэт таргалах үзэгдэл насанд хүрэгчдээс илүү хүүхэд, залуусын дунд хурдан тархаж байгаа нь эрхгүй анхаарал татна. Хойшид улс орнууд эрүүл бус хоолны сурталчилгааг хязгаарлах, татварыг нэмэгдүүлэх зэргээр илүүдэл жинтэй тэмцэх шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд хүн амын 51 хувь буюу дөрвөн тэрбум гаруй хүн хэт тарган болно гэдгийг Дэлхийн таргалалттай тэмцэх холбоо анхааруулж буй.
Ийм тохиолдолд дэлхийн эдийн засаг дөрвөн их наяд долларыг зөвхөн таргалалтаас үүдэлтэй өвчинтэй тэмцэхэд зарцуулах тооцоо гарчээ.
Хүн амын тулгамдсан асуудал жингийн илүүдэлтэй тэмцэхийн тулд эмийн лабораториуд болон хөрөнгө оруулагчид шинэ эм бүтээхээр уралдаж, хэдийнэ үлэмж ашиг олж буйг дээр өгүүлсэн. Novo Nordisk-тэй зэрэгцээд Eli Lily (LLY) хэмээх компани 2023 оны эцсээр таргалалтын эсрэг эмээ АНУ-д худалдаалах зөвшөөрөл авлаа. Тус компанийн Zepbound нэршлийн эм нь өрсөлдөгч Wegovy жин зохицуулагчаас 20 хувиар хямдын дээр гаж нөлөө багатай нь олны анхаарлыг ид татаж байна.
Хүн амын дундах таргалалтын түвшнээр дээгүүрт бичигдэх АНУ эдгээр эмүүдийг даатгалаар олгож, илүүдэл жингийн эрсдэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлснээр 2023 он гэхэд 15 сая хүнийг эмчлэх боломжтой гэж тооцоолж буй аж.
Ер нь дэлхий даяар жин хасах бүтээгдэхүүн, хоолны дэглэмтэй холбоотой зах зээлд 208.8 тэрбум доллар эргэлддэг. Үүнээс зөвхөн таргалалтын эсрэг эмийн зах зээлд 6 тэрбум доллараар хэмжигдэх бөгөөд 2030 он гэхэд 16 дахин өсөж 100 тэрбум ам.долларт хүрэх боломжтой тухай Goldman Sachs банкны судалгаанд дурджээ.
Буруу хооллолтын өртөг
Дэлхий даяар хоол тэжээлийн дутагдалд жил бүр 3.5 их наяд ам.доллар, илүүдэл жин, таргалалттай холбоотой зүрх судасны өвчин, чихрийн шижингийн эмчилгээнд хоёр их наяд доллар зарцуулж буй нь 10 орны ДНБ-ээс давсан үзүүлэлт. Дэлхийн 195 оронд хийсэн системчилсэн үнэлгээгээр буруу хооллолтоос үүдэлтэй өвчлөл нийт нас баралтын 22 хувийг эзэлдэг нь архи тамхи, хорт хавдар, цусны даралт ихсэх эмгэгээс ч хол давах уршигтайг илтгэнэ. Гэхдээ эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлснээр дэлхийн ДНБ жил тутам 0.4 хувиар өсөж 2040 он гэхэд 12 их наяд ам.доллараар нэмэгдэх боломжтойг ч мартаж болохгүй.
Эрүүл бус хооллолт улсын орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж ажиллах хүчний оролцоо, бүтээмжийг бууруулдаг олон жишээ бий. Тухайлбал, Их Британийн Засгийн газраас гаргасан “Эрүүл маргаашийн төлөө ажиллах нь” судалгааны тайланд дурдсанаар татвар төлөгчдийн эрүүл мэнд муудсанаас шууд зардлыг тооцохгүйгээр жил бүр 300 тэрбум фунт стерлингийн эдийн засгийн алдагдал хүлээдэг аж. Тэгвэл Хятадын эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр иргэдийн хоолны дэглэмд өөрчлөлт гарч илүүдэл жинтэй болох үндэс тавигдсан гэж үздэг. 1950-1960 оны үед өлсгөлөнгийн улмаас 45 сая хүнээ алдаж байсан БНХАУ-д эдийн засаг тэлэхийн хэрээр хүн амын дунд таргалалт нэмэгдэж өдгөө насанд хүрэгчдийн талаас илүү буюу 50.7 хувь нь илүүдэл жинтэй. 1.4 тэрбум хүн амтай тус улсын илүүдэл жинтэй иргэдийн тоо АНУ-ын нийт хүн амаас даваад буйн зэрэгцээ нэгэн цагт өлсгөлөн ядуурал газар авч байсан бол одоо хүнсний хог хаягдлаа хэрхэх учраа олохоо больжээ.
Тэгэхээр хүн амын эрүүл мэндийг зохих түвшинд байлгах хамгийн найдвартай арга бол эмийн хэрэглээ гэхээс илүүтэй эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах явдал юм.
Ер нь хоол тэжээлийн буруу зуршлаас үүдэн гарах эдийн засгийн үр дагаврыг харгалзан иргэдээ эрүүл зөв хооллохыг уриалах нь бүх үндэстний ашиг сонирхолд нийцнэ. Мэдээж үүнийг хийх оролдлого нь хувь хүний эрх чөлөө, төрийн бодлого, татвар урамшуулал гэсэн нарийн төвөгтэй сэдэв рүү орох нь гарцаагүй. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс хүнсний орц найрлага, хоол бэлтгэх эрүүл хэлбэрийн ашиг тус, буруу хооллолтын хор хөнөөлийн талаарх боловсролын стандартыг сайжруулахын тулд Засгийн газрууд үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үздэг. Яваандаа аль болох олон хүнийг шим тэжээлтэй, хямд үнэтэй хоол хүнс, энгийн, эрүүл хоол хийх арга хэрэгсэлтэй болгохын тулд хүнсний борлуулагчдад татаас олгох хэлбэрт шилжиж магадгүй юм. Нөгөө талаар хоол хүнс, ундаанд агуулагдах чихрийн хэмжээг нарийн тогтоон татварын бодлогоор барих, өөх тос, хадгалалтын бодис ашиглахыг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй.
Гагц хоол хүнс бус нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих технологийн шийдлийг урамшуулах замаар хүн амын өмнө тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдэх гарц бий.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл