Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирье!

0


Монголд шатахууны эзэнгүй хомсдол нүүрлээд байна. Ер нь байнга ингэдэг. Гэхдээ дүн өвлийн тэр дундаа энэ жилийн онцгой хүйтэнд олон хоног, сараар үргэлжилсэн шатахууны хомсдол монголчуудад хатуу тусаж байна. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шатахууны ханган нийлүүлэлтэд гурван талын оролцоо бий. Шулуухан хэлэхэд, нийлүүлэгч нь Орос, Хятад улс. Зуучлагч нь Монгол Улсын Засгийн газар, ченж нь шатахуун импортлогч компаниуд байдаг. Учир нь манайх бензин, дизель түлшээ гаднаас 100 хувь худалдаж авдаг. Үүний 94-97 орчим хувь Оросоос, үлдсэн хувь нь Хятад болон бусад улсаас орж ирдэг. Яг өнөөдрийн нөхцөлд Оросын тал “Нийлүүлэлтийг хэвийн байхад анхаарч, хичээж байна” гэж байна. Манай улсын Засгийн газар “Шатахууны нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсээгүй байна. Иргэд өөрсдөө л дугаарлаад байгаа шатахууныг нь дуусгачихаад байгаа юм” гэж буй. Харин шатахуун импортлогчдын зүгээс ямар нэг тайлбар хэлээгүй л байна.
 
Ингээд хомсдол үүсгэсэн буруутай эзэн олддоггүй. Монгол даяарх ШТС-ууд дээр уртын урт дараалал үүсээд удаж байгаа юм.
 
Яг ингээд ирэхээр нэг л гарц бидэнд байгаа нь анзаарагдаж байна. Юу гэвэл нэгэнт өөрсдөө үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаж чадахгүй, тэгсэн атал дундаа шатахуун импортлогч компаниуд хэмээх ченжүүд оруулчихсан. Гэтэл шатахуун нь манай стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн байдаг. Өөрөөр хэлбэл, манайх Оросоос шатахуун худалдаж авахдаа зөвхөн ам.доллараар тооцоо хийдэг. Тиймээс шатахууны үнээс хамаарч валютын ханш шууд хөдөлдөг. Үүнийг дагаад манайд үнийн хэлбэлзэл, бараг л өсөлт гэхэд болохоор хөдөлгөөн ордог. Шатахууны үнэ ч цаанаа гурван хүчин зүйлээс хамаардаг. Газрын тосны дэлхийн зах зээл дэх баррелийн үнэ. Оросоос манайд сар тутам тогтоодог хил, үнэ, валютын ханш гурав нийлдэг байгаа юм. Цаашлаад “Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүний хувьд Оросоос бүрэн хараат байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн дүгнэлтийг манай эдийн засагчид, стратегичид хийдэг. Гэхдээ импортоо ч олигтой хийгээд эрэлтээ хангаж чадахгүй байгаа бидэнд энэ нь арай “холын бодол” юм. Харин одоо бол 15 жилийн өмнөх Ерөнхий сайдын “Оросын 100 ШТС-ыг Монголд байгуулъя” гэсэн шиг санал, шийдэл хэрэгтэй болсон байна. Тэр үед 2008 оны тавдугаар сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд маргааш нь УИХ-д оруулж байв. Засгийн газрын саналд “Сүүлийн үед газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр их хэмжээгээр өсөж байгааг хаа сайгүй мэдэж байгаа. Энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Оросын дотоодын шатахууны үнэ, экспортын татвар нэмэгдэхэд хүргэж байна. Олон улсын зах зээлийн үнэ байнга нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүнийг Монголын талд хөнгөлөлттэй үнээр борлуулах хүсэлтийг Оросын талд байнга тавьж ирсэн. 2008 оны нэгдүгээр сарын 30-нд Оросын “Роснефть” компанийн удирдлага манай хүсэлтийг хүлээн авах боломжтой. Харин ингэхдээ “Роснефть” компанийн алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөх зорилгоор Монголд газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх, тухайлбал, Улаанбаатар, Дархан хотод мөн “Мянганы зам”-ын дагуу нийт 100 шатахуун түгээх станц байгуулах саналаа илэрхийлсэн юм. “Роснефть” компанийн саналыг манай газрын тос импортлогч компаниудад танилцуулж удаа дараа санал солилцоход зарим нь хүлээж авч болох санал гэж үзэж байхад, зарим нь дотоодын зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжилсон байр сууриас хандаж байна. Үүссэн нөхцөл байдлыг Засгийн газар өчигдрийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэж дараах дүгнэлтэд хүрч байна. 
 
Нэг. Оросын “Роснефть” компанийн тавьж буй саналыг Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэх боломжгүй юм. Учир нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаар нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан. “Роснефть” компани дангаараа Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 90 гаруй хувийг нийлүүлж байгаа тул хуулийн энэ хязгаарлалтад шууд өртөж байгаа юм. 
 
Хоёр. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр цаашид ч тогтвортой өсөж болзошгүй байгаа тул дотоодын зах зээлийг үнийн огцом өсөлтөөс хамгаалах. Оросын урт хугацаанд хөнгөлөлттэй үнээр газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед дотоодын зах зээлийг илүү нээж, либералчлах, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих төрийн бодлого явуулах нь дунд болон урт хугацаандаа илүү үр ашигтай. 
 
Гурав. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасан дээрх заалтыг хүчингүй болгохдоо газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч гадаадын нэг аж ахуйн нэгж өөрөө эсхүл өөрийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан Монгол Улсад бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхдээ тухайн жилд Монгол Улсад борлуулах нийт газрын тосны бүтээгдэхүүний 10 хувиас илүүгүй борлуулна гэсэн хязгаарлалт тогтоох нь зүйтэй. Түүнчлэн борлуулах газрын тосны хэмжээ нь тухайн жилийн Монгол Улсад борлуулах нийт газрын тосны бүтээгдэхүүний 30 хувиас илүүгүй байх тухай заалтыг ч уг хуульд нэмж оруулах саналтай байгаа юм.
 
Дөрөв. Оросын “Роснефть” компанийн тавьж буй саналын талаар яриа хэлэлцээ хийх эрх зүйн орчныг Засгийн газарт бүрдүүлж өгвөл ҮХЯ эхний ээлжинд тус компанитай санамж бичигт гарын үсэг зурж, тавдугаар сарын үнийг өсгөхгүй байх, улмаар аль болох урт хугацаанд хамгийн хөнгөлөлттэй үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах гэрээний төслийг эцэслэн бэлтгэж УИХ-д танилцуулна” гэж байв. Гэвч тэр үеийн “улс төр” хүлээж аваагүй. “Удахгүй үйлдвэрлэнэ”, “Улсаа хараат болгох гэлээ” гэж улстөржсөөр унагасан. Харамсалтай нь 15 жилийн өмнөх зовлонгоосоо Монгол Улс өнөөдөр салаагүй байна.
 
Тэр ч байтугай Монгол Улс дизелийн түлш, бензинээ үйлдвэрлэдэг болтлоо Орос, Хятадын ШТС-уудыг 100-гаар тогтохгүй оруулж ирвэл зохихоор нөхцөл нэгэнт үүсжээ. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд шатахууны хомсдол үүсэхэд буруутай этгээд тодрохгүй байгаа нь стратегийн энэ бүтээгдэхүүнийг цэвэр бизнесийн орчинтой болгосонтой шууд холбоотой. Нэг үгээр хэлбэл, шатахуун импортлогчид нь Засгийн газраараа зууч хийлгээд, оруулж ирсэн шатахуунаа өөрсдөдөө ашигтай үнэ, хэлбэрээр борлуулдаг. Иймээс шатахуун хомсдож, тасарсан нөхцөлд Засгийн газар нь импортлогчид руугаа чихдэг. Импортлогчид нь шууд болон шууд бусаар хариуцлага хүлээдэггүй тул тоодоггүй. Ийм л тогтолцоо гүн бат оршин тогтнож байна. Гэтэл энэ нь шатахуун импортолдог хэдхэн компанийн захирал хоорондоо ярьж тохирсон байхад л Монголын нийгэм, эдийн засагт шууд нөлөөлөх боломжтой тийм тогтолцоо хэрэгжиж байна. Яг үнэндээ шатахуун импортлогчдод хамгийн их ашиг орлого өгдөг нь төрийн өмчит компаниуд байдаг. Бас Оюу толгой гэсэн том компаниуд ч тэдний бизнесийн “түншүүд” болчихсон. Бидний “шахаа” гэж нэрлэдэг том дүнтэй мянга мянган тонн шатахууны нийлүүлэлтээс импортлогчид өндөр ашиг хүртдэг гэсэн үг. Товчоор хэлэхэд, шатахуун импортлогчид бол зүгээр л нэг ченж гэсэн үг.
 
Тийм байтлаа тэд олон жилийн өмнөөс Засгийн газраас татаас өгөхгүй бол зохиомол хомсдол үүсгэж бойкот хийж байсан явдал цөөнгүй гарч байв. 10-аад жилийн өмнө ШӨХТГ-ын дарга О.Магнай яг ийм үйлдэлд нь хариуцлага тооцож, тухайн үедээ нэлээд хэл ам болж байв. Сая л гэхэд АИ-92 бензин 400 орчим төгрөгөөр, дизелийн түлш 400-560 төгрөгөөр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, шатахуун хомсдоод 20 орчим хоноход литр тутам нь 20 хувиар нэмэгдэж байгааг эх сурвалжууд хүргэж байна.
 
Тэгвэл олон жилийн турш монополь компанийн мэдэлд байсан онгоцны шатахууны үнэ, нийлүүлэлтэд саяхнаас төр оролцсон. Дүнд нь нислэгийн тийзний үнэ хямдарсан бэлээхэн жишээ байна. Тэгэхээр өнөө маргаашдаа шатахуун үйлдвэрлэж, өөрсдийгөө хангаж чадахгүй учраас Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирэх нэг гарц харагдаж байна. Яагаад гэвэл Монголын төр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, стратегийн гол салбаруудад өөрийн хяналтыг тогтоох зайлшгүй шаардлагатай нэгэнт тулгарлаа.
 
сонин mn
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn