Цементийн хомсдол дотоодын үйлдвэрүүд бүрэн чадлаар ажиллахгүй байгаатай холбоотой

474

Засгийн газрын хуралдаанаар импортын цементийн татварыг 2022 он дуустал тэглэх шийдвэр гаргав. Зарим эдийн засагчид болон дотоодын үйлдвэрүүдийн зүгээс дээрх шийдвэрийг бизнес эрхлэгчдийг боомилж буй үйлдэл болохыг хэлж байгаа юм.
Дотоодын томоохон үйлдвэрүүдийн зүгээс цементийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж хэлдэг ч барилгын улирал ид үргэлжилж байхад хомсдол үүсч үнийн хөөрөгдөл бий болох явдал хэд хэдэн удаа давтагдсан. Өнөөдөр л гэхэд хомсдол үүсч тонн цемент ченжүүдийн гарт 580-600 мянган төгрөгийн ханштай байгаа юм.
Цементийн импортын татварыг тэглэсэн асуудлаар “МАК ЕВРО ЦЕМЕНТ” ХХК-ийн байр суурийг тодруулахад “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор импорт саатах, үйлдвэрүүдийн хүчин чадал нийт эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа зэргийг харгалзаж Засгийн газар шийдвэр гаргасан болов уу. Манай зүгээс үүнийг дүгнээд хэлэх боломж алга. “МАК”-ийн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Өдөрт л 3500 орчим тонн цемент зах зээлд нийлүүлж байгаа. Эрэлт маш их байна” гэв.
МАК цемент үйлдвэрээсээ тонн нь 335600 төгрөгөөр гарч байгаа бол шуудай нь 50 кг-ийн шуудайтай нь 16780 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байна. Харин задгайгаар тонн нь 283500 төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа юм. Энэ үнийг жижиглэнгийн худалдаа эрхлэгчид өсгөж байгааг компаниудын зүгээс онцлов. Харин “Монцемент” ХХК-ийн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа юм байна. Одоогоор гэрээт цэгүүд болон гэрээтэй ажилладаг төслүүдэд нийлүүлэгдэж байгаа аж. Тэдний зүгээс Засгийн газрын шийдвэрт ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийхэд эрт байгааг хэлсэн юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс дараахь тайлбарыг хэлж байна. “Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам, тээвэр хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ. Зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосноос цементийн хомсдол зах зээлд үүсч байна.
Ингэснээр Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарлаа. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй болсон. Нэг талаар дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах шаардлагатай.
Зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Ер нь “Монцемент”, “МАК” компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр.Дотоодын үйлдвэрийг гаалийн албан татвараас чөлөөлж, дэмжээд байхад л эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй” гэв.
Цементийн үнийг тээвэрлэлттэй холбож тайлбарлах аж ахуйн нэгжүүд бий. Тэгвэл үүнийг УБТЗ-ын зүгээс эрс үгүйсгэв.
УБТЗ “Цементийн тээврийг гурван өртөөнөөс ачиж, хотын хоёр өртөөнд буулгадаг. “МАК”, “Хөтөл”, “Монцемент” өдөр бүр бидэнд галт тэрэгний захиалга өгдөг юм. Тээврээс шалтгаалан цемент тасарсан, үнэ өссөн асуудал байхгүй. Бид захиалсан тоогоор галт тэргээр хангаж, шуурхай хүргэдэг. Зарим үйлдвэрүүдийн тухайд тоног төөхөрмж эвдэрсэн асуудал бий” гэх тайлбар хэлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn