Ш.Отгонбаяр: Нэмүү өртөг шингээсэн ч махыг зах зээлийн үнээс хямд худалдаалж байна

823


Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд махны нийлүүлэлт, үнэ ханш ямар байгаа талаар “Эргэл” болон ”Хулшанд” худалдааны төвийн хажуугийн махны захаар орж сонирхлоо.
Учир нь хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа тул айл бүхэн, албан байгууллага бүхэн махны хэрэгцээгээ хангах шаардлага бий.

 Дээрх захуудад нэг кг үхрийн мах 12 мянган төгрөг, нэг кг хонины мах 9500 орчим төгрөгөөр худалдаалж байна. Махны үнэ цаашид нэмэгдэх эсэх, нийлүүлэлт ямар байгаа талаар худалдагчаас асуухад тодорхой хариулт өгсөнгүй.
Харин Дорноговь аймагт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Суман зурхай” ХХК-ийн захирал Ш.Отгонбаяртай уулзаж зарим зүйлийг тодруулав.
 
 “Суман зурхай” ХХК өнгөрсөн хавраас эхлээд Дорноговьд нөөцийн махыг худалдаалсан. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хэр байсан бэ?
Энэ жил өмнөд хөршид гарсан корона вируснээс урьдчилан  сэргийлэх зорилгоор улс даяар хорио цээрийн дэглэм тогтоож үүнээс улбаалсан махны нийлүүлэлт орон нутагт доголдож эхэлсэн. Энэ үеэр Сайншандад махны эрэлт тасарч хэрэглэгчдийн очер дугаар үүссэн цаг байлаа.
Манай компани аймаг орон нутгийн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Дорноговь аймгийн Сайншанд суманд  махны хомсдолыг үүсгэлгүй, хоёрдугаарт үнийг өсгөлгүй нэг түвшинд тогтоож байсан.
Өнгөрсөн хаврын хоёрдугаар сарын 01-нээс зуны долдугаар сарын 01-н хүртэл 40 гаруй тонн махыг хэрэглэгчдэд зах зээлийн боломжтой үнээр худалдаалсан. Хэрэглэгчид нэг доороос боломжийн үнээр мах  худалдан авч байлаа. 
Өөрөөр хэлбэл нэг кг үхрийн махыг  8500, хонины махыг 7500 төгрөгөөр тус тус худалдаалж  байсан. Тухайн үед  мах ховор төдийгүй лангуун дээр үхрийн мах 14000, хонины нэг кг мах 9900 орчим төгрөгийн үнэтэй байсан юм.
Дорноговь аймагт махны нийлүүлэлт тасарчихсан байхад “Суман зурхай” компани боломжийн өртгөөр иргэдийн махны хэрэгцээг хангасан. 
Махны үнийг өсгөхгүй байлгах боломж бий юу?

 
Орон нутагт махны үнийг өсгөлгүй тогтоох, махны хомсдол үүсгэхгүй байх, иргэдийн махны хэрэгцээг хангах талаар гаргасан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санал санаачилга ч  тус дэм болсон гэж боддог.

Учир нь Дэлгэрсайхан гишүүн хэтэрхий хувийн ашиг харалгүйгээр орон нутгийн  махны хэрэгцээг хангах, боломжтой үнээр ард иргэдэд худалдаалах  тал дээр анхаарч ажиллаарай гээд манай компанийг дэмжиж ажилласан.
Бид ч өдий болтол тогтвортой ажиллаж байна.Манай компани 2016 оноос хойш ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүнсэнд хэрэглэж байгаа махыг дангаараа гүйцэтгэж ирсэн.
Өнгөрсөн жилүүдэд үхрийн мах  Сайншандад 14000 мянга хүртэл өссөн жишээ ч бий. Үйлдвэрлэлийн аргаар махаа бэлтгэж байгаа болохоор ажилчдын цалин, бусад бүх зардлын үнэ шингэж НӨАТ тооцдог.
Өнгөрсөн хугацаанд Дорноговьд махны үнийг зах зээлийн үнээс 4-5 мянган төгрөгөөр доогуур нийлүүлж байсан тохиолдол ч байгаа. 2018-2019 онд үхрийн мах 12 мянган төгрөг байхад манай компани цэцэрлэгт 6000 төгрөгөөр ч нийлүүлж байлаа.
Махны хэрэгцээг хангахдаа тухайн цэцэрлэг, сургуулиуд өөрсдийн санхүү нөөц боломждоо тулгуурладаг хэдий ч аль болох хямдхан авахыг боддог.
Гэтэл махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлэх хүртэл шат дамжлага, зардал гардаг тул НӨАТ шингээхээс өөр аргагүй. Махны үнэд НӨАТ тооцсон хэдий ч бид аймгийн төвийн зах дээр зарагддаг үнээс 500-1000 төгрөгийн хямд худалдаалж байна.
 Цаашид танай  компани махны үнийг өсгөх үү?
Цаашид 2020-2021 онд махны үнэ хэд байх, ямар боломжтой үнээр нийлүүлэх чиглэлээр сургууль цэцэрлэгүүдэд албан тоотоор хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл нэг кг үхрийн мах 9900, хонины мах 8800 төгрөг байхаар тусгасан.

Цаашид ямар ч бэрхшээл тохиолдлоо гэхэд махны үнийг өөрчлөхгүй бөгөөд тогтоосон энэ үнээрээ махаа худалдаалах болно.
Жишээ нь ирэх хавар үхрийн мах 20 мянга, хонины мах 10 мянган төгрөг хүрлээ гэхэд манай компанийн үнэ өөрчлөгдөхгүй хэвэндээ байх болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn