ДОРНОГОВЬ: Сумын иргэдэд шүдний үзлэг, эмчилгээ хийлээ
Улаанбаатар хотын шүд эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмч нар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын иргэдэд шүдний үзлэг, эмчилгээг энэ оны 10 дугаар сарын 29-нөөс эхлэн гурав хоног хийжээ. Сумын Эрүүл мэндийн төвд хийсэн үзлэг шинжилгээнд иргэд болон хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн шүдний өвчлөлтөй хүүхдүүд хамрагдаж нийт давхардсан тоогоор 615 хүнд үйлчилсэн байна.
Тухайлбал 217 хүнд ломбо, 31 хүнд хиймэл шүд, 28 чулуу цайруулалт хийж эрүүлжилтийн хувь 86 хувьтай гарсан байна. Харин нийт 136 хүүхдэд шүдний эмчилгээ хийжээ. Говийн ундны ус хатуулаг ихтэй, эрдэсжилт ихтэй тул хүн амын дунд шүд үүрэх, цоорох зэрэг өвчлөл нийтлэг байдаг аж.