Гадаад бодлогын үйл ажиллагаа илэрхий доголдож байна

745
712-1579662658d990f163-5dd6-4051-8aec-1606548000f8

Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улс сүүлийн саруудад буруу үйлдэл илэрхий хийсээр байгаагаа үл тоомсорлон явсаар өдий хүрч байгаа нь ядуу жижиг орны хувьд элдэв уршигт хүргэж мэдэх юм.

Үүнд: -Дэлхийд нэр хүндтэй ОУВС-тай байгуулсан гэрээ, хүлээсэн үүргээ дангаараа зөрчин тэтгэврийн зээл тэглэх алхам хийсэнд тус байгууллага нааштай бус реакци үзүүлсэн. Үүнийг нь үл ойшоохоор үл барам “даарин дээр нь давс хийж” Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд (МУ-ын ХМХ-ээр мэдээлснээр бол “ОУВС-г гуйж хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэггүй байсан юм. Монгол Улсын Сангийн сайд ОУВС-тай ийм хөтөлбөр хэрэгжүүлж ирснийхээ хувьд өөрөө хариуц” мэтээр мэдэгдсэн ажээ. Манай улсын нэн хүнд үед аминд орж байсан, хойшид ч аминд орох, дэлхийн нэн нөлөө бүхий олон улсын энэ том байгууллагад хүйтэн хөндий хандсан нь үнэн бол 30 тэрбум ам.долларын өрөндөө дампуурах ирмэг дээр дэнжигнэж буй ядуу манай орны зүгээс байж боломгүй мэдэгдэл. Манай улсын зүгээс уучлал гуйж, байдлаа зөв ойлгуулах алхам хийх нь иргэншилд нийгэмд аж төрөгсдийн элементар үйлдэл баймаар.





Дэлхийг эзэгнэж явсан 13 дугаар зуундаа байгаа бол өөр хэрэг. Нөгөө талаар гадаад оронтой байгуулсан аливаа гэрээ хэлэлцээр, хүлээсэн үүргээ үл ойшоон, хөсөрдүүлдэг найдваргүй улс болж харагдаж байгаа нь хожмын өдөр их уршигтайн хэн бүхэнд тодорхой. “Ярьж хэлэлцсэн, хэлэлцэж тохиролсноосоо танайх байнга эргэж буцаж, гэрээ хэлэлцээрийг дангаараа зарчиж байгааг” ОХУ, Япон….олон түншүүд маань өндөр дээд түвшинд урд өмнө олонтоо Монгол Улсад сануулж ирсэн нь нууц биш.




Иргэншилт улс оронд гэрээ хэлэлцээрээ ингэж хөсөрдүүлнэ гэдэг байж боломгүйн учир Монголын нэр хүнд, түүнд хандах итгэл, найдвар төдий чинээ олон улсын тавцан дээр буурсаар ирсэн. ОУВС-тай байгуулсан гэрээгээ нэг өдөр зөрчиж буй улс бол эгэл жирийн улстай бол хэрхэх нь тодорхой гэсэн гүн ойлголт авч буй улс орнууд хойшид манайд хэр итгэж, байгуулах гэрээ хэлцэлд хэр туйлбартай хандах эсэх нь хойшдоо том урхагтай.




-Германд хар тамхитай баригдсан манай дипломатч авч явсан зүйлээ ГХЯ-ны албан ёсны дипломат-ачаа болгон Монгол Улсаас авч гарч олон улс дайруулан Германд хүргэсэн мэтээр мэдүүлж байгааг Германы хэвлэлүүд мэдээлсээр байна. Герман Улс хэвлэлүүдээрээ дээрх мэдээ гаргаж буй нь сенсаац хөөсөндөө биш, манай албан ёсны байр суурь, реакцийг тандаж байгаа нь илт. Европын холбооны тэргүүлэгч орон төдийгүй энэ холбоо дахь гол түнш, олон жил улс төр, эдийн засаг мэт бүхий л төрлийн дэмжлэгээ үзүүлж ирсэн гурав дахь хөрш-ХБНГУ-д ингэж хайхрамжгүй хандаж боломгүй. Германы хэвлэлийн мэдээгээр бол наркотиктой холбоотой олон улсын гэрээ хэлэлцээрийг бурангуй зөрчин хар тамхиар албан ёсоор “занималддаг” цорын ганц орон дэлхий дээр байдаг нь Монгол болж таарах гээд байна.




Ийм нэр хүндтэй том улсын хэвлэлийн мэдээг дэлхий ноцтойгоор хүлээн авч байгаа. Хар тамхи Европын холбооны нутаг дэвсгэрээр нь дамжуулан наркотрафик хийж, түгээж явдаг төр засагтай ийм бурангуй улстай харилцаагаа ЕХ, дэлхийн хамтын нийгэмлэг таслах алхам увайгүй нэгэн этгээдийн харгайгаар хийхэд хэт муугаар төсөөлөхөд хүрвэл яана. 10 гаруй жилийн өмнө хүн хулгайлан нутгаар нь тээвэрлэсэн хэрэгг Монгол Улсын төр засаг оролцсонд эгдүүцэхдээ хатуу демарш хийж байж байсан нь сургамж болсон баймаар. Ийм гай нь арай ирдэггүй юм гэхэд угаасаа ядуу агаад найдваргүй гэсэн тааруу нэр хүнд маань олон улсын тавцан дээр улам унаж, манийг тоож харьцах улсгүй болох ч юм билүү. Гадаад ертөнцтэй ялангуяа гуравдахь хөрштэй холбоог нь барьж, чиглүүлэх үүрэгтэй ГХЯ нь дээрх хоёр ноцтой үйлдэлд өнөө хүртэл дуугүй байгаа нь “молчание -знак согласия “ гэдгээр дэлхийд ойлгогдох болно.

Энэ үйлдлүүдийн утга учрыг дэлхийнн хамтын нийгэмлэг, гуравдахь хөршүүддээ эртнээс зөв тайлбарлан ойлгуулахгүй бол саарлаас хар жагсаалтад гулсвал ГХЯ хичнээн гүйгээд ч оройтно гэдэгт олон арван ахмад дипломатчид санаа зовинож байгаа бөгөөд тэднийг төлөөлөн ийнхүү тэрлэж байна.



Б.Баасансүрэн

Ахмад дипломатч
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn