"Түмэн айл инвест” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

723

Дорноговь аймгийн Мандах сумын Алхан тээг, Баянхошуу багийн нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Түмэн айл инвест” ХХК энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд нүүрс олборлохоор машин техникээ авчирч, хээрийн кемп байгуулангазар ухаж эхэлснээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэйтулгарсан юм.
Харин үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга О.Батжаргалын захирамжийн дагуу аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаагийн газрын хамтарсан Шуурхай бүлэг энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд Мандах суманд ажилласан байна. Шуурхай бүлгийн дүгнэлтийг албанхнаас тодрууллаа.
Шуурхай бүлгийн ахлагч Дорноговь аймгийн МХГ-ын Байгаль орчин, дэд бүтэц, хөгжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Төмөрбаатар:“Түмэн айл инвест” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Шуурхай бүлэг Мандах суманд ажиллаж үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих шатны шалгалт явуулж шаардлага хүргүүллээ.
Тухайлбал, уурхайн талбай дээр байх шаардлагатай баримт бичгийн иж бүрдлийг хангахгүй буюу дутуу баримт бичгүүдтэй, газрын төлөв байдал чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт байгаа боловч тайлан байхгүй. Газар ашиглуулах гэрээ, ус ашиглуулах дүгнэлт, гэрээ зөвшөөрөл байхгүй, археологи палентлогийн судалгааны дүгнэлтийг хавсаргасан боловч тайлан байхгүй, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байхгүй. Сумын Засаг даргын газар олгосон захирамжийн асуудал нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг сумын ИТХ-аар хэлэлцүүлж баталгаажуулсан эсэхийг цагдаагийн байгууллага тогтоох. Мөн газар эзэмшүүлэх шийдвэр нь хууль зөрчсөн байх магадлалтай тул энэ асуудлыг шийдвэрлэж дуустал компанийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан.

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Оюунсайхан: Компани газар ашиглах гэрчилгээгээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй
Мандах суманд байдаг арван наймын Богд уулыг УИХ-аас 2011 онд улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулсан байна. Харин “Түмэн айл инвест” ХХК-ийн хамааралтай тусгай зөвшөөрөлтэй газар нутаг арван наймын богд уулаас 4.9 км-ийн зайтай.Ашигт малтмалын тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ашиглалт, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг хэсэгт газар ашиглах эрхээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгүүлд бүртгүүлсэн байх ёстойг хуульчилсан байдаг. Тус компани газар ашиглах гэрчилгээгээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй нь тогтоогдсон. Тэгэхлээр холбогдох Захиргааны шийдвэр гарах хүртэл тус компанийн үйл ажиллагааг хориглох шийдвэрийг холбогдох чиг үүргийн байгууллага гаргасан байгаа.

Дорноговь аймгийн БОАЖГ-ын уул уурхай, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Болормаа:Асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхээр санал оруулахад иргэд дэмжээгүй 
Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ бол уурхайн үйл ажиллагаа явагдах үед болзошгүй сөрөг нөлөөллүүд гарахыг урьдчилан тооцоолж үүнийг бууруулах арилгах, арга хэмжээ зохион байгуулах зорилготой суурь баримт бичиг юм. Нарийвчилсан үнэлгээг “Мейк грийн”  ХХК хийсэн байна. “Түмэн айл инвест” ХХК нь Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-4-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасан байдаг. Гэтэл байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх явцдаа Алхан тээг, Баянхошуу багийн Иргэдийн нийтийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулахад иргэд дэмжээгүй гэсэн хурлын тэмдэглэл баримт бичигт хавсаргасан байна.

Дорноговь аймгийн ЦГ-ын Экологийн асуудал хариуцсан Эрүүгийн ахлах мөрдөгч Ахмад А.Ууганбаяр: Нийтийн хэв журмыг хангах ажлыг зохион байгуулсан
Цагдаагийн байгууллагаас уг асуудлын хүрээнд  газар дээр нь ажилласан бөгөөд улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд Цагдаагийн газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Мандах суманд ажилласан. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Мандах есөн гайхамшиг” ТББ-аас гаргасан жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг сумын Засаг дарга бүртгэж зөвшөөрөл өгснөөр цуглаан болсон. Жагсаал цуглаан зохион байгуулж буй асуудлын хүрээнд хууль дүрмийг сахиулах, нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээрх мэдэгдлийг жагсаал цуглаан зохион байгуулагчдад өгч тэдний аюулгүй байдлыг хангаж ажилласан.  Мөн энэ хугацаанд Мандах сумын нутаг дэвсгэрт  иргэд гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа гэх мэдээллийн мөрөөр ажиллахад иргэд, компанийн удирдлага хооронд зөрчилдөөн үүсч техник хэрэгсэл явуулахгүй байх, түүнийг саатуулах, улмаар хүний бид харилцан гар хүрсэн байж болзошгүй мэдээлэл гомдлыг хүлээн авч шалгаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn