Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал гэрийн ажлыг хуваалцахаас эхэлнэ

157


Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал сул байгааг судалгаа баримтууд харуулдаг. Хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-ын нийт суудлын 17 хувийг л эзэлж байна. Гэтэл дэлхийн дундаж 25 хувиас давсан байгаа юм. Сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын жендэрийн мэдрэмжгүй байдал, нийгэмд байгаа хэвшмэл ойлголтууд зэрэг олон хүчин зүйл эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалд саад тотгор болдгийг судлаачид онцолдог.

Доктор Ш.Батсүх, судлаач Л.Бямбаханд нарын хийсэн “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс” судалгаанд оролцсон жендэрийн экспертүүд нийгэмд оршиж буй жендэрийн хэвшмэл хандлага эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарлагч суурь хүчин зүйл хэмээн үзжээ. Тэгвэл эмэгтэй улс төрчдийн зүгээс гэр бүлийн үүрэг хариуцлага, ажил-амьдралын тэнцвэрийг хадгалахад тулгардаг бэрхшээлүүд хамгийн том саад тотгор болдгийг уг судалгаанд тэмдэглэсэн байна. Үнэндээ энэ нь нэг утасны хоёр үзүүр болохыг энэхүү бичвэрээр харуулахыг зорилоо.
“Манай эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо сул байгаа нэг шалтгаан нь гэртээ зарцуулах цаг хугацаа их байдагт оршиж байгаа юм болов уу гэж боддог” хэмээн Дорноговь аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Адилбиш хэлэв. Тэрбээр 2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа төлөөлөгчдийн оролцоо, манлайллын чиглэлээр мэдлэг олгох сургагч багшаар ажиллаж байсан. Монгол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2-9 дахин их цаг хугацааг гэрийн ажил, хүүхэд асрах гэх мэт хөлсгүй хөдөлмөрт зарцуулдгийг Үндэсний Статистикийн хорооноос 2020 онд гаргасан Цаг ашиглалтын судалгаа харуулжээ. Тухайлбал, 18-24 насны гэр бүлтэй эмэгтэй өдөрт зургаан цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байхад ижил насны гэр бүлтэй эрэгтэй ердөө 45 минут зориулж байгаа юм. Судалгаанаас харахад 25-39 насны эмэгтэйчүүд өдөрт таван цаг, 40-59 насныхан 4.3 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn