30 гаруй цэргийн алба хаагчид Замын-Үүд боомтод үүрэг гүйцэтгэж байна
БНХАУ-ын Эрээний боомтод гацсан Монголын бизнес эрхлэгчдийн захиалгат барилгын материал, гэр ахуйн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, төрөл бүрийн түүвэр ачаа, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах, Замын-Үүд боомтод бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийн дарааллыг багасгах, улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, Эрээнээс орж ирсэн ачааг авто машинаас галт тэргэнд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулах Улаанбаатар болон бусад 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулах үүрэг, зорилго дор бүрэн эрхт төлөөлөгчөөр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарын томилогдсон бүрэлдэхүүнээс гадна Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын Цэргийн удирдах газрын Цэргийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Т.Батсайхан зэрэг алба хаагчид удирдлага зохион байгуулалтаар чиглэл өгч ажиллаж байна. Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын захирагч, ахлах дэслэгч М.Цогнэмэхээр ахлуулсан 25 алба хаагчид гурван нэгж техниктэйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дөрвөн шалган нэвтрүүлэх цэгт энэ сарын 7-ны өдрөөс хойш хяналт тавин явган болон машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.