Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн 434 иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 09-нд татан авлаа.
Хот хоорондын зорчигч тээврийн автобусаар ирсэн иргэдийн хүлээн авах ажлыг аймгийн Авто тээврийн газар, Сайншанд сумын ЗДТГ, I-VIII багийн ажлын алба хамтран зохион байгуулсан юм. Автобусаар ирсэн иргэдийн ихэнх нь Улаанбаатар хот болон бусад аймаг хотуудад сурдаг Дорноговь аймгийн оюутнууд байна.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 146 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-д заасны дагуу иргэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлан, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, зохих дэглэмийг чанд мөрдөх ёстой гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.