Ирэх сарын 3-нд "Зулын 25" -н тохионо
Ирэх арванхоёрдугаар сарын 3-нд өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу Богд ламын их дүйчэн өдөр тохионо. Манзушир бурхны хувилгаан хэмээн алдаршсан Богд Зонхова ламын дүйчэн өдрийг дурсан хүндэтгэдэг өдөр юм. Монголчууд энэ өдрийг "Зулын 25" хэмээн тэмдэглэж, эртнээс нааш зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн билээ. Эл өдөр хийсэн буян ном хэмжээлшгүй ихээр арвиддаг хэмээн бэлгэшээдэг. Нүгэл үйлдэх, мал төхөөрөхийг цээрлэдэг.
Бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь VI жарны Алтан унжлага хэмээх гал тахиа жилийн өвлийн тэргүүн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн бөгөөд VIII жарны шороон гахай жилийн өвлийн тэргүүн сарын 25-ны үдэш таалал төгссөн хэмээн түүх, сурвалжид тэмдэглэжээ. Харин Манзушир бурхан бол билиг оюуны бэлгэ тэмдэг бөгөөд амьтны тусын тулд хүний дүрээр бууж мэндэлсэн нь Богд Зонхова лам хэмээн үздэг байна.
Тиймээс энэхүү дүйчэн өдөр оюун ухааныг хөгжүүлж, билиг төгөлдөр болохын бэлгэдэл болгон зул өргөдөг уламжлалтай аж. Зулын гэрэл харанхуйг арилган гийгүүлдэгтэй адил бэлгэшээж, мунхгийн харанхуйг тайлж, оюуны гэгээ, ухааны гэрлийг дэлгэрүүлэхийг ерөөдөг ажээ. Дүйчэн өдрөөр сүсэгтэн болон хүрээ хийд зорин ном хуруулдаг, хурал номд даган баясах нь элбэг. Мөн гэртээ зул өргөж, цагаан хоол идэж, үгийг сайныг хэлэлцэж, хангай дэлхийдээ сүү идээний дээжийг өргөдөг соёл тогтжээ.