Израил Газын зурваст агаараас довтолж, 400 гаруй хүн амь үрэгдлээ
Энэ талаар Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Хамасын эсрэг байлдааны ажиллагааг сэргээсэн хэмээн мэдэгдсэн байна.
Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамны мэдээлснээр дайралтын улмаас 400 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархадсан гэв.
Талууд гал зогсоох хэлэлцээрт санал нэгдэж энэ оны нэгдүгээр сард галаа зогсоогоод байсан. Энэ гэрээ гурван үе шаттай хэрэгжих байсан ч эхний шат хэрэгжсэний дараа ийн дахин дайны нөхцөлд шилжив.
Израилын талаас мэдээлснээр Газын зурваст барьцаанд буй израил иргэдийг суллуулахаар Хамастай хэлэлцээр хийхийг оролдсон ч Хамасаас саналыг удаа дараа няцаасан гэжээ.
Талууд эхний шат дуусмагц дараагийн шатад хэрхэн шилжих асуудлаар санал зөрөлдсөөр байсан аж.
АНУ болон Израил эхний үе шатыг сунгаж, нэмж барьцааны хүмүүсийг суллах санал гаргасан. Харин Хамас болон гэрээг зуучлагч Катар, Египетийн зүгээс өөрчлөлт оруулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Израил агаарын дайралт хийхээсээ өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай зөвшилцсөн гэж мэдээлсэн байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч "Хамас барьцааны хүмүүсийг суллаж гал зогсоох хугацааг сунгах боломжтой байсан ч тэд татгалзаж, дайныг сонгосон" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС