Утаанаасаа салъя гэвэл УЛСТӨРЖИХӨӨ Л БОЛЬЧИХ хэрэгтэй байна

15

Утаа гэдэг зүйл саяхан л ганц манай ч биш, хойд, урд хөршөөс эхлээд ташраараа тулгамдсан асуудал байлаа. 2010-аад оны үед Бээжин хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж, баячууд нь нийслэлээсээ нүүж байв. Хойд хөрш ч мөн ялгаагүй, түүхий нүүрснээс татгалзаж чадахгүй, хүлэмжийн хийгээ бууруулахгүй байсан тул 2012 онд Киотогийн протоколоос гарах асуудал яригдаж байв. Манайх 2011 оноос утааг бууруулна хэмээн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зуух яндан тарааж олон юм  болж ирсэн. Өнөөдөр мөн л утаагаа ярьж сууна. Монголын нөхцөлд утаа мөнхийн сэдэв байсаар ирлээ. Гэхдээ бусад улс орнууд гарц шийдэл ярьдаг, шинэ технологи дэвшүүлдэг, тэрийгээ хэрэгжүүлдэг. Алдаа оноо гарсан ч сайжруулах замаар дэвшил хөгжлийн шат руу орж утаагаа шийдэж ирэв. Харамсалтай нь манайх эсрэгээрээ. 2011 оноос эхлээд утаа ярьж, улс төр, бизнесийн бүлэглэлүүд мөнгө идсэн.
2014 оны өвөл нийслэлээс гаргасан тайланд утааны тухай хурал, зөвлөгөөнд зарцуулсан мөнгө нь хэчнээн тэрбумыг давсан үзүүлэлт гарч шуугиан дэгдсэн ч удалгүй хавар болж мартчихсан. Утаа ярихаараа гарц шийдэл, технологи талаас огт ярихгүй. Ярьсан нэгнийгээ авч хэлэлцэхгүй, эсрэгээрээ харааж зүхэж, булшлах нь холгүй юм болно. Тэгээд яаж байна вэ гэхээр, зүгээр л хэн нэг даргыг огцруулах, оронд нь өөр хэн нэгэн бушуухан сайд дарга болох гээд л үзэж тарцгаана. Одоо ч тэр л жишгээр сошиалд бие биеэ хэмлэж, цахимд цовдолж  буйгаас биш хэн юу хэлэв, шийдвэр гаргах төвшинд ямар асуудал хэлэлцэв. Утаа бууруулах ямар үүрэг чиглэл өгөгдөв. Тэр нь хэрэгжих боломжтой эсэх, бодит байдал ямар байгаа гээд харьцуулж, дүгнэлт хийж байгаа хүн  ер нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Нэг л их цэцэрхсэн, эсвэл бүгдийг үгүйсгэсэн, бусдыг харааж зүхсэн, доромжилсон, тэнэг мулгуугаар нь дуудсан л хүмүүс. Яс юман дээр гэр хороололд амьдардаг, зуух яндантай, шахмал түлш хэрэглэж, утаа мэдрэгч ашиглаж байгаа хүн тийм зүйлүүд бичиж байна уу гэтэл үгүй. Хэдэн жилийн өмнө дүүргүүд орон гэргүй иргэдэд гэр тарааж өгч байхад “Булган малгай духдуулж, алтан бөгж зүүсэн хүн ирээд гэр авч байна” хэмээн сэтгүүлчдийн дуранд өртсөнтэй агаар нэг зүйлүүд ажиглагдаж байна. Тухайлбал, орон сууцанд амьдардаг иргэд л угаар мэдрэгч бол хог шүү, зуух янданг шинэчилж тараах шаардлагагүй, дээвэр туурга тарааж мөнгө үрсний  хэрэггүй гэж хамгийн их бичиж, харааж зүхсэн харагдана. Гэтэл бодит байдалд өөр шүү дээ. Дулаан алдагдлыг бууруулахын тулд өнөөгийн тулгамдсан нөхцөлд дээвэр, туурга тараах нь шийдэл мөн үү гэвэл мөн. Яагаад гэвэл хугацаа тулсан, өвөл эхэлсэн учраас. Гэртээ дулаалга худалдаж авч чадахгүй байгаа иргэд бий. Үнийг нь хувааж төлөхөөр өгчихвөл боломжтой нь ч бас байгаа. Ийм л нөхцөлд гэр хорооллын иргэд түүхий нүүрс, дугуй, шатдаг лав түлж утаа ихээр гаргаж байгаагийн сөрөг үр дагаврыг нийслэлчүүд нийтээрээ үзэж туулж байна. гэтэл цахим хуудаст хуурамч нэрээр хаяг нээж, нохой муурны зураг тавьсан зарим этгээд “Гэр хорооллынхон бүгд устаж үгүй болбол хот цэвэрхэн болно”  гэсэн утгатай зүйлүүд бичиж байгаа нь даанч харамсалтай.
Нөгөө талд дулаалга муутай гэр, хувийн сууцанд даарч суугаа иргэд хөлдөж үхэхгүйн тулд  гарт ойр байгаа,  юу олдсоноо шатааж  утаа ихээр гаргаж байгаа шүү дээ. Шийдэл юу байна гэхээр тэднийг харааж зүхэхийн оронд бид  янданг цөөрүүлж байж л утаанаас сална. Бага орлоготой иргэдээ орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж байж шийдэл олно гэдэг рүү  арай шинжлэх ухаанчаар хандаж, ярьж бичдэг баймаар.Тухайлбал, Засгийн газар лхагва гарагийн ээлжит  хуралдаанаараа “Яндангүй бүс” байгуулна гэсэн шийдвэр гаргасан.
Хотын дарга Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээний талаар танилцуулсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “60 мянган өрхөд гэр байшингаа дулаалж, дулаан алдагдалгүй байлгах талаар зөвлөмж өгч байна. Зуухыг зайлшгүй солих шаардлагатай 84 мянган өрх байна” гэдгийг хэлсэн. Зуухны тухайд 2011 оноос хойш айл өрхүүдэд бага үнээр тараасан төслийн зуухууд одоо хуучирч муудсан нь мэдээж. Угаарын хий мэдрэгчүүд ч муудсан, зарим нь эвдэрсэн. Тэр бүү хэл утаа мэдрэгчээ зараад архи аваад уучихсан, мэдээлэл дутмагаас  авдартаа хийсэн хүн ч байна. Байсхийгээд хүмүүс угаартлаа, амь насаа алдлаа гэсэн мэдээллүүд гардаг. Тэрний хэд нь хувийн аюулгүй байдлаа хангаагүйгээс, эсвэл цоорсон зуух яндан, шахмал түлшнээс болсон уу гэдэг чиглэлд судалгаа байвал үүнд  хариулт болох байх. Тэгэхээр зуух утаа мэдрэгчийн шинэчлэл бол зайлшгүй хэрэгжүүлэх ёстой болохоос сошиалд хэдэн хүн шүүмжилсний төлөө зогсоож болохгүй ажил.
Сүүлийн үед утаа ихэссэнтэй холбоотойгоор одоогийн сайжруулсан түлшний найрлага, технологийг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн. Цаашид 800 км-ийн алсаас мидлинг авчрах уу. Чойр-Нялгын сав газраас хүрэн нүүрс авчирч, перкет үйлдвэрлэх үү гэдэгт судалгаа хийнэ гэсэн шийдвэрүүд гарсныг хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслүүд мэдээллээ. Хамгийн гол нь  зуух янданг цөөлөх ёстой. Зуух, яндан байгаа цагт гал түлдгээрээ түлж, утаа ч гардгаараа л гарна шүү дээ. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй гэр хороололд л гэхэд 2019 оны байдлаар 160 мянган айл өрх амьдарч байсан. Тэр үед 350 мянган тонн түлш хэрэглэдэг байсан бол гэр хорооллын өрхийн тоо нэмэгдсэн. Тухайлбал, нийслэлийн гэр хороололд 198 мянган яндан байна гэдэг тооллогыг 2024 оны долоодугаар сард нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагаас гаргажээ. Иргэдийн хэрэглэж буй сайжруулсан түлшний хэмжээ ч   520-540 мянган тонн болж өсжээ. Ийм байхад агаарын бохирдол, хорт утаа яаж буурах билээ.
Иймд  айл өрхийн заримыг хийн түлш рүү шилжүүлнэ гэдгээ  Хотын дарга  мэдэгдсэн.  Энэ нь аажмаар шахмал түлшнээс татгалзах алхам гэдэг талаас иргэдийн олонх нь  ойлгож хүлээж авсан. Бас дээр нь “Prius” загварын автомашинууд нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож, агаарт хортой бодис ялгаруулж байгаа тул тэдгээрийг  журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авахаас аргагүй болсноо ч хотын удирдлагууд хэлж буй.
Хамгийн гол нь утаатай холбоотой асуудалд иргэд  талцаж улстөржих биш, улстөрчид нь ч утааг бие биеэ намнах “зэвсэг” болгож ашиглалгүй, эрдэмтэн, судлаачдаа илүүтэй сонсож, үүсээд буй асуудалд  судалгаатай, бодитой  хандаж сурсан цагт л бид утаанаас сална.
Тэгж чадахгүй бол утаатайгаа XXI байтугай зуун руу хөл тавих биз ээ.

Zindaa.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn