МАН улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах гээд л нууцаар гэтээд байна

156

МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Өвөрхангай аймгаас гаралтай гишүүд улсын нийслэлийг Хархорумд байгуулах тухай идэвхтэй ярьцгаадаг боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сард Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаж, 2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр сурагчдад энэ сэдвээрээ хичээл заав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Өвөрхангайн харьяат Я.Содбаатар нийслэлийг өөрийн нутаг руугаа нүүлгэх тухай хэвлэлүүдэд үе үе ярьж, барьц ахиулдаг болоод удаж байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн институтийг түрүүлж нүүлгэх тухай яригдаад намжлаа. Араас нь төрийн байгууллагууд, хууль шүүхийнхэн гээд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гол тогтолцоог авааччихна гэсэн яриа ч дэгдлээ. Ийнхүү МАН-ын гишүүд улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлахаар нууцаар гэтэж эхэллээ. Арай л ил тод нүүлгэнэ гэж ярьж чадахгүй байна. Хэрэв тэгж яриад эхэлбэл Үндсэн хууль зөрчинө гэж түүнээсээ болоод ширээнээсээ шилжиж магад гэж айж байгаа. Мэдээж хотын олон иргэн ингэж хэлэхийг нь хүлээгээд анаад байж байгаа. Хэлээд хөөрцөглөөд эхлэхээр нь Үндсэн хуулийн цэцэд өгөх гээд.
МАН-ын улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах ажиллагаа эртнээс эхтэй. 2004 онд Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх УИХ-ын тогтоолыг баталж байв. МАН төр барьсан жилүүддээ энэ сэдвийг ярьсаар л байдаг. Ялангуяа Өвөрхангай аймаг, Хархорин сум байгуулагдсан ойн жилүүдээр нэлээд идэвхэждэг. 2016 онд гэхэд Хархорин сумын 60 жилийн ой тохиож, УИХ-ын гишүүн байсан Я.Содбаатар Хархориныг хот болгон хөгжүүлж, улсын нийслэл болгох санаагаа алсуур ярьж л байв. Өнөөдөр ч идэвхийлэн ярьж буй.
Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан. Монголчуудын түүхэнд анх удаа нэг сая хол давсан хүн амтай хот байгуулж чадсан нь нийслэл Улаанбаатар юм. 400 орчим жилийн хугацаанд монголчууд унаж, босч явсаар дэлхийн хотуудыг бараадах хотыг байгуулаад буй нь энэ нийслэл маань юм.
Шийдвэрлэж чадаагүй олон ч хүндрэл бэрхшээл бий. Гэтэл өөр нэг газарт нийслэл хот байгуулна хэмээн ярьж хэлж, олон нийтийн санаа бодлыг талцуулдаг боллоо. Хэрэв Хархорин руу нийслэлийг нүүлгэвэл Улаанбаатар ч үгүй, Хархорин ч үгүй замхрах асуудал энүүхэнд. Улаанбаатараас Дархан хүртэлх 200 км замыг найман жилийн хугацаанд барьж байгуулж чадаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа. Гэтэл бүхэл бүтэн нийслэл хотыг 360 км-ийн алсад байгуулна гэдэг үнэмшилгүй зүйл. Хотын төвөөс барилгын зах, машины захыг нүүлгэнэ гэж олон жил яриад өнөөдөр ямар дүр төрхтэй байгаа билээ. Төвөөс зах хүртэл 30 км-т нүүлгэн шилжүүлэлт хийж чаддаггүй хүмүүс улсын нийслэлийг нүүлгэнэ ч гэж юу байх вэ гэж бодмоор. Гэвч ингэж яриад байвал Улаанбаатарын хөгжилд асар их хор нөлөөтөй тусна. Нийслэл Улаанбаатарын утааг шийдэж чадалгүй улсын төсвийг хэдэн их наядаар нь хоосолж, эрх баригчид сонгуульд ялж өөрсдөө л хөлжсөн. Замын түгжрэл ч адилхан. Дэлхийн бусад улс орон энэ бэрхшээлийг удирдагчдынхаа ур чадвар, улс орноо гэсэн сэтгэл зүтгэлээр даван туулаад гарчихсан бэлээхэн жишээнүүд байхад манай улсын эрх баригчид үлгэр жишээ авдаггүй. Эцэстээ агаарын бохирдол, түгжрэлээ шийдэж чадахгүй, өөрсдийнх нь толгой дээр буугаад ирэхээр улсын нийслэлийг нүүлгэх тухай ярих боллоо. Энэ бол хулчгар унаган монгол зангийн илрэл л дээ.
Ерөөсөө Монгол Улсыг хөгжүүлдэггүй нэг том хүчин зүйл бий. Энэ нь бэрхшээл тохиолдоход хаяад нүүчихдэг монголчуудын зан. Яг л үүний жишгээр утаа, түгжрэл хоёроо шийдэж чадахгүй, оюуны потенциал, улс төрийн манлайлал тэг заачихсан гэдгээ баталж, Улаанбаатараас улсын нийслэлийг хулгайлах тухай ярьж байгаа юм. Ингэж харахаас ч аргагүй нөхцөл байдал өнөөдөр бий болсон байна. Асуудлаасаа зугтаадаг, амар хялбар руу урвадаг муухай үйлдэл. Улс орны удирдагчид ийм байх ёсгүй.
Хэрэв Улаанбаатар нүүх болбол 1.7 сая хүн амын эд хөрөнгө юу ч биш болно. Үе удмаараа хөлс хүчээ урсган байж бүтээсэн байр сав, үл хөдлөх хөрөнгүүд, бизнес үнэгүйднэ. Тэд зүгээр л хог
болно. Хэн ч тэрийг чинь худалдан авахгүй. Яагаад гэвэл Улаанбаатар хаягдсан хот болно. Хаягдсан хотыг зүгээр өгсөн ч луйварчин ч тоож авдаггүйг дэлхийн түүх бэлээхэн харуулна.
Харин дарга нар бол өөр. Тэд төсвөө тонодог, ард түмнийхээ боломжийг хулгайлаад хэдэн үеэрээ барж дийлэхгүй хөрөнгийг нэгэнт хураачихсан. Энэ л зангаараа Хархорумд хот байгуулах нэрээр туйлна. Ядарсан иргэдийнхээ боломжийг дахиад хулгайлна. Хотынхоо төвд газартай болно, барилга байшин бариулна. Сая нэг өсөж өндийж зах зээлийн өрсөлдөөн дунд өөрийн гэсэн жижиг үйлдвэр, бизнестэй болсон иргэд шууд дампуурна. Насаараа банкны лизинг төлж байртай болсон хүмүүсийн хөрөнгө үнс болоод дуусна. 300 жилийн гадаадын дарлалын дараа сүүлийн гучхан жилд цус хөлсөөрөө арай гэж босгож авсан үндсэн хөрөнгөө гэнэт нэг өглөө сэрээд хотоо нүүлгэж түүхэнд үлдье гэж хөөрцөглөсөн хэн нэгэн охорхон бодлоготны тоглоом болгох хайран биш үү. Үүнийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Бараг хоёр сая монгол иргэнийг хохироон байж нүүдэллэх нь хаанахын хэний бодлого юунд чиглээд байна вэ. Энэ бол Улаанбаатарыг устгах бодлого юм. Улаанбаатар устахад Монгол гэж улс байх юм уу.
Ер нь нүүх тухай яриа монголчуудад маш хортой юм. Нүүх юм чинь юм бүтээдэггүй, барьдаггүй. Наад зах нь хашаандаа мод тарьдаггүй, тухтай сайхан амьдрах байшинтай болдоггүй. Алсдаа аймгийн төв бараадна, хүүхэд сургууль төгсвөл хот руу дөхнө гэх санаа сумын төвийн айл бүрд байдаг. Сумын төвд яагаад гоё үндсэн хөрөнгө бүр ядахдаа мод тарьдаггүйн гол шалтгаан энэ л байсаар ирсэн. Түүхэндээ нүүдэллэж ирсэн уламжлал дэлхий энх тайвнаар оршин тогтнож, суурин соёл иргэншлийг батжуулж байгаа энэ зуунд биднийг хөгжлөөс чангаадаг болсон. Гэвч энэ сонирхол дээр улс төр хийгээд сурчихсан нөхөд л хожиж ирсэн. Одоо нүүх тухай мартаж байж л энэ улс хөгжинө. Нүүх газар дууссан гэж бодож байсан худлаа байж.
УИХ-ын гишүүн гэдэг статус Монгол Улсын хэмжээнд сэтгэж, хэтийн 10, 20 жилийн дараах хөгжлийг зураглаж, түүний төлөө дуу хоолойгоо өргөж явах үүрэгтэй албан тушаал юм. Харин манай Өвөрхангайн гишүүд болох Д.Тогтохсүрэн нарын улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах санаархал тээж, 1.7 сая хүний бүтээсэн амьдрал, түүхийг гишгэлэхээр завдаж байна. Уг нь тэд монголчуудыг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэг хүлээж парламентад сонгогдсон хүмүүс.
Ийм бодлоготой нөхдийг дэмжих үү, энэ улсыг босгоод, Улаанбаатарын асуудлыг шийдээд өгөх, Улаанбаатарын асуудлыг устгаад хаях улс төрийн хүчин, улстөрчдийн алиныг нь сонгох вэ гэдэг зам дээр бид тун удахгүй очно. Өөрөөр хэлбэл, монголчууд ялангуяа улаанбаатарчууд хэдхэн сарын дараа болох сонгуульд хашир, хэрсүү хандах цаг ирж байна.
Б.ЭНХЗАЯА
ӨДРИЙН СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn