ТАСС: Башар Асад гэр бүлийн хамт Москвад ирсэн

52

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/.
 Босогчид томоохон хэмжээний давшилт хийх үед эх орноосоо гарч явсан Сирийн Ерөнхийлөгч Башар Асад гэр бүлийн хамт Москвад ирсэн гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Кремль дэх эх сурвалжийг эш татан ням гарагт буюу өчигдөр мэдээлжээ. 

“Асад гэр бүлийн хамт Москвад ирсэн. Хүмүүнлэгийн үүднээс ОХУ тэдэнд орогнол олгосон” гэж эх сурвалж хэлсэн байна. 

Мөн өдөр Британийн хэвлэл мэдээллийн BBC компани “Flightradar24” цахим хуудасны мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн Оросын нисэх онгоц Латакиа мужаас хөөрснийхөө дараа транспондерийг унтрааж, Оросыг чиглэн ниссэн гэж мэдээлсэн юм. “Уг онгоц Хмеймим дэх Оросын цэргийн баазаас эсвэл Латакиагийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн байж магадгүй. Нисэх онгоцны транспондерийг Москва хотын ойролцоо хэсэг хугацаанд асааж, буухаасаа өмнө дахин унтраасан” гэж Telegram сувагт нийтэлсэн ВВС-гийн мэдээлэлд дурджээ. 

Б.Асад Москвад ирсэн тухай албан ёсоор мэдээлээгүй байна. 

Үүний зэрэгцээ олон улсын хэвлэлүүд Сирийн далбааг ОХУ дахь Сирийн Элчин сайдын яамны байрнаас буулгасан болохыг харуулсан зургуудыг интернэтэд нийтэлж байна. Дипломат төлөөлөгчийн газрын нэр бүхий самбарыг мөн буулгажээ. 

Б.Ассад Сириэс явсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлэв

Башар Асад “ерөнхийлөгчийн албан тушаалыг орхиж”, Сириэс явах шийдвэрийг гаргасан гэж Оросын Гадаад хэргийн яам өмнө нь мэдээлсэн юм. Ингэхдээ Б.Асад “эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгөхийг үүрэг болгосон байна”. "Орос улс эдгээр хэлэлцээнд оролцоогүй. Бид хүчирхийлэл үйлдэхээс татгалзаж, засаглалын бүх асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг уриалж байна" гэж тус яам онцолжээ.

Энэ хооронд Ерөнхийлөгч асан Башар Асадын Дамаск дахь ордныг хэт давруу үзэлт суннитүүдийн “Хайят Тахрир аль-Шам” бүлэглэл тэргүүтэй босогчид тонон дээрэмдсэний дараа Сирийн олон арван иргэн ордонд ирсэн гэж AFP агентлаг бичжээ.

Б.Асадын үед Сирийн Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Мухаммед Гази аль-Жалали мэдэгдэхдээ, эх орноосоо зугтан гарсан Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй, Асад болон түүний гэр бүлийнхэн хаана байгаа, Дамаскийг яг хэзээ орхин явсныг мэдэхгүй гэжээ. 

Босогчид засгийн эрхийг гартаа авав

Зэвсэгт бүлэглэлүүд 11 дүгээр сарын сүүлчээр Сирийн засгийн газрын цэргүүдийн эсрэг томоохон хэмжээний дайралт эхлүүлжээ. Тэд хэдхэн хоногийн дотор тус улсын хоёр дахь том хот болох Алеппо руу нэвтрэн орж, өөр хэд хэдэн томоохон хотыг хяналтдаа авсан байна. 12 дугаар сарын 8-нд Сирийн босогчид Башар Асадын дэглэмийг түлхэн унагасан гэдгээ төрийн телевизээр зарлажээ.


Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn