Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод айлчлав

57
БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин, Гуанжоу хотуудад хийх айлчлал өнөөдөр (2024.11.18) эхэллээ.
   Айлчлалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Мандах болон бусад албаны хүмүүс оролцож байна.
 
 
         Тэднийг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Дэд Ерөнхийлөгч Ноён Дөн Шюймин, Гадаад харилцааны газрын Ерөнхий захирал Ноён Дуань Нонгэн, Үндэсний шүүгчдийн коллежийн Ерөнхийлөгч Ноён Ли Чэнюй нар хүлээн авч уулзлаа.
 
 
      Уулзалтыг нээж БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Ноён Дэн Сьюмин хэлсэн үгэндээ "Хятад Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй энэ үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын шүүхийн цахимжилтын үйл ажиллагаа эхэлсэн, шинээр шүүх байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа үед болж байгаагаараа онцлог юм". Цаашид сургалтын арга хэмжээ, туршлага судлах болон цахимжилтын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, олон жилийн уламжлалт хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг "Хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгддэг Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт нь 15 жилийн түүхтэй. Энэхүү олон жилийн, уламжлалт хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулагдсан 12 удаагийн сургалтад Монгол Улсын нийт 327 шүүгч, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчид БНХАУ-ын шүүхийн тогтолцоо, шинэчлэл, цахимжилтын чиглэлээр туршлага судлан хамрагдсан. Ийнхүү туршлага судлах, мэдээлэл авах боломжийг олгож, дэмжлэг үзүүлэн тогтвортой хамтран ажиллаж ирсэн БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн ерөнхийлөгч ноён Ли Чэнюй танд болон коллежийн холбогдох албан тушаалтнууд, нийт хамт олонд сургалтад хамрагдсан Монгол Улсын шүүхийн төлөөлөгчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье гэв".
 
 
      Уулзалтаар БНХАУ-ын Ардын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулан, Ардын дээд шүүхийн дэргэдэх Дижитал шүүхийн лабораторид зочилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цахим хавтаст хэрэг, мөн шүүхийн цахимжилтад холбогдон ажиллаж буй системүүдийн хяналт удирдлага, дата тоон мэдээллийн нэгтгэл зэрэг шүүхийн цахимжилтын лабораторитой танилцлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn