ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ

190

“Тулга бол миний амин найз. Найз нөхдийн тэр харилцааг юу ч өөрчилж чадахгүй. Цаг хугацаа ч чадахгүй”
Ц.Элбэгдорж, 2014 он.          Тэртээ 1997-1999 онд Ц.Элбэгдоржийг эрх баригч “Ардчилсан холбоо эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд гээд ерөөс “хаан” шахуу ид мандаж байх үед түүний эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү, одоогийн Б.Хурцын худ Х.Болдбаатар “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Баттулгын хувийн туслах, жолоочоор хоёр жил гаруй ажилласан гэдэг. Сонирхолтой нь, Х.Болдбаатар 1997 онд буюу өнөө алдарт “17 чингэлэг спирт”-ын хэрэг мандаж байх үед Х.Баттулгын хувийн туслах болсон байгаа юм. Тэр хэргээс Х.Баттулга илбийн мэт мултарч дөнгөсөн гэдгийг мэдэх байх. Логикоор нь харвал, “Ардчилсан холбоо эвсэл”-ийн тэргүүний хадам дүүг хувиар туслахаараа ажиллаж байсан үе юм чинь энэ зэргийг хэргээс хөнгөхөн мултарсан нь арга ч үгүй бололтой юм. Бүр илүү сонирхолтой нь, Х.Баттулга хоёр жил гаруй цув, цүнхээ бариулсан хувийн туслах Х.Болдбаатарыгаа 1999 онд “Сити такси” ХХК-ийн захирал болгож, улмаар хувийн мөнгөөрөө Улаанбаатар хотод урьд хожид харагдаагүй 200 ширхэг шинэ шар такси авч өгч, бизнест оруулсан гэдэг. Хоёр жил хувийн туслахаараа ажиллуулаад 200 ширхэг автомашин авч өгч гайхмаар өгөөмөр хүн гэж үү, Х.Баттулга. Эсвэл Х.Баттулга Х.Болдбаатар “ямар нэг юм”-ны өр төлбөрөө 200 таксигаар төлсөн юм болов уу...  
Юу гэх гээд байна гэхээр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр АН-ыг булаацалдаж арсалдсан, хэвлэлээр хэн хэндээ үг дайж хэмлэлдсэн дайснууд мэт л харагддаг. Харин судлаад үзвэл Ц.Элбэгдоржийн хадам дүү ч, худууд нь ч Х.Баттулгатай холбогддог ажээ. 

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУД Х.ЧИНБОЛД Х.БАТТУЛГЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭРГИЙН “ХАМТРАГЧ” БАЙСАН УУ

     Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнийг олон нийт эчнээ мэднэ. Аавтайгаа усны дусал мэт адилхан, бас улстөрийн карьераа БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр эхлүүлээд амжсан нэгэн. Өдгөө Э.Эрдэнэ “Элбэгдорж хүрээлэн” ТББ-ын тэргүүн, “Оксфорд кэмбриж төгсөгчдийн монгол дахь холбоо” ТББ-ын тэргүүнээр тус тус ажилладаг. Харин Э.Эрдэнийн эхнэрийг нь Чинболдын Ариунжаргал гэдэг. Ч.Ариунжаргал нь өдгөө нөхөр Э.Эрдэнийнхээ “Сор клиник” эмнэлэг болон аав Х.Чинболдынхоо “Суурь секюритис” ХХК-ийг тус тус удирддаг.  
Тэгвэл Ч.Ариунжаргалын аав буюу Ц.Элбэгдоржийн худыг Хорлоогийн Чинболд гэдэг. Ц.Элбэгдорж, Х.Чинболд хоёр эртний найзууд бөгөөд хүүхдүүд нь цэцэрлэгээсээ нөхөрлөж, хожим гэрлэсэн гэх. Ноцтой нь, Х.Чинболд гэгч нь Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгч болсноос хойш “Суурь” ХХК-аараа хот, хөдөөгийн барилгын тендерүүдийг түүдэг болсон. Жишээ нь, Х.Чинболд “Суурь” ХХК-аараа 2010 онд 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн ажлыг тендергүйгээр авч байв. Гэсэн ч таван жил араасаа хэл ам, хэрүүл уруул дагуулж байж 2016 оны арваннэгдүгээр сард арай гэж ашиглалтад оруулж байлаа. Дараа нь, Х.Чинболд 2011 онд “Суурь” ХХК-аараа Дундговь аймагт 850 хүний суудалтай, 6.8 тэрбум төгрөгийн төсөвтэй Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын тендерийг “ногоон гэрэл”-ээр авч байв. Хоржоонтой нь, Х.Чинболд 13 жил өнгөрч байхад Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгыг ашиглалтад оруулаагүй л байгаа.  
Илүү ноцтой нь, Х.Чинболд нэр дээр бүртгэлтэй “Монголбетон дэр” ХХК нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Х.Баттулгыг Зам, тээврийн сайд байх үеэс “Монголын төмөр зам” ТӨХК-тай 20 орчим сая ам.долларын хоёр ч гэрээ байгуулж, Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бетон дэрийг нийлүүлж байсан маш ноцтой мэдээлэл байна. Тодруулбал, Х.Чинболд, түүний төрсөн дүү Х.Чинбаяр хоёр “Монголбетон дэр” ХХК-ийг Дорждалайн Даяндэмэдтэй хамтран эзэмшдэг. Д.Даяндэмэд гэгч нь УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй “Тавантолгой транс” ХХК-ийг хамтран эзэмшигч Д.Дагвадоржийн хүргэн. 
    Тэгвэл Х.Чинболд, Х.Чинбаяр, Д.Даяндэмэд гурвын эзэмшдэг “Монголбетон дэр” ХХК нь Х.Баттулгын “Шинэ төмөр зам”-ын хэрэгтэй холбогддог ажээ. Тодруулбал, 2012-2013 онд Х.Баттулга, “Буурал” А.Гансүх хоёр дуулиант “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компанийг шалгаруулсан байдаг. Харин “Самсунг Си энд Ти” компанийн бетон дэрний нийлүүлэгчээр “Монгол бетон дэр” ХХК тендергүй шалгарч, “Монголын төмөр зам” ТӨХК-тай гэрээлж, 10 сая ам.доллар авч байсан мэдээлэл бий. Хамгийн ноцтой нь, “Монголбетон дэр” ХХК нь тухайн үед нэг ширхэг ч бетон дэр нийлүүлээгүй бөгөөд өнөөх 10 сая ам.доллар нь “Монголбетон дэр” ХХК-ийн данснаас БНСУ-д бүртгэлтэй хэд хэдэн компанийн данс руу шилжсэнийг хууль хяналтынхан тогтоосон гэдэг. Улмаар 2016 онд Х.Баттулгыг дээр төмөр замын төслөөс 200 сая ам.доллар завшсан, нэр бүхий компаниудаар дамжуулан мөнгө угаасан гэх хэргээр яллагчаар татан шалгаж эхлэхэд “Монголбетон дэр” ХХК-ийн нэр дуулдаж байв.  
Ингээд болоогүй, 2019 оны арванхоёрдугаар сард Х.Чинболд, Х.Чинбаяр, Д.Даяндэмэд гурвын “Монгол бетон дэр” ХХК болон АН-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд асан Д.Нямхүүгийн “Улаанбаатар Бүк” ХК гэх мэт таван компани түншлэл болж хамтран Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын 125 мянган ширхэг бетонон дэрийг нэг бүрийг нь 84.7 ам.доллараар буюу 11 сая ам.доллараар нийлүүлэхээр “Монголын төмөр зам” ТӨХК-тай гэрээ байгуулсан байдаг ажээ.  
Сонирхуулахад, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд зориулж “Монгол бетон дэр” ХХК –аас гадна “Монголын төмөр зам” ТӨХК-д 116 мянган ширхэг бетонон дэрийг 10 сая ам.доллароор “Монгол технологи интернэйшнл” ХХК нийлүүлэх гэрээ байгуулжээ. “Монгол технологи интернэйшнл” ХХК-ийг Дамирангийн Баянзул гэгч эзэмшдэг. Ноцтой нь, Д.Баянзул нь өнгөрөгч нэгдүгээр сард газны дэлбэрэлтэд өртсөн “Глобал иннова” сургууль буюу Лу.Гантөмөрийн найз Цагаачийн Отгонбаатарын эзэмшдэг “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Лу.Гантөмөр Боловсролын сайдаас бууснаасаа хойш Ц.Отгонбаатарын “Глобал иннова” сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Лу.Гантөмөрийн хувийн оффис нь “Глобал иннова” сургуульд дотор байрладаг. Харин Лу.Гантөмөр ба Ц.Элбэгдоржийн хоёрын ах дүүгийн харилцааг нурших илүүц биз.  
     Цаашилбал, Ц.Элбэгдоржийн худ Х.Чинболд “Тавантолгой транс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дагвадоржийн хүргэн Д.Даяндэмэдтэй “Монголбетон дэр” ХХК-аас гадна “Пленус” ХХК-ийг ч мөн хамтран эзэмшдэг. Мөн Х.Чинболд нь Д.Дагвадоржийн бага охин Д.Саруултуяатай “Семпро” ХХК-ийг ч хамтран эзэмшдэг. Товчхондоо, Х.Чинболд нь “Тавантолгой транс”-ийн Д.Дагвадоржтой бизнесийн гүн гүнзгий холбоо хамааралтай, нэгдмэл ашиг сонирхолтой гэсэн үг. Сонирхуулахад, Х.Чинболдын хамаарал бүхий этгээдүүд буюу Д.Дагвадоржийн хүргэн Д.Даяндэмэд, Д.Дагвадоржийн охин Д.Саруултуяа хоёр “Таванхур” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Таванхур” ХХК нь 2021 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бортээгийн уурхайн олборлогчийг шалгаруулах тендерт “МТАС түншлэл” нэрээр оролцон шалгарч, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 715.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг.  
Гол нь, Д.Дагвадоржоос хөвөрдөж хөөвөл өнөөх л Х.Баттулга дээр хөтөлж очно. Тухайлбал, Д.Дагвадорж нь “Тавантолгой транс” ХХК-ийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй 70:30 хувиар хамтран эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Капитрон” банкны үүсгэн байгуулагч нь Сингапурын иргэн Билли Лим Сан Пау гэгч. Харин Билли Лим Сан Пау гэгч нь Х.Баттулгын дотны найзууд, бас бизнесийн хамтрагчид гэдгийг бид өнгөрсөн хугацаанд мэддэг болсон. Жишээ нь, Билли Лим Сан Пау, Х.Баттулга хоёр “Баянгол” зочид буудлыг хамтран эзэмшдэг. Мөн Билли Лим Сан Пау, Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан гурав “Баян-Исгрийт” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэтээр хөвөрнө.  
Хоржоонтой бас нэгэн баримт байгаа нь, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг амжилттай барьж дуусгасныхаа хариуд Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол авсан Н.Удаанжаргал 2022 онд хил давж зугтсан. Улмаар 2023 онд Н.Удаанжаргалын оронд “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Нэргүйн Будбаяр гэгчийг томилсон байдаг. Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр гэгч нь Х.Чинболдтой халаас нэгтэй, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд ажээ.  Тодруулбал, Х.Чинболд нь “Цэлмэг-Ази” ХХК-ийг БНН-ын дарга, “Буян” хочит Б.Жаргалсайханы төрсөн дүү, Булган аймгийн АН-ын дарга асан Базарсадын Батсайхан болон “Хүннү-энержи” ХХК-тай хамтран эзэмшдэг.  Харин “Хүннү-энержи” ХХК-ийг нь “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Нэргүйн Будбаяр эзэмшдэг ажээ. 
Тэгвэл Х.Чинболд, Б.Батсайхан, Н.Будбаяр гурвын “Цэлмэг-Ази” ХХК нь 2015 онд Сүхбаатар дүүргийн XV хороо, Дамбадаржаа орчмын 13 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч “Эко Дамбадаржаа” хорооллыг барьсан. Гэвч Аудитын газрын 2017 оны шалгалтаар “Цэлмэг Ази” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр тендергүйгээр шалгарч, улмаар нийслэлийн төсвөөс 13.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар шууд гэрээ байгуулсан байсан нь илэрсэн байна. 2015 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Э.Бат-Үүл Хотын дарга, Д.Баттулга НИТХ-ын дарга байлаа. Д.Баттулга НИТХ-ын дарга болохынхоо өмнөхөн Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга байсныг нь дурдах нь зүйтэй байх. 

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАДАМ ДҮҮ, Х.БАТТУЛГЫН ХУВИЙН ТУСЛАХ БАЙСАН Х.БОЛДБААТАР ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦЫН ХУД БОЛЖЭЭ

     Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарыг олон нийт “Такси Болдоо” хочоор нь эчнээ мэднэ. “Такси” хочных нь түүхийг товч сөхвөл, Х.Болдбаатар нь эхэнд дурдсанчлан 1997-1999 онд “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Баттулгын хувийн туслах, жолоочоор нь ажиллаж байсан. Улмаар 1999 оны наймдугаар сард Х.Баттулга “Сити такси” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Х.Болдбаатарыг томилж, Улаанбаатарт анхны 200 ширхэг шар таксиг оруулж ирж байв. Ингэж Х.Болдбаатар анх бизнест хөл тавьж, бас “Такси Болдоо” хочоо олж авсан түүхтэй. Сүүлд, 2018 онд Х.Болдбаатар мөн л дуудлагын такси үйлчилгээний “Юбикаб” ХХК-ийг байгуулж байлаа. Харин 2022 оноос “Юбикаб” ХХК-ийг “MCS”-ын Ж.Оджаргал эзэмшдэг болсон.  
Харин Ц.Элбэгдорж, Х.Болдбаатар хоёрын тухайд, 1986 онд Ц.Элбэгдорж, Х.Болормаатай гэрлэж, Х.Болдбаатарын хүргэн ах болсон түүхтэй. Тэр цагаас хойш хадам ах, хүргэн дүү хоёр тун ч сайн хоршиж, хамтарсан. “Муштааг” ХХК, “Сор наран мед” ХХК, “Нью фолдер солюшнс” ХХК, “Анх-Эрдэнэ” ХХК, “Элбэг цэцэрлэг” сан, “Хүүхдийн ирээдүй хөгжлийн гарц болор” сан, “Ньюс-Аженси” ХХК, “Элбэг гарден” ХХК гээд Ц.Элбэгдорж, Х.Болдбаатар хоёрт дундын эзэмшлийн компаниуд олон бий.  
     Тэгвэл Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын бага хүү Б.Чилүгэн нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намууны нөхөр ажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаараа, дараа нь Английн шоронгоос авчран АТГ-ын дэд даргаар, дараа нь Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус томилон, дэргэдээсээ алхам ч холдуулахгүй ажиллуулж байсан Б.Хурцтайгаа эцэст нь худ ураг болчихжээ. Хоржоонтой нь, Б.Хурц нь цаашаа УИХ-ын гишүүн асан, “MCS”-ын дэд ерөнхийлөгч асан, одоогийн “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очиртой худ гээд хөвөрнө.  
Тэгвэл Ц.Элбэгдоржийн худ Б.Хурц АН-д ч, МАН-д ч бизнесийн асар их холбоо сүлбээтэй. Тэгэхдээ мөн л Х.Баттулгатай холбогдох сэжүүрүүд олон бий. Заримаас нь товч танилцуулъя.  
     Б.Хурцын аав Дашын Бат нь “Тээлийн шонхор” ХХК, “Гермес гахиур” ХХК-ийг 2008 онд байгуулж, Зинамидэрийн Энх-Амартай гэгчтэй хамтран эзэмшиж ирсэн. Гэхдээ Д.Бат 2022 онд өөд болж, өдгөө Б.Хурцын хүү Х.Тайван нь өвөөгийнхөө орыг залгаж, З.Энх-амарын хамтрагч болсон. Тэдний “Гермес гахиур” ХХК Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байх МV-012414 дугаартай Билүүтийн шохойн чулууны ордыг эзэмшдэг. “Гермес гахиур” ХХК 2011 онд Б.Хурцыг Ц.Элбэгдоржийн дэргэд, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга байх үед Билүүтийн орд дээрээ жилд 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Цементийн үйлдвэр”-ийн төслийг эхлүүлж байлаа. Мөн З.Энх-Амар нь Б.Хурцын охин Х.Намуунтай бетон зуурмагийн “Наран конкрит” ХХК-ийг хамтран эзэмшдэг.  
Цаашилбал, З.Энх-Амар, Б.Хурцын хамаатны дүү Т.Эрдэнэ хоёр 2015 онд “Наран бетон зуурмаг” ХХК-ийг “Китабулган” ХХК-тай хамтран байгуулсан. Ноцтой нь, “Китабулган” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Гэрэлийн Аранзал ажилладаг. Г.Аранзалын аав Д.Гэрэлийг Х.Баттулга Ерөнхийлөгч байх хугацаандаа буюу 2017-2020 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллуулж, Бригадын генерал цол хүртээж байлаа. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн үед ТЕГ-ын дарга байсан Б.Хурц, Х.Баттулгын үед ТЕГ-ын дарга байсан Д.Гэрэл хоёр бизнесийн хамааралтай болж таарах ажээ.  
Тэгвэл З.Энх-Амар гэгчийг цааш хөөвөл, Т.Бадамжунайтай нэг сумынх буюу Архангай аймгийн Чулуут сумын уугуул, тэр бүү хэл хамаатан нь гэх мэдээлэл байна. Б.Хурц, Т.Бадамжунай, О.Баасанхүү гурвын архины ширээний ардах халамцуу бичлэг сошиалд цацагдаж байсныг санаж буй байх. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунай, Б.Хурц хоёрыг холбодог нэг гүүр нь З.Энх-Амар гэгч гэсэн үг. Цааш нь, Т.Бадамжунайгаас хөвөрдөж хөөвөл Х.Баттулгад хөтөлж очиж олон жим, зам бий. Жишээ нь, Т.Бадамжунайгийн худ нь “Шинэст” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Энхбат гэж бий. Т.Энхбатын төрсөн дүү нь “Мишээл групп” ХХК-ийн эзэн Т.Энхболдсодон гэж бий. Т.Энхболдсодонгийн хувьд Т.Бадамжунайтай ах Т.Энхбатаасаа ч дотно гэлцдэг. Тэгвэл Т.Энхболдсодон нь Сингапурын тэрбумтан Билли Лим Сан Пау гэгчтэй “Мишээл мега молл” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Билли Лим Сан Пау нь Х.Баттулгатай “Баянгол” зочид буудал, “Мах импекс” ХХК-ийг тус тус хамтран эзэмшдэг.  
Цаашилбал, З.Энх-Амар нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн төрсөн ах Ц.Дашнямтай “Дорнын дэс” ХХК-ийг 2009 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн тухайд, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад дөрвөн жил, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад дөрвөн жил тус тус Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан нэгэн.       Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа нь “Гранд степп” ХХК-ийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-тай хамтран эзэмшдэг. “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг Баянхонгорынх, тиймдээ ч хэзээнээс Х.Баттулгын хүн, бүр жолооч нь байсан ч гэж ярьцгаадгийг мэдэх биз. Бодит баримт нь, “Сахал” Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулга, түүний дүү Х.Баттуул, эгч Х.Цэндбаяр нартай “Талх чихэр” ХХК-ийг саяхныг хүртэл хамтран эзэмшдэг байсан. Цааш хөөвөл, “Сахал” Д.Эрдэнэбилэг нь Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатартай “Империалс майнинг корпорэйшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Д.Баатар “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК, “Бэйзментр инженеринг” ХХК, “Баюуд майнинг” ХХК-уудынх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Д.Дорлигжавын дүү Д.Баатар нь Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын хүү Б.Батболдтой “Глобал аппарел лимитед” ХХК-ийг хамтран эзэмшдэг.  Сонирхуулахад, Д.Дорлигжав Увсын Зүүнговь сумынх, Б.Хурцын аав нь Увсын Зүүнговь сумынх. Харин Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёрын он цагийг элээсэн нөхөрлөлийг нурших илүүц биз.  
      Б.Хурцын “Изинис Эйрвэйс” ХХК-ийн 50 хувийг, “Сарнайх” ХХК-ийнх нь 34 хувийг Тулгын Эрдэнэ гэх залуу эзэмшдэг. Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатных нь дүү нь. Харин Т.Эрдэнийн аав нь Нархүүгийн Тулга гэж хүн бий. Н.Тулга нь 2012 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод явсан. Улмаар 2017 онд Н.Тулгын бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж, оронд нь Ерөнхий сайд асан С.Баярыг томилогдсон. Гэсэн ч С.Баярыг жил ч болголгүй Элчин сайдаас эргүүлэн татаж, 2018 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Н.Тулга дахиад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон байдаг.  
     Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа нь “Грийн вижитал” ХХК-ийг Мягмарын Есөнмөнхтэй хамтран эзэмшиж ирсэн. “Номадс” сүлжээ ресторануудын эзэн гэдгээрээ эчнээ танигдсан М.Есөнмөнх нь Сангийн сайд асан С.Баярцогтын багийн найз, бизнесийн хамтрагч нь. Тиймдээ ч С.Баярцогтыг Оюу толгойн хэргээр баривчлагдаж шүүгдэх үед М.Есөнмөнх хам хэрэгтнээр холбогдсон. Учир нь, НПГ-ын яллах дүгнэлтэд С.Баярцогтыг өөрийн эхнэр Ч.Нарантуяа, найз М.Есөнмөнх нарынхаа нэр дээр “Кью эф эс” ХХК-ийг байгуулж, дараа нь “Номадс катеринг энд интегратэд сервисэс” ХХК болгож нэрийг нь өөрчлөн “Оюу толгой” компанийн ажилчдын хоолыг хариуцах гэрээ байгуулж нийт  63.9 тэрбум төгрөг завшсан гэж буруутгасан байдаг.  
     Энэ мэтээр Ц.Элбэгдоржийн эртний найз, мөн худ Х.Чинболдын бизнесийн сүлжээ ч, Ц.Элбэгдоржийг 10 гаруй жил дагаж, албан тушаалын аагтай бүхэн дээр очсон худ Б.Хурцынх нь сүлжээ ч Х.Баттулгатай холбогдоод байх ажээ. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дайсан уу, найзууд уу гэдгийг уншигч та тунгаах биз ээ. 

https://ergelt.mn/news/22/single/45440
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn