Эзэнгүй айл...

191

Монголд өвлийн спортын төрлөөс хамгийн удаан, тогтвортой оршин тогтнож яваа нь гүйлтийн цана. Гэхдээ амжилт нь өсдөг ч үгүй, буурдаг ч үгүй. Яг нэг хэвийн оршсоор л яваа. Монголчууд 1964 оны өвлийн олимпоос эхлэн өвөл, зуны наадамд оролцсоор ирсэн түүхтэй. Тухайн үед гүйлтийн цана, тэшүүр, биатлоноор олимпын цас, мөсөн замд мөрөө гаргаж байлаа. Тэр цагаас хойш даруй 15 олимпод оролцжээ. Энэ бүх цаг үед цаначид Монголын нүүрийг тахалж явсан билээ. Тэгвэл хэдэн жилийн өмнөөс цаначдын амжилт аажмаар буурсаар эцэстээ “сэхээ”-нд орох шинжтэй болов. Нэг үеэ бодвол төр, засгийн зүгээс өвлийн спортод анхаарал, халамж тавих нь нэмэгдсэн. Гэвч спортын холбоог зоосны нүхээр хардаг, мөнгөний хэрэгсэл болгох зорилго тээсэн нөхдөөс болж цаначид өнөөдөр жилдээ ганц, хоёр тэмцээнд оролцохоос цааш хэтрэхгүй болжээ. Монгол орон дөрвөн улиралтай гэгдэх ч хүйтэн нь илүү олон сар үргэлжилдэг. Тэр хэрээр материаллаг баазаа бэлдэж, өвлийн спортын шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах боломжтой юм. Харамсалтай нь, цанын холбооныхонд ийм бодол байдаггүй бололтой. Эцэстээ “Эзэнгүй айл” болж хувирав.
Монголын цанын холбоо эзэнтэй байсан юм...
Монголын цанын холбоог 2015-2018 онд Д.Хишигжаргал удирдан, ерөнхий нарийн бичгийн даргаар нь олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн ажиллаж байлаа. Яг энэ үе бол цанын спортын сэргэлтийн цэг байсан гэхэд хилсдэхгүй. Шигшээ багийн дасгалжуулагчаар хашир мастер Х.Хаш-Эрдэнийг томилсон байсан үе. Монголын цаначдын хамгийн өндөр амжилт энэ цаг мөчид л гарсан байдаг. Тухайлбал, 2017 онд олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах В зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзлэн өвлийн спортынхон баяр хөөр болж байлаа. Холбооны удирдлагууд нь цанын спортын түүхэнд байгаагүй амжилт үзүүлснээ тамирчнаа хоёр өрөө байраар шагнаад л... Үнэхээр цанын хөгжлийн оргил үе байсныг энэ спортыг сонирхдог, дэмждэг хүмүүс гэрчлэх биз. Тухайн үед Монголын цаначид жилд багадаа л олон улсын чанартай 5-6 тэмцээнд оролцдог байлаа. Нэг явахдаа дор хаяж 1-2 сар гэрээ мартсан гэсэр аятай Европоор хэсэн тэнүүчилдэг байв. Дотоодод болдог тэмцээний тухай яривал тоймгүй. Долоо хоног бүр шахам нэрэмжит тэмцээнүүд зохион байгуулж, залуу тамирчдын шандсыг сорино. Бүр олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг хоёр удаа эх орондоо зохион байгуулсан байдаг. Өнөөдөр ингээд яривал итгэх хүн ховор байх. Гэхдээ үнэн юмыг яалтай билээ. Зундаа цанын шигшээ багийнхан тогтмол уртын бэлтгэлд гардаг. Ийм л цаг үе байсан. Монголын цанын хөгжлийн оргил үе гуравхан жил байсан гэхээр харамсмаар ч юм шиг. Үүнээс өмнө цанын спорт боломжийн түвшинд ч байсан ч 2018 оны Пёнчаны олимпын циклийг яахан гүйцэх билээ. Холбоо нь ч холбоо шиг байж. Удирдлагууд нь ч эрвийх, дэрвийхээрээ зүтгэж, улс нь ч дэмжсэн шиг дэмждэг байжээ. Европын орнуудад 1-2 сарын хугацаанд бэлтгэлд хамрагдаж, тэмцээнд оролцохын тулд хэдий хэмжээний зардал гарах билээ. Тэр бүхнийг холбооны удирдлагууд нь спорт хариуцсан төрийн байгууллагатай уялдаа холбоотой ажилласны хүчинд өвлийн уртын бэлтгэлийн зардал мөнгөнд тамирчид санаа зовдоггүй байсан биз. Тун чиг идэвхтэй ажилладаг холбоо байжээ. Арга ч үгүй биз. Эзэнтэй байсан учраас тэр. Адаглаад хөрш орнуудад зохион байгуулж буй олон улсын чанартай тэмцээн уралдаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгсэд гэсэн ангиллаар тамирчдаа оролцуулдаг байлаа. Тэр хэрээр тамирчдын хувийн ур чадвар өсөж, цанын зүтгэлтнүүд, дасгалжуулагч нарын туршлага зузаардаг байв. Харин өнөөдөр энэ бүхэн зүгээр л түүх болоод үлдэж байх шиг.
Өнөөдрийн дүр төрх...
2018 оноос Монголын цанын холбоо шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүнтэй болсноор 360 градус өөрчлөгдсөн гэдэг. Энэ мөчөөс спортыг зоосны нүхээр харагсад нуусан хумсаа ил гаргаж, нүдээ гялалзуулж эхэлсэн. Цанын спортын хөгжил зогссон. Манай тамирчдын амжилт ч мэдэгдэхүйц буурах нь тэр. Олон улсын тэмцээн уралдаанд явах нь багасч, бэлтгэл сургуулилалт хийдэг нь ч цөөрлөө. Пёнчаны олимпын циклд цанын шигшээ багт найман тамирчин тогтмол бэлтгэл хийж байв. Харин Бээжингийн олимпын циклд буурч, зургаан тамирчинтай үлдсэн. Үүний тав нь Булган аймгийн Тэшиг сумынх байжээ. Нэг ёсондоо ур чадвараар нь бус ашиг сонирхлоор шигшээ багийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тамирчид нь зөвхөн хуваарьт тэмцээнд л оролцохоос цааш хэтрэхгүй болсон. Ийм байхад спортын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй биз. Холбооны удирдлагууд ч хаалттай болсон. Өмнөх шигээ хийсэн ажилтай биш учраас юугаа ч ярих билээ. Үүнээс хойш ердөө зургаахан жилийн дотор цанын спортын хөгжил “сэхээ”-нд оржээ. Холбооны үйл ажиллагаа хяналтгүй байсан бол өнөөдөр эзэн ч үгүй болжээ. Хэн дуртай нь дураараа аашилдаг цаг үе ирсэн юм уу. Р.Хатан гэх эмэгтэй Бээжингийн олимпын циклд Монголын цанын холбоог удирдсан. Улмаар гэнэт л ерөнхийлөгчийн ажлаа өмнөх олимпын циклд холбоог удирдаж байсан Д.Хишигжаргалд шилжүүлсэн байдаг. Энэ үед ямар ч хурал болоогүй бөгөөд зүгээр л ханцуйндаа наймаалцсан хэрэг. Гэтэл өнөөх Д.Хишигжаргал нь ажлаа бас л Б.Лхагвадорж гэх хүнд шилжээ. Яг л Р.Хатангийн адил тамгаа гарт нь атгуулахдаа “Би зургаан сарын дараа эргэн ирнэ” гэж хэлээд арилаад өгч. Яг өнөөдөр иргэн Б.Лхагвадорж Монголын цанын холбооны жинхэнэ ерөнхийлөгч мөн үү гэвэл олон хүн эргэлзэнэ. Учир нь, түүнд найзан дундаа тамгаа өгөөд л явчихсан хэрэг. Уг нь холбооны дүрэмдээ холбооны тэргүүнийг ээлжит болон ээлжит бус хурлаар томилно гэж заасан байдаг. Адаглаад Удирдах зөвлөлийг ч хуралдуулж болох. Гэвч огт тийм зүйл болоогүй аж. Нэг хүний гараас нөгөөд шилжих нь хэвийн үзэгдэл болсон мэт. Цаашлаад өнөөдрийн Удирдах зөвлөлийн гишүүд нь ч хүчинтэй эсэхэд эргэлзэхэд хүрч байгаа юм. Хяналтын зөвлөл нь цаашид ажиллахгүй гэдгээ илэрхийлснээр эзэнгүйгээс гадна хяналтгүй холбоо болж хувирав. Толгойгүй учраас тамирчин, дасгалжуулагчаа хэн хянах вэ дээ. Ямар ч сайндаа л залуучуудын өвлийн олимпод тамирчдаа удирдаж явсан ахлах дасгалжуулагч Д.Баттулга нь казино тоглож явах вэ. Зүгээр ч тоглоогүй нэг сая вон алдсан тухай хэдхэн хоногийн өмнө Солонгост ажиллаж, амьдардаг спортыг сэтгүүлч бичсэн байгаа юм. Түүнд хариуцлага тооцох хэн ч байхгүй. Учир нь, холбоо эзэнгүй учраас тэр. 2015 он гэхэд Монголын цанын холбоо олон улсын холбооноосоо жилд 55 мянган швейцар франкийн тэтгэлэг авдаг байсан. Энэ нь хожим 86500 швейцар франк болж өссөн байдаг. Товчхондоо, Монголд цанын спортыг хөгжүүлээрэй гэж олон улсаас жил бүр 200 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Харин энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулсан тухай тайлан огт байхгүй нь хачирхалтай.
Одоо цанын холбоог эзэнтэй болгоё
2026 оны өвлийн олимп хөшгөө нээхэд ердөө хоёр жил хүрэхгүй хугацаа үлджээ. Харин Монголын цанын холбоо учраа олоогүй явна. Цанын холбооны генсек асан Э.Очирсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч асан Х.Хаш-Эрдэнэ, гавьяат дасгалжуулагч Б.Дорж, гавьяат багш Б.Батмөнх тэргүүтэй цанын зүтгэлтнүүд холбоогоо өөд нь татаж, эзэнтэй болгохын тулд өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хурал зарлажээ. Гэтэл биеэр болон онлайнаар уг хуралд 30 орчим хүн л оролцсон байна. Мэдээж ирц хүрээгүй учраас тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарсан аж. Ингэхдээ ирсэн цанын спортын зүтгэлтнүүдийг гишүүнчлэлтэй болгохыг шаардаж, гарын үсэг цуглуулан холбоондоо хүргүүлэхээр шийджээ. Харин Монголын цанын холбоог яг өнөөдөр удирдаж яваа нөхдүүд орон нутгаас ирсэн төлөөлөгчид болон шигшээ багийнхныг ээлжит бус хуралд оролцож болохгүй хэмээн захисан байна. Заримынх нь алгыг дээш харуулсан сураг ч дуулдав. Ээлжит бус хурал зарласан нөхдийн чин хүсэл нь хамтарч ажиллаад, холбооны ажлыг эрчимжүүлэх, цаашлаад олимпдоо бэлтгэх явдал. Гэтэл холбоо удирдаж яваа гэх нөхдүүд үүнийг хүсээгүй бололтой. Ээлжит бус хурал зохион байгуулсан хүмүүсийн дунд гадаад харилцаа, спортын бичиг хэрэг, дасгалжуулалтаар мэргэшсэн хүмүүс цөөнгүй бий аж. Тэд одоогийн ерөнхийлөгч гэх Б.Лхагвадоржийг жинхэлж, гүйцэтгэх ажилд нь хамтрах хүсэлтэй байгаа юм байна. Ингэж цанын холбооны асуудлыг нэг тийш шийдэж, 2026 оны олимпдоо бэлдэхгүй бол хоёр талд хэрэлдэж явсаар олимп хаяанд тулах нь ээ. Цана, биатлоныг салшгүй холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Гэтэл биатлон нь хөгжил, амжилт, үйл ажиллагаагаараа гүйлтийн цанаасаа тасарч одлоо. Өөрөөр хэлбэл, тэдний өсөлт, хөгжил дэвшил дээшилсээр. Харин гүйлтийн цанынх доошилсоор.
Хэдийгээр төрийн байгууллага төрийн бус байгууллагын дотоод ажилд оролцох эрхгүй ч Үндэсний шигшээ багийг барьж байгаагийн хувиар хяналтаа тавьж, ажлыг нь сайжруулах тал дээр анхаарал хандуулмаар. Тэр ч бүү хэл Монголын үндэсний олимпын хороо ч цанын холбоонд чиглэл өгч, хоёр талд хөлөө жийлцсэн нөхдийг хамтарч ажиллахыг шаардмаар байна. Монголын цанын холбоо эзэнгүй мэт удах тусам тамирчид хохирох эрсдэлтэйг сануулъя.

https://itoim.mn/a/2024/04/02/article/xrq
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn