"Uber", "Lyft"-ийн жолооч нар ажил хаялаа
АНУ болон Их Британийн томоохон хотуудад "Uber", "Lyft" зэрэг онлайн такси, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч жолооч нар ажилт хаялт зарлалаа.
Тухайлбал, лхагва гаригт буюу Гэгээн Валентины баярын өдөр АНУ-ын Чикаго, Филадельфи, Питтсбург, Майами, Орландо, Тампа, Хартфорд, Коннектикут, Нью-Арк, Нью Жерси, Аустин болон Род-Айленд хотуудад "Uber", "Lyft"-ийн жолооч нар такси үйлчилгээний км тутмын үнийг нэмэхийг шаардан бүтэн өдрийн ажил хаялт зохион байгуулсан юм. Мөн жолооч нар тухайн хотуудын нисэх онгоцны буудлын замууд дээр автомашинтай эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Их Британи даяар "Uber Eats", "Deliveroo", "Just Eat", "Stuart" зэрэг платформ ашиглан хоол хүргэлт болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нар оргил ачааллын үе буюу оройн 17.00-22.00 цагийн хооронд ажил хаялт зарлаад байгаа юм. Тус улсад жолооч, хүргэлтийн ажилтнуудын ажил хаялт хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байна.
Ажил хаялт зохион байгуулагчид энэхүү алхам нь дан ганц "Uber", "Lyft" зэрэг онлайн такси үйлчилгээний платфомууд төдийгүй нийгэмд өөрсдийн нөхцөл байдал, хөдөлмөрийг ойлгуулахад чиглэж байгааг онцолсон байна.
Ухаалаг гар утасны аппликейшн ашиглан амьжиргаагаа залгуулдаг АНУ-ын 130 мянга гаруй иргэдийн эрх ашгийг төлөөлдөг "Justice for App Workers" байгууллагын мэдээлснээр зөвхөн "Uber", "Lyft"-ээр амьдардаг нэг жолооч долоо хоногт 60-80 цаг ажилладаг. Инфляц, амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр жолооч нар амьдралаа залгуулахад хүнд болж байгаа аж. Мөн онлайн такси үйлчилгээний платформууд жолооч нарт эрүүл мэндийн даатгал олгодоггүй, аюулгүй байдлыг нь бүрэн хангадгүй, үйлчилгээний шаардлага хангахгүй гэж үзсэн тохиолдолд бүртгэлийг нь шууд хүчингүй болгож амьжиргааг нь тасалдаг зэрэг байдлыг эсэргүүцэж байгаа юм. Тиймээс жолооч нар км тутмын үнийг нэмэх, шимтгэлийг бууруулахыг шаардаж байгаа аж.
"Uber" компанийн зүгээс лхагва гаригийн ажил хаялт нь жолооч нарын олдоц хүрэлцэхгүй хэмжээнд хүрч хэрэглэгчдэд хүндрэл учруулаагүй. Жолооч нар цагт дунджаар 33 ам.долларын орлого олдог. Жолооч нарын бүртгэлийг идэвхгүй болгосон тохиолдолд тухайн хүн гомдол гаргаж, залруулах боломжтой байдаг гэж мэдэгдсэн байна. "Uber" нь жолооч нарын орлогоос 25 хувийг үйлчилгээний шимтгэлд авдаг буюу жолооч орлого бүрийнхээ 75 хувийг ашиг болгон авдаг аж.
Харин "Lyft"-ийн хувьд өнгөрсөн сард үйлчилгээний шимтгэлийг 30 хувь болгон бууруулж, жолооч нарт 70 хувийг олгох болсон бөгөөд жолоочийн бүртгэлийг идэвхгүй болгосон тохиолдолд зарга үүсгэх боломжийг нээжээ. Үнийн хувьд тухайн хот бүр харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Канадын Торонто хотод "Lyft"-ийн км тутмын үнэ үйлчилгээний зэрэглэлээс хамааран 0.35-2.8 канад доллар, зорчсон минут тутамд 0.19-0.6 канад долларын нэмэлт төлбөр бодогддог байна. Мөн урьдчилсан захиалга, нисэх буудлаас тосох үйлчилгээ нэмэлт төлбөртэй байдаг аж. "Lyft"-ийн жолооч цагт дунджаар 30.68 ам.долларын орлого олдог байна.