Морин спорт сургалтын төвийн захирал Ц.БАЯРЛХАГВА: Төрийн наадамд дахиж морь барих эрхгүй болсон Ч.Чулуунбат анх хар үрээг түрүүлсэн гэж зөв барьсан юм билээ

297

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдааны түрүү, аман хүзүүг барьсан морь бариачийн асуудал шүүмжлэл дагуулсан билээ. Улсын морь бариач Ч.Чулуунбат Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн хар үрээний эрчийг сулруулж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шар үрээг түрүүлж барьсан гэх.
      Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халж, дахин морь барих эрхгүй болгож, улсын морь бариач цолыг нь хурааж авсан талаар Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр “Алдаа гаргасан морь бариач дахиж морь барихгүй. Ажлаас нь халж байгаагаа албан байгууллагынх нь дарга мэдэгдсэн. Олон жил морь барьсан, улсын морь бариач хэмээх цолтой хүн юм билээ. Энэхүү цол нь хасагдаж, дахин морь барихгүй.Тухайн морь бариач үүнийг санаатай хийгээгүй. Үйл ажиллагааны явцад тийм алдаа гаргасан байна. Хоёр үрээ зэрэгцэж орж ирсэн. Нэгийг нь барих гэж давхиад нөгөөдөх нь хажуугаар нь орчихсон. Ийм л үйл явдал болсон” гэсэн билээ.

Тэгвэл бид улсын морь бариач Ч.Чулуунбатыг ажлаас нь халсан гэх асуудлаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Морин спорт сургалтын төвийн захирал Ц.Баярлхагватай ярилцлаа.

-Сайхан наадсан уу, та?
         -Сайхан наадлаа. Улсын баяр наадам минь хуртай, нартай сайхан болж өнгөрлөө. Улсын морь бариачид чинь улсын наадмаа хүлээн хүлээн Хүй мандалын ногоон дэнжид гурван өдөр амсхийх ч завгүй өнждөг шүү дээ. Тэр зарчмаараа л наадмаа өндөрлүүлээд, их ажлын ард гараад, амарч байна.
-Морь бариач Ч.Чулуунбатын асуудлаар холбогдож байна. Таны удирдлага дор морь бариачид ажилладаг юм байна шүү дээ?
       -Морь бариачид Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт харьяалагдаж, Морин спорт сургалтын төвийг нь би хариуцаж ажилладаг юм. Морь бариач Ч.Чулуунбат морь барих эрхгүй болсон нь үнэн. Харамсалтай л зүйл боллоо. Монгол Улсад Улсын морь бариач цолтой 10 хүн л байдаг юм. Чулуунбатын цолыг нь хурааж аваад, дахиж Төрийн наадамд морь барих эрхгүй болгосон гэсэн үг. Морь бариачийн өөрийнх нь буруу учраас зайлшгүй хариуцлага тооцох ёстой. Энэ дагуу хариуцлага тооцож, цолыг нь хураагаад, морь барих эрхгүй болгосон. Угтаа морь бариачийг шалгаруулж авахдаа маш өндөр шаардлага тавьж, туршлага, ур чадвар зэргийг харгалзан үздэг. Чулуунбат 2004 оноос хойш морь барьж байгаа манай туршлагатай морь бариач. 2015 оноос хойш төрийн наадмын түрүү морьдыг барьдаг болсон юм. Тэрнээс өмнө айргийн гуравт хурдалсан хүлгүүдийг барьдаг байлаа. Ер нь морь бариач ямар шаардлага, замаар явдаг уу тэр замаар нь л явсан морь бариач байгаа юм.
Чулуунбатын цолыг нь хурааж аваад, дахиж Төрийн наадамд морь барих эрхгүй болгосон гэсэн үг.
-Заавал ажлаас нь чөлөөлөх шаардлагатай байсан уу. Эхний удаагийн сануулга зэрэг гэж байдаггүй юм уу?
        -Өөрийнх нь буруу учраас чөлөөл гэсэн чиглэл ирсэн. Энэ дагуу л арга хэмжээ авсан. Яах аргагүй комиссоос морь бариулахгүй гэж шийдвэр гаргаад, ийм арга хэмжээ авлаа. Дүрмийн дагуу Ч.Чулуунбатыг чөлөөлсөн гэж ойлгож болно. Гэхдээ Чулуунбат Хөдөө аж ахуйн хүрээлэнд ажилладаг. Манайд няраваар ажилладаг байгаад ажлаасаа гарч, хүрээлэнд ажилд орсон юм.Тэр ажлаа бол хэвийн хийгээд явна. Гагцхүү төрийн наадамд дахиж морь барихгүй л гэсэн үг.
-Морь бариач Ч.Чулуунбат энэ шийдвэртэй хэр санал нэгдэж байгаа вэ. Өөрөө ямар тайлбар өгсөн юм бэ?
       -Өөрөөс нь өргөдлийг нь хүлээж авсан. Өөрөө буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан. Хурдан морины салбар хороонд өргөдөл бичиж, “Миний буруугаас болж улсын баяр наадамд будилаан үүсэж, наадамчин олны дургүйцлийг хүргэлээ. Ийм учраас би зохих ёсны шийтгэлээ хүлээхэд бэлэн байна. Ямар ч арга хэмжээ авахуулахад эсэргүүцэх зүйлгүй” гэсэн байна лээ. Тэгээд өргөдлийг нь харгалзаж үзээд зохих ёсны шийдвэр гаргасан.
Морь бариач Ч.Чулуунбат өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч, өргөдлөө өгсөн.
-Морь бариач буруу морио барилаа гэхэд холбогдох байгууллага нь хяналтын камер шүүж нягталдаг биз дээ?
         -Тийм ээ, барианы зурхайд орж байгаа хэсгийг дөрвөн талын камерын бичлэгээр шүүж нягталдаг. Урд, хойд хажуу талаас нь хардаг гэсэн үг. Камерын бичлэгийг шүүхэд морь бариач Ч.Чулуунбат яах аргагүй хоёр үрээний голд хавчуулагдаад барианы зурхай руу орсон байна лээ. Хар үрээний урд талаар ороод, шарга үрээг аваад орж байгаа нь тодорхой харагдсан. Санамсаргүй л алдаа болсон доо. Олон жил морь барьсан хүн чинь зүрх нь хөөрчихгүй юу. Түрүүлж орж байгаа морио хараад өөрөө уралдаж байгаа юм шиг л болчихдог. Хажуу талын морийг нь харахгүй, түрүүлж байгааг нь л харчихсан байна лээ. Ядахад барианы зурхай дээр олон камер зоочихсон байсан учраас зай байхгүй хар үрээний хажуугаар дайраад орчихсон байна лээ. Уг нь уралдааны дараа хар үрээг түрүүлсэн гэж зөв барьсан юм байна лээ. Тэгээд бичлэг үзэхээр шар үрээ түрүүлсэн болчихоод тийм шийдвэр гаргасан. Тэгээд эцэст нь хар үрээний эрчийг сулруулсан гэдэг үндэслэлээр ийм шийдвэр гаргасан.
Уралдааны дараа хар үрээг түрүүлсэн гэж зөв барьсан юм байна лээ. Тэгээд бичлэг үзэхээр шар үрээ түрүүлсэн болчихоод тийм шийдвэр гаргасан. 
-Морь бариачдаас хамгийн ахмад нь та болж байна уу?
        -Тийм л болж байна даа. Гэхдээ бид залуучуудаа бэлдэж, араасаа оруулж ирж байгаа. Түрүү, аман хүзүү барьж байгаа Чулуунбат, Ганхуяг нар хамгийн ахмад нь болж байна. Дараагийнх нь хүмүүс 4-5 жил морь барьсан хүмүүс байгаа. Саяхан шинээр хоёр залуу хүүхэд оруулж ирсэн.  
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Харин бид улсын наадамд морь барих эрхгүй болж, цолоо хураалгасан гэх морь бариач Ч.Чулуунбаттай холбогдож, өөрийнх нь байр суурийг хүргэх гэсэн боловч утас нь салгаатай, ар гэрийнхэн нь “Сумынхаа 100 жилийн наадамд оролцохоор явсан” гэдэг тайлбар өгсөн юм.


https://ergelt.mn/news/21/single/34956
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn