1000 машин бүтээсэн урлаач
Модель машин нь дэлхийд нэгт эрэмбэлэгддэг хобби ажээ. Олон улсад энэ төрлөөр бүтээл хийдэг, бүр бизнес болгон өргөжүүлсэн олон хүн бий. Тэдний нэг төлөөлөл болох Ү.Одонбаярыг “Зууны мэдээ” сонин “Авто ертөнц” буландаа онцолж байна.
“Нэг машин урлахад дөрвөн сарын хугацаа зарцуулдаг”
Ү.Одонбаярын урлангаар ороход шилэн хоргонд байрлуулсан олон янзын машин угтана. Ойртон очиж харвал төрөл бүрийн машинуудын модель загварыг урлаж, эгнүүлэн тавьсан нь энэ байв. Түүний урлангаар аялахад үнэхээр уйдамгүй. Учир нь эрт үеийн машиныг ч эндээс тольдох боломжтой юм. Ховор загварууд цөөнгүй байх ажээ.
Ү.Одонбаяр ажлын ширээнийхээ ард ЗИЛ-130 машин урлаж ихэд завгүй суух. Багахан хугацаанд хажуугаас нь ажиглаж суухдаа модель машин хийхэд их туршлага, мэдлэг, мэдрэмж, тууштай байдал гээд олон зүйл шаарддаг болох нь харагдана.
Гэрэлд хараад л, өө сэвийг нь уйгагүйгээр үрж янзлах юм. Тэрбээр "Нэг машин хийхэд багаар бодоход долоо хоногийн хугацаа зарцуулдаг" тухайгаа хэлж байсан юм. Харин нэг машины загварыг шинээр урлахад дөрвөн сарын хугацаа ордог байна. Ийнхүү машин бүр загвараасаа хамаараад харилцан адилгүй хугацааг зарцуулна. Тиймээс өдрийн ажлын хөлс, материал, ажлын байрны урсгал зардлаа тооцлоолж ханшаа тогтоодог байна.
Хамгийн үнэтэй загвар нь 30 сая хүрчээ.
Гадаадаас захиалж буй модель машины дундаж үнэ нь 150 мянга. Захиалагчид нь “Орос машины модель сонирхогчид” хэмээх группээр захиалга өгөхөөс гадна түүнтэй утсаар холбогддог гэж байв.
“1000 гаруй машины модель загвар гаргасан”
Ү.Одонбаяр анх 2019 онд урлангаа нээж байжээ. Өөрийн хоббигоо хөгжүүлэх зорилгоор эхлүүлсэн багахан хүслээс эхлэлтэй ажил нь өнөөдөр урлан болтлоо хөгжсөн түүхтэй. Өмнө нь тэрбээр автомашины модель цуглуулдаг байсан гэнэ. Өөрийн сонирхсон машины жижиг загвараа авчихаад түүнийг өөрийн гараар хийж үзэхсэн гэсэн хүсэлтэй байсан ч нэг л зориглож чадахгүй их удсан. Яг урлах гэхээр тухайн сонирхсон загвар байдаггүй ч юмуу ямар нэгэн хүндрэлтэй тулгардаг байж.
Ингээд удаан бодсны эцэст анх материал аваад машин хийхээр туршиж үзсэн гэдэг. Үүнээс их зүйлийг сурчээ. Ямар материалаар хийж болох, юуг анхаарах хэрэгтэй зэргээр олон зүйлийг мэдэж авсан байна. Энэ цагаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд 1000 гаруй машин урлажээ.
Ү.Одонбаярын ажлыг товчхоноор тайлбарлавал энгийн машиныг 43 дахин багасгасан модель загвар гаргадаг гэсэн үг. Анх музейн үзмэрт зориулж машинаа хийж эхэлсэн тухайгаа ярьж байсан юм. Түүний ажлын явцыг сонирхвол эхлээд машины захиалга авна. Үүний дараа нь шугам зургийг нь гаргадаг байна. Ингээд материалаа сонгож, загвараа гаргана. Дараа нь урлаж эхэлдэг ажээ. Машинаа хийхдээ төмөр, хуванцар, хайлш зэргийг ашигладаг гэж байсан юм.
Ү.Одонбаяр “Машины материалаа судлаад ихэвчлэн хойд хөршөөс оруулж ирдэг. Машин хийхдээ үйлдвэрийн модель, угсардаг загварын модель, гар хийцний загвартай модель гэсэн төрлүүдийг түлхүү ашигладаг” хэмээн ярьсан юм.
Түүнээс гадна модель машин хийж сурах хүсэлтэй олон залуус байдаг гэнэ. Тэдэнд мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж, сургажээ. Шавь нарынх нь хувьд зөвхөн ажлынхаа хажуугаар, чөлөөт цагаараа л машин урладаг аж. Харин Ү.Одонбаяр ажлаасаа гарч, бүхий л сэтгэл зүрхээ энэхүү урландаа зориулж буй ховор хүн юм.
Математикийн тооцоолол чухал
Тухайн бүтээлээ өөрийн гаргасан хэмжээгээрээ жижгэрүүлэхэд математикийн тооцоолол их чухал ажээ. Мөн өнгө гаргах, уусгаж будах хэрэгтэй гэж байв. Машины загварууд нь өөрийн гэсэн чимэглэл хэсгүүдтэй. Тэр болгоныг нь мэддэг байж урлах хэрэгтэй гэсэн.
Ү.Одонбаярын ажлын багаж нь хасуур, өрөм, олон төрлийн жижиг хөрөө, хуурай, зүлгээр, дөш, алх, хайч гээд олон. Гэхдээ бүгд жижиг хэмжээтэй байх аж. Ихэнх багажаа өөрөө хасаж, заримыг нь тааруулж ашигладаг байна.
Түүний урлан хөл хөдөлгөөн тасардаггүй гэнэ. Мөн монголд ганц загварууд ч цөөнгүй байдаг юм байна. Загваруудаа цөөн тоогоор гаргадаг учир их хурдан дуусдаг тухайгаа Ү.Одонбаяр ярьж байсан юм. Гэхдээ урлангийн ихэнх орлого нь ах, аав зэрэг ойр дотны хүмүүсийнх нь машин хийлгэх захиалга дээр тогтдог ажээ. Мөн орлогоосоо нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулдаг байна.
Тухайлбал, жил бүр ахмадын баяраар группын гишүүдтэйгээ хамтран хандив цуглуулж, 20 ахмадад модель машин урлаж дурсгадаг гэж байв.
Бүхий л салбарын машин техникийг судалж, хийж үзэх нь түүний чадвартай салшгүй холбоотой. Тухайлбал "Таван Толгой" компани анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ дөрвөн техниктэй байжээ. Үүний хоёр загварын моделыг Ү.Одонбаяр хийж урландаа байрлуулсан байв. Тэрбээр ихэвчлэн XX зуунд үйлдвэрлэгдсэн машины загварыг урладаг онцлогтой. Тиймээс ирээдүйд энэхүү бүтээлүүдээ музей болгох зорилго тавьснаа ч бидэнд дуулгасан юм.
Баатарын НЯМСҮРЭНЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин