ДОРНОГОВЬ: Малчдын зөвлөгөөн болов
Замын-Үүд сумын ЗДТГ-аас малын чанар, ашиг шимийг сайжруулах, мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих замаар малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн хороотой хамтран зохион байгуулсан малчдын зөвлөгөөнд нийт 52 малчин оролцлоо.
Зөвлөгөөний үеэр малчдад төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр хийгээд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар албаныхан мэдээлэл өгсөн бол ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн доктор, дэд профессор багш С.Бүрэнжаргал, С.Оюунгэрэл нар малын чанар сайжруулах, сүргийн эргэлт ба тэжээлийн хангамж, малаас хүнд дамжин халдварлах зарим өвчин, мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний химийн аюул сэргийлэлт зэрэг сэдвээр мэдээлэл хийж харилцан ярилцжээ.
Энэ үеэр аймгийн Мал эмнэлгийн газар, сумын Цагдаагийн хэлтэс, Татварын тасаг, Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтнүүд салбарын хууль тогтоомж, шинээр гарсан дүрэм журам, анхаарах асуудлыг дурдаж, малчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Мөн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж, таван нэр төрлийн цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэжээ.