Ковид -19: Дорноговь аймгийн Айраг суманд халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй 32 өдөр болж байна

114
Монгол Улсын хэмжээнд Коронавируст халдвар төмөр замын албан хаагчдаас дамжин тархах эрсдэл үүссэнтэй холбогдуулан энэ оны арваннэгдүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумуудаас төмөр замын албан хаагчдад түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ хийхэд 14 хүний хариу эерэг гарч батлагдсан. Халдварын голомтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ, УОК-оос хоёр баг томилон ажиллууллаа. 
Эрүүл мэндийн сайдын А/539 тоот тушаалаар “Шуурхай Удирдлагын Нэгж”-ээс талбарын тархвар судлаач Г.Болдмаа, Б. Чинчулуун, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны  лабораторийн эмч Э. Баасансүрэн нар Дорноговь аймгийн голомтод ажиллахаар томилогдсон.  Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус аймагт нийт 988.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээс хамгаалах хувцас, ариутгалын бодис, эм тарианд 83.7 сая төгрөг, илүү цагийн хөлс  673.2 сая төгрөг, шагнал урамшуулалд 49.0 сая төгрөг, шаардлагатай тоног төхөөрөмж, тухайлбал мананцар үүсгэгч 4ш, РСR шинжилгээний тоног төхөөрөмжөөр тус тус хангасан.  ЭМЯ-аас ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн талбарын тархвар судлаач 3, лабораторийн эмч 2, явуулын лаборатори  ажиллуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг тогтмол өгч хамтран ажиллаа.
 
Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумуудаас 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан нийт 32 тохиолдлыг тусгаарлан ХӨСҮТ-д хүргүүлсэн. Эдгээр тохиолдлууд нь Дархан-Уул аймагт 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан төмөр замын ажилчдын “Нэгдсэн ээлжийн зохион байгуулалт ур чадвар-2020” тэмцээнд  оролцож халдвар авсан Замын-Үүд сумын нэг, Айраг сумын хоёр ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн.
Дорноговь аймгаас Замын-Үүд, Айраг сумуудад бүх нийтийн хөл хориог тогтоож,  Сумын цагдаагийн хэлтэс, Хилийн 0108 дугаар анги, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг томилон  хөдөлгөөнд хязгаарлалт тавьж ажиллажээ.  Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 470, дам хавьтлын 1459 хүнийг тандалтын багийн тархвар судлаачид сум дундын цагдаагийн хэлтэс болон тагнуулын газартай хамтран илрүүлсэн. Ойрын болон хоёрдогч хавьтлуудыг гэрээр болон эмнэлэгт тусгаарлаж шуурхай хариу арга хэмжээг авсан. Харин төмөр замын зангилааны болон гаалийн байгууллага, хилийн цэргийн алба, мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнуудыг ажлын байран дээр тусгаарлажээ.  Мөн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт молекул биологийн лабораторийг шинээр нээж, PCR шинжилгээний аппаратыг 11 дүгээр сарын 22-ны өдөр суурилуулан, орон нутгийн эмч, лаборантуудыг сурган, дадлагажуулж, сорьц шинжлэх ажлыг 24 цагийн хугацаанд тасралтгүй явуулж байна.
Аймгийн хэмжээнд өдөр бүр лабораторийн 15-20 цэгт  30-38 эмч мэргэжилтэн  ажиллаж,  нийтдээ 24532 хүнийг / түргэвчилсэн болон PCR/ шинжилгээнд хамруулсан нь аймгийн нийт хүн амын 35 хувь, Замын үүдийн хүн амын 61,3 хувь, Айраг сумын хүн амын 55,4 хувь, Сайншанд сумын хүн амын 27.3 хувийг тус тус хамруулсан байна. Нийт давхардсан тоогоор  47836 шинжилгээ хийсний 29252 нь PCR, 18584 нь түргэвчилсэн шинжилгээ байв.
 
Айраг суманд коронавируст халдварын шинэ тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш  бүртгэгдээгүй  32 хоног харин  Замын-Үүд суманд коронавируст халдварын шинэ тохиолдол сүүлийн 14 хоног бүртгэгдээгүй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn