ХҮН ЗАСАГЛАХ УУ? ХУУЛЬ ЗАСАГЛАХ УУ?

33

"Зууны мэдээ" сонины 2022.05.16-ны №97 (6829) Даваа гарагийн дугаарт нийтлэгдсэн сэтгүүлч М.Эрдэнэчимэгийн бичсэн "Хүн засаглах уу? Хууль засаглах уу?" нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
ХҮН ЗАСАГЛАХ УУ?
ХУУЛЬ ЗАСАГЛАХ УУ?
Монголын өнөөгийн нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хээл хахуульд идэгдэж, “ГАЗРЫН МАФИ” болтлоо зах хүрээгээ тэлсэн газрын наймаачдын ард улс төрчдийн томоохон бүлэглэлийн гар хөл болох төрийн өндөр албан тушаалтан хийгээд Газрын албаныхан хэрхэн газрын луйвар хийж ард иргэд, ААН-үүдийг хохироосоор ирснийг баримт, эх сурвалжтайгаар өмнө нь өдөр тутмын сонин хэвлэлүүдэд мэргэжлийн сэтгүүлчид асуудал хөндөж бичиж байсан удаатай. Бохир мөнгөний үнэр ханхлуулсан тэр “чөтгөрийн тойрог”-т улс төрчдөөс гадна зарим шүүхийн нэр бүхий шүүгчид, цагдаагийн байгууллагынхан гээд “аалзны тор” шиг хэрсэн томоохон авлигын сүлжээ бий болсон талаар өгүүлж байв. Жишээ татахад, 15 жилийн турш өөрсдийнхөө 25,0 га газрыг дээрэмдүүлсэн боловч шат шатны Шүүхийн байгууллагаар явж, үнэнийг олохын төлөө цуцалтгүй явсаар байгаа газар бол “Богд Асар” ХХК юм. Дуудлага худалдаагаар үнэ хөлсөө төлж авсан 25,0 га газрыг нь тухайн үед Морин тойруулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж 140,0 га газар улсаас ямар ч сонгон шалгаруулалтгүй авчихаад Дуудлага худалдааны үнэ ч төлөхгүй луу унжсаар явдаг газрын мафийн гол төлөөлөгч болсон “Туурайн төвөргөөн” ХХК-ийн захирал Баян Баадай хочит Ж.Бямбабаатарын асуудлыг Шүүхийн байгууллагын зарим авлигад идэгдсэн шүүгчид шийдвэрлэж өгөхгүй зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасаар ирснийг юу гэж ойлгох вэ?
Гэвч 2022 он гарснаас хойш Монголын нийгэм хөдөлгөөнд орж, ард иргэд эрх чөлөө, ардчиллаар амьсгалж, өөрсдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө Сүхбаатарын талбай дээр гарч жагсаж, үзэл бодлоо илэрхийлж, Төр засагт үгээ хэлж байгаад талархаж байна. Түүнчлэн эрх баригч нам болох МАН-ын зүгээс ч нийгмийн өмнө тулгамдаад буй энэ ярвигтай асуудалд анхаарал хандуулж, МАН-ын генсек Д.Амарбаясгалан: “Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан АВЛИГА, ХҮНД СУРТАЛ, ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж, 30 дугаар их хурлаараа намын дүрмээрээ баталгаажуулсан”, “Авлига албан тушаалын гэмт хэрэг болон аливаа гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд улс төрийн дэмжлэг огт үзүүлэхгүй, шударга шүүхийн үйл ажиллагаанд саад тотгор болохгүй”, “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг ДЭВШИЛТЭТ НАМ байх болно” гэж хэлсэн үгнүүд нь өдөр тутмын сонин хэвлэл, сайтад нэр зурагтайгаа үлдсэн байх юм.
Хамгийн чухал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүн биш ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ болно” гэж зарлан тунхагласанд иргэд олон нийт нааштайгаар хүлээн авсан билээ. Бас маш их хүлээлтийг үүсгэн итгэл найдвар тавин харж ажиглаж байна.
Үнэхээр эрхэм ерөнхийлөгчийн хэлснээр “Хүн биш Хууль засагладаг” эрх зүйн орчин Монгол Улсад төлөвшин тогтож чадвал улс орны хөгжлийн тухай яриа илүү амьд бас бодитой сонсогдох учиртай болчихоод байна. Одоогийн нийгэмд үнэндээ хууль биш хүн засаглаад байгаагийн бодит жишээ бол “ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг” гэгчтэй холбоотой дуулиан шуугианыг нэрлэж болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэдэг асуулт болон хариулт миний бодлоор ямар ч логикгүй. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг ӨӨРӨӨ ТӨР байсан. Д.Эрдэнэбилэг өөрийн ШҮҮГЧТЭЙ, шулуухан хэлэхэд Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг ТОМИЛСОН байсан. Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа л гомддоггүй юм бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш” гэж УИХ-ын хуралдаанд хэлснийг эргэж санах хэрэгтэй.
Бодоод үз!!! Монгол Улсын ерөнхий сайдын амнаас шүүх, прокурор гээд хууль хяналтын байгууллага хүртэл орооцолдсон маш том авлигын сүлжээ бодитой байгааг албан ёсоор хэлснийг зүгээр орхиж болохгүй асуудал. Дээгүүрээ улс төрчид нь томоохон мафийн бүлэглэлийн хэмжээнд улс орныг худалдахаас сийхгүй бохир арга ажиллагаанд хөтлөгдөн оролцож байсан бол доогуураа төрд ажиллаж буй газрын албаныхныг бас үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарыг хөдөлгөж Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх аль байршил сайтай, “А” зэрэглэлийн бүсэд оршдог барилга, бүтээн байгуулалт хийж болохоор ашигтай газруудыг бас ханцуй дотроо наймаалцаж, өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг зузаатгаж байхдаа бас л Шүүхийн байгууллагын зарим шүүгчдийг өөрийн хүнээ болгон үйл хэрэгтээ ашиглаж увайгүйтдэг байсан нь баримтаар нотлогдож эхэллээ. Ерөөсөө 3 сая хүрэхгүй хүн амтай монголчууд бид авлигачдын шунал хүслийг гүйцээх аргагүй болтлоо энэ сүүлийн 30-аад жилд ард иргэд нь сөхөрч унатлаа ажиллаж улсад татвар төлж ирсэн байх юм. Өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хугацаанд хүний амьдралын ахархан хугацаа бас боломжуудаа иргэд, ААН-үүд тоотой хэдхэн шуналын дэв болсон улс төрчдийн бохир халаасыг дүүргэх гэж авлига, хээл хахуулийнх нь золиос болсон нь харамсалтай.
Гэвч “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэгчээр сүүлийн жилүүдэд номхон хүлцэнгүй байж ирсэн ард иргэдийн тэсвэр тэвчээрийн хүлээс дэлхий дахинд нүүрлэсэн цар тахал буюу хөл хорионы үе Ковидын хоёр жилийн хугацаанд алдагдаж, өөрсдийн алдагдсан цаг хугацаа, боломжуудаа өнөөдрийн Засгийн газар, УИХ-аас нэхэж ийнхүү төв талбайдаа залуу үе нь түүчээлэн гарч жагссан билээ. Бүх юм цаг хугацаатай бас сав суулга ч хэмжээ дамжаатай байдгийн адилаар энэ олон жилийн туршид цөөхөн хэдэн улс төрч авлигачдыг тойрсон цүнх баригчдыг мөнгөтэй төгрөгтэй баян цатгалан байлгахын төлөө монголын ард түмэн тэр дундаа барилгын салбарт амжилттай ажиллаж ирсэн “Богд Асар” ХХК-ийн барилгачин залуус өөрсдийн хүч хөдөлмөр, хөлс цусаа дуслуулан ажиллаагүй гэдгээ илэрхийлж, 15 жилийн хугацаанд нэг ч удаа толгой бөхийлгөлгүй, шударга ёсыг тогтоохын төлөө цагдаа, шүүхийн байгууллагын хаалга үүдийг элээсээр ирсэн байна.
Хуулийн хүрээнд ажиллаж амьдарсан бүхэн хохирч хоцордог тийм шударга бус нийгмийг бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн “Богд Асар” ХХК-ийн удирдлага, баг хамт олон өөрсдийн хууль ёсоор авсан буюу Дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөг төлж авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны /хуучнаар 10-р хороо/ нутаг дэвсгэрт Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байршуулан орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалттайгаар 25,0 га газрыг Нийслэлийн засаг даргын 2007 оны 10-р сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар авснаас хойш 15 жил өнгөрсөн ч өдгөө болтол нэг ч барилга байшингийн суурь шавыг ч тавьж чадалгүй “Туурайн төвөргөөн” ХХК-ийнханд дээрэмдүүлчихээд сууж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ.
Газрыг зөвхөн Дуудлага худалдаагаар авах хуультай. Хууль засагладаг байсан бол “Богд Асар” ХХК газраа эзэмшиж, бүтээн байгуулалтаа ч хийгээд явах ёстой байж. Гэтэл Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан Улсын Дээд Шүүхийн тогтоолыг биелүүлж гарсан НЗД-ын А/878 захирамж гарчихсан байхад Дуудлага худалдааны үнэ төлж авсан газрыг харин ч бүр Дуудлага худалдааны үнэ төлөөгүйд нь өгч бүхэл бүтэн 140 га-аар нь олгох НЗД-ын А/1055 захирамж гаргачихсан. Дараа нь бүр цаашлаад энэ захирамжтай холбоотой маргаан шүүх дээр хянан хэлэлцэгдэж байхад одоогийн НЗД Д.Сумъяабазар өнөөх 140 га газрыг нь 15 хувааж зарахад нь бэлэн болгочихсон НЗД-ын А/572 захирамжийг ар араас нь хээвнэгхэн гаргачихаад сууж байх юм. Нөгөө газрын наймаа, хар гартнуудтай тэмцэнэ гээд байсан шударга Засаг дарга маань яагаад үүнийг дэмжих болов? Энэ будлиантай захирамжаа шүүхэд ч гаргаж өгөхгүй хав дарчихдаг. Шүүгч нь ч захирамжийг нь олоод авчихаж дөнгөдөггүй. Нийслэлийн Засаг дарга, Туурайн төвөргөөн ХХК-ийнхан шүүхэд хариу тайлбар, баримт сэлтээ хугацаанд нь гаргаад өгчихгүй шүүхийг үл хүндэтгээд байхад шүүх нь толгойг нь илээд л цаанаа Туурайн төвөргөөн ХХК-д илт давуу байдал үүсгээд боломж олгоод байгаагийн учир юу вэ? Ил цагаан авлигын хэргийг Авлигатай Тэмцэх Газар яагаад шалгах сонирхолгүй байна вэ? Цагдаа, шүүх, прокурор нь хамгаалаад дэмжээд байгааг юу гэж ойлгох вэ? Туурайн төвөргөөн ХХК-ийн захирал Баян Баадай хочит Ж.Бямбабаатар гэж хэн бэ? Энэ бүхний цаана хэн гэгч “Эрхэм”-үүд нөлөөлж, үйлчлээд байна вэ? Үүний хариулт нь ХУУЛЬ биш ХҮН засаглаад байна. Тэдний хууль бус үйл хэрэг үүгээр дууссангүй, бусдын Дуудлага худалдаагаар авсан газрыг луйвардчихаад газрын наймаагаа далдлах гэж “Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн” байгуулна хэмээн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх башир арга хэрэглэхдээ Улсын Ерөнхийлөгчийнхөө нэрийг бариад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд олгосон гээд Ерөнхийлөгчөө газрын наймаанд хутгачихлаа. Бүр Улсын Ерөнхийлөгчийнхөө нэр, зургийг бариад шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байна. Ер нь энэ Туурайн төвөргөөн ХХК чинь төрийн хамгаалалтанд бүрэн орчихсон юм биш үү. Ямартай ч хэн ч бай хуулийн өмнө эрх тэгш, хууль тэгш үйлчлэх учиртай.
Энэ 15 жилийн хугацаанд “Богд Асар” ХХК хэчнээн төгрөгийн алдагдал, цаг хугацаа, боломж бололцоо бас мөнгө төгрөг эд хөрөнгөө алдсаныг мөнгөн дүнгээр тооцоолох арга байхгүй гэнэ. Тэр үеийн ханшаар 3,3 тэрбум төгрөгийг өнөөгийн инфляц өссөн, төгрөгийн ханш унасан, барилгын материал түүхий эдийн үнэ хэд дахин өссөн гээд олон хүчин зүйлүүдтэй харьцуулаад үзэхэд үнэхээр харамсал төрөхгүй байхын аргагүй.
Зарим нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудын шунаг сэтгэлээр олж харж, булаан дээрэмдэхээр санаархсан газрын маргаан, луйврын асуудал нь сүүлдээ шүүх байгууллагыг хүртэл хөлдөө чирж, тэдний мөнгөний урхинд зарим нэг мөнгөнд шуналтай, ёс зүйгээ уландаа гишгэсэн ёс суртахуунгүй зарим шүүгчид өлхөн гүйгээд орчихсон баримтууд ч бий. Нэгэнт хүний мөнгө санга, байр орон сууцыг авчихсан зарим шүүгчид хүссэн эс хүссэн ч мөнгө төлж дуу захиалсан эздийнхээ талд энэ 15 жилийн хугацаанд “дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн” байдаг. Нэг хэсэг ёс зүйгүй зарим шүүгчдийн буруутай үйлдлээс болж бүхэл бүтэн Шүүхийн байгууллагын нэр хүнд шалаар нэг унаж байгаатай хэн хариуцлага тооцох вэ? Хуучнаар Шүүхийн ёс зүйн хороонд хандаж, нэр бүхий шүүгчдийн ёс зүйгүй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гомдлыг “Богд Асар” ХХК-иас удаа дараалан нотлох баримттайгаар хандаж байсан боловч бас л авч хэрэгсээгүй орхисон байдаг. Хамгийн ичгүүртэй нь, тухайлбал, Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч асан эдүгээ Нийслэлийн ЗХДЗШШ-ийн шүүгчээр ажиллаж буй Н.Долгорсүрэн гэгчийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөхөд, “Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар шүүгч Н.Долгорсүрэн нь Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.6, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус ЗӨРЧСӨН тул САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ гэж хүртэл шийдвэр гаргаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаагаар түрий барин Сахилгын шийтгэл оноох шийтгэлээс зайлсхийсэн гашуун баримт бий. Ийм ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцохын оронд харин ч улс төрчдийн гар хөл болсон талд шийдвэр гаргаж чадсаны учир Давахын шүүх рүү томилогдож тушаал дэвшүүлсэн байдгийг ойлгох ухаан хайрла гэж хэлмээр байна.
Энэ мэтчилэн шүүхийн алдаа завхралын улмаас 15 жилийн туршид өөрсдийн 25,0 га газраа авч чадахгүй шат шатны шүүхийн босго элээсээр ирсэн “Богд Асар” ХХК-ийнхны итгэл найдвар хэзээ ч бөхсөнгүй. Улмаар Шүүхийн байгууллагын тухай хуулиар шинэчлэн батлагдаж шинээр зохион байгуулалтад орсон Шүүхийн сахилгын хороо эмхлэн байгуулагдахад нэр бүхий ёс зүйн зөрчил, алдаа мадаг гаргасан шүүгчдийг ШЕЗ-ийн харьяа Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч Ц.Одмаа болон Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарт холбогдуулан “Богд Асар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Анхжаргал Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан боловч нөгөөх хээл хахууль, албан тушаалын авлигаар амь бөхтэй оршсоор ирсэн гинжин хэлхээг сахилгын хороо, түүний удирдлага хамгаалах болжээ. Сахилгын хороо гэх сүржин нэртэй, даржин байгууллага татварын мөнгөөр амьдардаг ч, өмнөх ёс зүйн хорооноосоо долоон дор байдалд ажиллаж авлигач шүүгчдийг хамгаалж, авлигач нарын захиа, даалгаврыг биелүүлдэг болж байна. Хууль биелүүлж хэрэглэдэггүй, нотлох баримтуудыг үнэлдэггүй атлаа авлигач, газрын наймаачдын талд асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө байхгүй юмыг бий болгон, зохиол бичиж, түүнд тохируулан шийдвэр бичдэг увайгүй, ичгүүргүй авлигач шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж байна.
Сахилгын хороо авлигын хэлхээний нэгэн хэсэг, эрэг шурга болж хувирав. Тэд нарт хууль зөрчдөг, авлигач шүүгчдэд хуриуцлага тооцох эрх, үүргийг хуулиар олгосон. Харин авлигач шүүгчдийг хамгаалах, хаацайлах эрх, үүрэг хуулиар олгогдоогүй.
Гэвч тэд ухарч няцахгүй, бас урваж шарвахгүйгээр Монголын хуулийн байгууллага, шүүх засаглалд итгэх итгэлээ хэзээд алдахгүйн учир өмгөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл гомдлоо гаргаад яваа баримт мэдээ бас сонслоо. Шударга үнэний төлөө явахад цаг хугацаа их ордог ч гэлээ үнэний төлөөх зам мөр хэзээ ч баларч алга болдоггүй нь харин үнэн билээ.
Тэгээд ч 2022 он гарснаас хойш улс төрийн акцууд ард иргэдийн хүсэл сонирхолд нийцэхүйц удаа дараалан гарсаар байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хууль сахиулагчдын чуулган” болон Шүүгчдийн анхдугаар чуулганы үеэр хэлсэн гол түлхүүр үг нь: “Хүн биш Хууль засаглах цаг болсон тухай” илтгэл байсныг онцолж байна.
Сүүлийн 30-аад жилийн хугацаанд ёроолдоо хүртэл уначихсан Монголын авлига, хээл хахуульд идэгдсэн бохир нийгмийн идээ бээрийг эрх баригч намын лидерүүд зоригтойгоор хөндөн тавьж, өөрсдийн үгээ ОНМХ-ээр шууд илэрхийлж байгаа нь шударга ёсны төлөөх тэмцэлд өөрсдийн амь амьдрал, цаг хугацааг зарцуулсаар ирсэн иргэд, ААН, албан байгууллага, хуулийн этгээдүүд Үндсэн хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалуулах сайн цаг ирлээ хэмээн харж байгаагаа шил дараалан илэрхийлсээр байна.
Эцэст нь Монгол Улсын нийт иргэдээсээ дараах асуултыг асууя!!!
Хүн засаглах уу?
Хууль засаглах уу? гэдэг дээр өөрсдийн санаа бодлоо бас хуваалцахыг хүсье.
Шударга ёсны тэмцэлд зөвхөн ард түмэн ялдаг жамтай!!!!
Үнэхээр ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ улс орны иргэн байж амьдрахыг Монгол хүн болж төрсөн 3 сая иргэний чин хүсэл гэдгээр энэхүү нийтлэлээ өндөрлөж байна.
Үргэлжлэл бий...
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn