Насанд хүрээгүй иргэнийг шүүх шинжилгээний төлбөрөөс чөлөөлнө

504


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив. Төслөөр шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан байна. Мөн шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх шинжилгээний байгууллагад болон бусад этгээдээр хийлгэх шинжилгээг тодорхойлж, шинжээчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Түүнчлэн Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад хийх шинжилгээний зарим онцлог зохицуулалт болох инженер-техникийн шинжилгээ, хөрөнгийн үнэлгээнд хийх шинжилгээ, цахим технологийн шинжилгээ хийх зохицуулалт, журмыг шинээр тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төсөлд мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох, уг хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг хэмжээг үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаж, энэ хүрээнд нэр томьёоны хувьд анагаахын шинжлэх ухааны нэр томьёог ашиглан “сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагавар гэж томьёолж, энэ нь эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлсон байна. Түүнчлэн хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгажээ.

Шүүх эмнэлгийн төлбөртэй явуулж байсан шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд улсын тэмдэгтийн хураамжийг авах зохицуулалт, шүүх шинжилгээний байгууллага, түүний тогтолцоо, шинжилгээний байгууллагын ажилтны эрх зүйн байдлыг шинээр томьёолон оруулж, алба хаагчийн баталгааг нарийвчлан тодорхойлох зэрэг асуудлыг төсөлд тусгасан болохыг мөн Х.Нямбаатар сайд танилцуулав. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй. Төслийг баталснаар шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага дээшилнэ хэмээн үзсэн байна. Шинжээчийн нэгж шинжилгээнд зарцуулах хугацаа багасах, шинжилгээ хийх хугацаа тодорхой болох, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх боломж бүрдэж, шинжилгээний үр дүн бодитой болоход нөлөөлөх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдав.

Хуулийн төслийн хэлэлцлүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг хэрхэн тооцох, хохирол тогтоох төлбөртэй холбоотой зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулав.

Сэтгэцэд учирсан хохирлыг үнэлдэг зохицуулалтыг хуульд анх удаа тусгасан нь гол онцлог гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцлов. Гэмт хэргийн улмаас айдастай, цочиж эмээдэг, олны дунд орж чадахгүй байх зэргээр хүний сэтгэцэд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөрийн асуудлыг шүүх тогтоох аж. Сэтгэцэд нь хохирол учирсны улмаас хүн нас барсан бол хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмсэн буюу 63 сая төгрөг олгохоор хуулийн зохицуулалт хийж байгаа аж. Гэхдээ хүн амын дундаж наслалтаас нас барсан иргэний насыг хасаж, нөхөн төлбөрийг тооцох аж. Тодруулбал, хүн амын дундаж нас 71 байхад 20 настай иргэн нас барвал 110 сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулах боломжтой аж. Хэдийгээр хүний амь насыг мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй ч олон улсад нөхөн төлбөрийн асуудлыг хуульд тусгаж байгаа гэдгийг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг тайлбарлав. Мөн хэт өндрөөр тогтоож болохгүй гэдэг зарчим үйлчилдэг бөгөөд БНСУ 80 сая вон, АНУ муж улсаасаа хамаараад 250-750 мянган ам.доллар байхаар тогтоосон байдаг хэмээн жишээ татав. Түүнчлэн хуулийн төсөлд насанд хүрээгүй буюу 18 хүртэлх насны хүүхдийн хохирлыг тогтооход шинжилгээний төлбөрөөс чөлөөлөх заалт тусгасныг онцоллоо.

Уг төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn