Б.Ганзориг: Миний зарчим бол том эрх ашгаа түрүүнд тавих

630
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр ХААИС-ийг мал зүйч, менежмент, Төрийн удирдлагын академийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр тус тус төгссөн.
Ажлын гараагаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-т хөдөө аж ахуйн мэргэжилтнээс эхэлж аймгийн МХГ-т улсын байцаагч, хэлтсийн дарга, Улаанбадрах сумын Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын даргаар тус тус ажилласан туршлагатай.

-Аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсоноос хойш тантай анх удаа ярилцаж байна. Шинэ алба хүлээн аваад хагас жил болжээ. Ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Би ИТХ-ын даргын албыг 2020 оны 10 дугаар сарын 28-нд хүлээн авсан. Өмнө нь төрийн албанд олон жил  ажилласан учир нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ямар байдаг талаар ойлголт төсөөлөлтэй байсан. Мэдээж гүйцэтгэх засаглалаас чиг үүргийн хувьд өөр, онцлогтой.
Хурлын үндсэн үйл ажиллагаа хуралдаан. Мөн иргэдийн сонголтоор байгуулсан хурал тэдний эрх ашиг, санал хүсэлтийг төлөөллийн байгууллагаар дамжуулан шийдвэр гаргагчдад хүргэдэг онцлогтой.
Шинээр байгуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бараг 50 хувь нь шинэ төлөөлөгч. Тиймээс Нутгийн удирдлагын холбоо болон Удирдлагын академийн багш нартай холбогдож нутгийн удирдлага, хууль эрх зүй, төсөв санхүү, хөрөнгө оруулалт, байгаль орчин газрын харилцааны чиглэлээрх гурван модуль сургалтыг ИТХ-ын төлөөлөгч нарт цахимаар зохион байгууллаа. Нутгийн удирдлагын байгууллагуудад хүргэдэг гол сургалт нь энэ юм билээ.
Мөн сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт  ч зохион байгуулсан. Сургагч багш бэлтгэлээ. Улс орон даяар ковидын нөхцөл байдал хүндэрсэн үе таарсан тул голдуу цахимаар ажиллаж байна.
Нутгийн удирдлагын байгууллагын гол баримтлах хууль бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/. Энэ хууль УИХ-аар шинэчлэгдэн батлагдаж 2022 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжинэ.
Зарим заалт нь 2024 оноос хэрэгжиж эхлэх юм байна.  Мөн энэ хуулийн үзэл санааг хурлын төлөөлөгч нартаа сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.
-Дээрх хуультай холбогдуулан аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдааны үйл явцад ямар өөрчлөлт гарах вэ?
-Томоохон өөрчлөлт орж байна. Өмнөх хуулиар хурлын чөлөөт цагт хурлын бүрэн эрхийг тэргүүлэгчид гүйцэтгэж байсан бол шинэчилсэн хуулиар Тэргүүлэгчдийг татан буулгаж “Зөвлөл” гэдэг бүтэцтэй ажиллана. Зөвлөл бол бие дааж шийдвэр гаргахгүй.
Хуралдаанаас хуралдааны хооронд зохион байгуулалтын ажлыг зохицуулахаас гадна хороодын ажлыг хуралтай холбох зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Мөн улирал бүр ИТХ хуралдана. Зөвлөлийг ИТХ-аар хэлэлцэн байгуулна. Аймаг, сумын ИТХ-ын эрх мэдэл, гүйцэтгэх үүргийг тус бүрт нь тодорхой заасан.
-Одоо ажиллаж байгаа тэргүүлэгчид тарна гэж ойлгох уу?
-Тэргүүлэгчид энэ жилдээ бүтэн хуралдаж дараа жилээс эхлэн шинэчилсэн хуулийн дагуу Тэргүүлэгчдийн хуралдаан байхгүй болно. Ер нь шинэчилсэн хуультай холбоотой нарийвчилсан дүрэм журам УИХ-аар батлагдах байх.
-Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан томоохон шийдвэрээс дурдах уу?  
-Өнгөрсөн хугацаанд ИТХ гурван удаа хуралдлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2020-2024/, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, таван жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг томоохон бодлогын баримт бичгийг баталсан.
УИХ-аар баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын тухайн жилийн ажлын төлөвлөгөөг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудлыг багтаасан зургаан бүлэг 200 гаруй асуудлыг шийдвэрлэхээр баталсан.
Мөн Тэргүүлэгчдийн хуралдаан таван удаа хуралдаж тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд хоёр аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгууллаа.

Тухайлбал, “Говь менежмент консалтинг” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
/ОНӨААТҮГ/ байгуулсан. Энэ байгууллага Дорноговь аймагт байгуулах газрын тосны үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг хангах, нутгийн иргэдийг ажилтай болгох, бэлтгэхэд анхаарахаас гадна аж ахуй нэгж, компаниудыг холбох, харилцан хамтран ажиллах зэрэг үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Хоёр дахь нь “Дорноговь орон сууц” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууц хөтөлбөр болон аймаг орон нутгаас баталсан зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм.
Тухайлбал, залуу гэр бүл, ахмад настнууд, төрийн албаныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангахад анхаарч ажиллана. Өнгөрсөн хугацаанд цаг үеийн холбогдолтой 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-Төрийн өмчит компанийг тухайн эрх баригчдын саалийн үнээ ч гэж хэлэх санал шүүмжлэл нийгмийн дунд байдаг. Үнэхээр шаардлага гарсан учраас байгуулсан уу? Төрийн өмчит үйлдвэрийн газрууд хэр сайн ажиллана байна вэ?
-Мэдээж шаардлага гарсан гэж үзэж байгаа. Дээр нь орон нутгийн өмчит компанийг байгуулахдаа дүрмийг нь давхар баталсан. Төлөөлөн удирдах зөвлөлд төр захиргааны холбогдох чиг үүргийн байгууллагаас гадна иргэдийн төлөөллийг ч багтаасан. Энэ нь иргэдийн хяналтыг давхар буй болгож байгаа учир амжилттай ажиллах болов уу гэж харж байна.
Жишээ татахад “Говь менежмент консалтинг” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажиллах шаардлагатай боловсон хүчнийг орон нутгаас хангах, бүртгэл явуулах, барилгын зарим компанийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, холбож өгөх гээд тодорхой үр дүн гаргаад ажиллаж байна. “Дорноговь орон сууц” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдаад удаагүй. Цаашдаа амжилттай ажиллах байх.
-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн салбар Дорноговь аймагт ажилладаг. Мөн “Говь менежмент консалтинг” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ажиллаж байна. Дээрх байгууллагууд хэрхэн хоорондоо уялдаатай ажиллаж байна вэ?
-Мэдээж харилцан уялдаатай ажиллаж байгаа. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэтхэгийн компани ч ажиллаж байна.
“Говь менежмент консалтинг” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бол тухайн бүтээн байгуулалтад орон нутгийн иргэдийг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднээс худалдан авалт хийх, хувийн хэвшлийнхнийг холбож өгөх гүүр нь болох зорилготой.
-Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төсөв санхүү, цалингийн зардлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?
-Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас өөрөө өөрийгөө санхүүжүүлэхээр зохицуулсан. Байгууллага өөрөө менежментээ хийгээд цалингаа бүрдүүлээд явна гэсэн үг.
-Төлөөллийн байгууллагын гол зорилго бол иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тухайн асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх, иргэдийн оролцоог хангах, тулгамдсан асуудлаар Ажлыг хэсэг байгуулж ажиллах. Ямар нэгэн тулгамдсан асуудлаар Ажлын хэсэг байгуулж ажилласан уу?
-Улаанбадрах сум дахь “Бадрах Энержи” ХХК-ийн ураны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Ажлын хэсэг байгуулж ажилласан. Аймгийн БОАЖГ, Галба, Өөш, Долоодын говийн Усны сав газрын захиргаа, аймгийн МХГ зэрэг чиг үүргийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж, хяналт шалгалт явуулан тайлан мэдээгээ гарган, Засгийн газар, салбарын яам зэрэг газруудад хүргүүлээд байна.
Өмнө нь хийж байсан хяналт шалгалт, Ажлын хэсгийн мэдээллийг ч үзэж нягталсан. Манай мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус сумын зарим худгуудад химийн элементүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан дүгнэлт гарсан. Өнгөрсөн гуравдугаар сард шалгалт явуулсан. Холбогдох газруудад явуулсан албан бичгийн хариу, дүгнэлт хараахан ирээгүй байна.
Аймгийн ИТХ-аас газар тариаланчдын  санал хүсэлтийг сонсож ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2020 онд 11 аж ахуй нэгж, байгууллага, өрхийн 110 тариаланч 61,3 га  талбайд тариалалт хийж 278,6 тн ургац авчээ.
Говийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тариалалт хийхэд усалгаа чухал ач холбогдолтой тул гүний худаг, зоорь, тог цахилгаан, газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжийг цаашид судалж газар тариаланчдаа дэмжиж ажиллана.
Мөн малын тэжээлийг хөрсгүй ургуулах технологийг нэвтрүүлж байгаа иргэдийг дэмжин ажиллаж байна.
-Аймгийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл /ГХУССЗ/ ажилладаг. Салбар зөвлөлийн үйл ажиллагаа хэрхэн явж байна?
-Өнгөрсөн нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээг үзэхэд, гэмт хэргийн гаралт 7.9 хувиар өнгөрсөн оныхоос өссөн байна. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай уулзаж санал солилцож анхаарч ажиллаж байна.
-Аймгийн ИТХ-аас нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон дэд хөтөлбөр баталсан. Дээрх хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дүгнэлт шинжилгээ хийсэн болов уу? Хэрэгжилт нь хангалтгүй дэд хөтөлбөр ч байсан. Цаашид нийгмийн асуудлыг шийдвэрлэх урт богино хугацааны хөтөлбөрүүд, бодлогын баримт бичгүүдийн чанар, шаардлагад хэрхэн анхаарч ажиллах вэ? 
-Үүрэгт ажил хүлээн аваад өнгөрсөн хугацаанд батлагдсан бодлогын баримт бичгүүд, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг судалж үзсэн. Нийт 40 гаруй дэд хөтөлбөр байна. Хэрэгжилт нь 90 орчим хувьтай гэсэн дүгнэлт гарсан.
Энэ чиглэлээр холбогдох байгулулагуудад үүрэг чиглэл өгсөн. Ер нь цаашдаа хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хяналт тавих, анхаарах, ажлыг эрчимжүүлэх  шаардлага бий.
Саяхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Хуралдаанаар орон нутагт ногоон байгууламж бий болгох зорилгоор “Ногоон Дорноговь” хөтөлбөр баталсан.
Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар “Ногоон Дорноговь” буй болгох санал санаачилга гаргаад аян зохион байгуулж байна. Энэ ажлыг ч орон нутгаас дэмжсэн. Хөтөлбөрийн дагуу мод тарьж буй албан байгууллага хүмүүсийг урамшуулах, усны үнийг бууруулах зэрэг тодорхой ажлыг гүйцэтгэнэ.
-Аймгийн ИТХ-аас байгаль орчныг хамгаалах тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ? Учир нь Дорноговь аймгийн хэмжээнд хайгуул болон ашиглалтын олон тусгай зөвшөөрөл байдаг. Мөн нөхөн сэргээлт ч хангалтгүй байгаа.
Аймгийн хэмжээнд 650 гаруй хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байсныг 2016-2020 оны хооронд 50 хувь бууруулж чадсан.
Цаашдаа байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг, үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулдаггүй, татвар хураамжаа төлдөггүй, хууль зөрчдөг компаниудын үйл ажиллагааг дэмжихгүй.
Аймгийн ИТХ-д түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн мөн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд санал хүссэн албан бичгүүд их ирдэг. Тухайн сумын ИТХ-ын шийдвэрийг үндэслэж хариуг өгдөг.
Хэрэв сумын ИТХ дэмжээгүй тохиолдолд аймгийн ИТХ-аас мөн л дэмжихгүй байр суурийг илэрхийлдэг.  Хурлаас тусгай зөвшөөрлийг тоог бууруулах, нэмж олгохгүй байх бодлого баримталж байна.
-Аймгийн төсөв хөрөнгө болон орлого бүрдүүлэх ажил хэр байна вэ?
-Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих тал дээр бодлого гаргаж ажиллах ёстой гэсэн байр суурьтай. Төсвийн орлого бүрдүүлэх ажил хэвийн үргэлжилж байна. Төсөвлөсөн орлого тасраад, хүндрэл учраад байгаа зүйл одоохондоо гайгүй. “Ковид-19” цар тахалтай холбогдуулан зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа.
Аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 19 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, орон нутгийн  8.5 тэрбум төгрөгийн төсвөөр нийт 40 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан Нийт дүнгээр манай аймагт 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр байна.
Зарим ажлын тендер нь шалгараад ажил нь эхэлчихсэн. Урин дулааны улирлыг ашиглаад бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, аж ахуй нэгжүүдийн төсөвлөсөн хөрөнгийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
-Аймгийн ИТХ-аас “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөлд аж ахуй нэгжүүдийг дэмжих чиглэлээр  ямар нэгэн бодлого баримталж байгаа юу?
-Улсын хэмжээнд "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа үед аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-аас төлөөлөл ажиллаж байна. Тухайн төлөөллөөр дамжуулж санал бодлоо илэрхийлэх, эрсдэлээ зөв тооцоолж, халдвар хамгааллын дэглэм баримтлаад бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах зарчмын байр суурийг байнга илэрхийлж байгаа.
Замын-Үүд бол манай улсын эдийн засгийн бараа эргэлтийн дийлэнх хувийг бүрдүүлдэг томоохон боомттой газар.Энэ боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах, бизнесийн үйл ажиллагааг жигд үргэлжүүлэх шаардлага ч байнга тавигддаг. Нөгөө талаар манай аймаг ч эрсдэл өндөр аймгийн тоонд орж байгаа.
-Аймгийн ИТХ сумдын ИТХ-тай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Мэдээж хуулийн дагуу сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй.
-Тийм ээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага хуулиар хүлээсэн үүрэг чиглэлийнхээ дагуу сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Гэхдээ сумдынхаа ИТХ-д мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сар болгон цахимаар хуралдах, тодорхой сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гээд өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
-Аливаа ИТХ-д уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд байдаг. Уламжлал шинэчлэлийг хэрхэн өрнүүлж байна?
-Төрийн алба залгамж чанартай. Төлөөлөгчийн өдөрлөг зэрэг өмнө хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлээд явна. Гэхдээ энэ удаагийн ИТХ иргэдээ сонсох чиглэлээр түлхүү ажиллаж байна. 70520001 гэсэн нээлттэй  утас ажиллуулж, цахим орчинд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байдлын талаар эргэж мэдэгдэх ажлыг зохион байгуулж байгаа.
Мөн Сайншанд сумын амьдралын боломж тааруу зорилтот бүлгийн иргэд хийгээд амьдралаа өөрчлөхөөр хичээж зүтгэж байгаа иргэдийг ч дэмжин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Сайншанд сумын зарим айлын ажил амьдралтай өөрийн биеэр танилцаж,  баг бүрээс арваад айлыг сонгон тодорхой ажил мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах, туслах шинэлэг ажлыг санаачлаад ажиллаж буй.
-Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нэг айлын зээлийг төсвийн хөрөнгөөр төлсөн гэх мэдээлэл гарсан. Бас иргэдийн дунд  ч санал шүүмжлэл өрнөсөн. Яг юу болсон тухай тодруулж асууя? 
-Энэ бол  түрүүн миний дурдсан шинэлэг ажлын тухай юм. Сайншанд сумын Засаг дарга, сумын багийн дарга нар, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар /ХХҮГ/ Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар /ХГБЗХГ/ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зорилтот айл бүрийн ажил амьдралтай танилцаад явж байсан.
Тэр үед төмөр замын сууринд дөрвөн бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эгч дүү гурван эмэгтэйн гэрээр орсон. Долоон ам бүлтэй айл.
Хоёр эмэгтэй нь хөгжлийн бэрхшээлтэй. Нэг нь эрүүл саруул бөгөөд хоёр эгчийгээ харж ханддаг. Тухайн айл бидэнд нэг хүсэлт тавьсан юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр эмэгтэй халамжийнхаа дэвтрийг Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгөөрөө гэр худалдаад авчихсан.
Тэгээд хадгаламжийн мөнгөө шууд зээлдээ шилжүүлдэг. Түлээ нүүрс, хүнс хоол худалдан авах мөнгөгүй байсан.
”Бид үндсэндээ хүүхдийн мөнгөөр амьдарч байна. Бидний халамжийн дэвтрийг чөлөөлж өгөх боломж байна уу” гэсэн хүсэлт. Тэр айлын эзэд ажил хийж амьдарья гэсэн хүсэлт эрмэлзэлтэй, гэртээ  маш цэвэрхэн суудаг, хүний гар хараад суухыг хүсдэггүй бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байсан юм.
Бид судалж үзээд халамжийн дэвтрийг нь чөлөөлж өгсөн. Аймгийн ИТХ-ын даргын нөөц хөрөнгийг зарцуулах журмын дагуу л хийсэн ажил. Тухайн эмэгтэй үсчин болох хүсэлтэй байсныг уламжилж сургалтад хамруулах боломжийг бүрдүүлсэн.
“Итгэл сэтгэл хандлага” ТББ-тай хамтран тусалж дэмжих шаардлагатай гэр бүлийн гишүүдэд мэргэжил эзэмшихэд нь туслах, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Нэг удаа мөнгө өгөх бус ажил хийж амьдрах арга барилыг нь олоод өгчихвөл хамгийн тустай юм.
Ташрамд нэг зүйлийг тодруулж хэлэхэд зарим барьцаалан зээлдүүлдэг газрууд амьдралын боломж тааруу, орлого багатай иргэдийн амьжиргааг залгуулах халамжийн дэвтрийг барьцаалж өндөр хүүтэй зээл олгож, тэдэнд хатуу дүрэм журам тулгадаг байдлаа зогсоох хэрэгтэй. Зээлийн хүүгээ ч тодорхой хэмжээгээр бууруулах шаардлагатай.
-Аймгийн ИТХ-д ажил хүссэн, мөнгөн болон ямар нэгэн дэмжлэг хүссэн иргэд хэр хандаж байна. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Гэр орон хүссэн, ажилд оруулаад өгөөч, эмчилгээний зардал хүссэн гээд олон санал хүсэлт, өргөдөл ирдэг. Иргэдийн саналыг хүлээн авч холбогдох чиг үүргийн байгууллагад уламжлах, шийдвэрлэсэн эсэхийг эргэж мэдээлэх зэргээр ажиллаж байна.
Хүн бүрийн санал хүсэлтийг ИТХ шийдвэрлэх боломжгүй. Харин тухайн асуудлыг бусад чиг үүргийн байгууллагад хүргэх, шийдвэрлэж болох гарцыг эрэлхийлэх, боломжийг хайх талаар түлхүү ажилладаг.
-Аймгийн ИТХ сөрөг хүчний дуу хоолойг хэрхэн хүлээн авч шийдвэртээ тусгаж байна вэ?
-Энэ удаагийн аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн  28 нь МАН, дөрөв нь  АН, нэг бие даагч сонгогдсон. Хурлаас сөрөг хүчний саналыг байнга сонсож, зарим асуудлыг хурлын шийдвэртээ тусган  ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл цөөнхийн үгийг байнга сонсож ажилладаг. 
-Төлөөлөгч тухайн сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулалт татах зорилгоор зураг төсөвгүй, эсвэл хэрэгжүүлэх үндэслэл муутай ажлыг лобби хэрэглэж шийдвэрлүүлэх хандлага байдаг. Том эрх ашгаа хэрхэн зохицуулж байна?
-Мэдээж хэрэг тухайн тойрогтоо хөрөнгө оруулалт татах сонирхол бүх төлөөлөгч нарт байгаа. Боломж бололцоо байгаа үед дэмжиж ажилладаг.
Одоогийн байдлаар хурлын төлөөлөгчдийн дунд аливаа асуудлыг лоббидох, хүчээр шийдвэрлүүлэх зэрэг тохиолдол ажиглагдаагүй. Хурлын үндсэн үүрэг нь хуралдаан бөгөөд хуралдааныг үр дүнтэй зохион байгуулснаар эцэст нь гарах шийдвэр нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой юм.
Батлагдсан зураг төсөвгүй, хөрөнгө оруулалт татах боломжгүй, хэрэгжүүлэх үндэслэл муутай ажлыг хурлаар хэлэлцүүлэхгүй, дэмжихгүй байх хатуу шаардлага тавьж байна. Мөн бүтээн байгуулалтын  ажлын чанарт  ч анхаарал хандуулж байгаа.
Барилга байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг гээд. Ер нь том эрх ашгаа харж ажиллах зарчмын байр суурийг л хурлын даргын хувьд баримталж байна.
-Орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт ямар байна вэ?
-Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт хамгаалалт дээр анхаарал хандуулдаг. Аливаа өмчийн худалдан борлуулах, актлах асуудал чухал. Тэргүүлэгчдээсээ төлөөлөл томилж тухайн өмчийн ашиглалт хамгаалалтыг газар дээр нь үзэж тодруулах, нөхцөл байдлыг үнэлж бодитоор дүгнэх асуудал чухал. Учир нь орон нутгийн өмч хөрөнгө бүхэн төсөвтэй, зардалтай.
-Хурлаас аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгч ажилладаг. Энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон шаардлагатай төсвийг хурлаас баталдаг. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг харьяа агентлагууд үүрэг чиглэлийн дагуу хэрэгжүүлдэг.
Аймгийн ИТХ-аас агентлаг болгоны үйл ажиллагааны мэдээллийг долоо хоног бүр сонсож ажилладаг боллоо. Үндсэндээ энэ бол шинэ ажил юм. Саяхан аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагааны мэдээллийг сонсож иргэдээс ирүүлсэн санал бодлыг хэрхэн шийдвэрлэж байгааг сонссон.
Аливаа асуудлын цаана иргэдийн амьдрал байдаг учраас хурал төлөөллийн байгууллагын хувьд иргэдийн санал хүсэлтийг сонсох, тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаад л анхаарал хандуулна. Цаашдаа аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүдтэй ч хамтарч ажиллана.
-Ойрын үед аймгийн ИТХ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой журам батлах гээд ажил бий.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn