Дорноговь аймагт есөн настай охин хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтжээ

947
 Орон нутагт хүчирхийллийн улмаас дахин нэг хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд суманд есхөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүнд гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар охин зургаан настай эрэгтэй дүү, ээж, хойд эцгийн хамт амьдардаг аж. Мөн байнгын хүчирхийлэлд байдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 
Охины хойд эцэг 1982 оных, харин ээж нь 1991 оных юм байна. Тэд хамтран амьдраад дөрвөн жил болжээ.
Тиймээс энэ хугацаанд хүчирхийлэл үйлдэж байсан эсэх, мөн охины гэмтсэн асуудлыг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. 
Ингээд уг хэргийн талаар Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн байцаагч Б.Энхтуяагаас тодрууллаа.
-Танай аймагт есөн настай охин хойд эцэгтээ зодуулж, хүнд гэмтсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 
-Тийм хэрэг гарсан нь үнэн. Орон даяар хэрэгжсэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Сүүдэр бүү тусга" аян хэрэгжсэн. Энэ аяны хүрээнд нөлөөллийн ажил, шалгалт хийж явахдаа уг хэргийг илрүүлсэн. Сайншанд сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт есөн настай охин хойд эцэг Б-д зодуулсан. Б нь дагавар хоёр хүүхэдтэй байсны нэг нь хохирогч болоод буй есөн настай охин юм. 
-Охин хэр хүнд гэмтсэн бэ. Хамгаалалтад авсан уу? 
-Эмчийн урьдчилсан дүгнэлтээр өвчүү хугарсан байдалтай, гуравны нэгд нь цууралт үүссэн гэх оноштой байна. Охиныг түр хамгаалах байранд авчирч, хамгаалалтад авсан байгаа. Мэдээж охин эрүүл мэнд сэтгэл санааны хувьд цочролтой байгаа. 
-Аяны хүрээнд хүчирхийллийг илрүүлсэн гэлээ. Яг яаж илрүүлсэн юм бэ? 
-"Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд бид нөлөөллийн ажил, мөн айлуудаар эрсдлийн үнэлгээ хийгээд явж байсан. Ингээд иргэн Б-гийнд ороход тэрбээр архи уугаад сууж байсан. Тиймээс бид багийн нийгмийн ажилтанд тухайн айлыг хяналтдаа авч, сайтар анхаарч ажиллахыг сануулсан. Гэтэл уг шалгалтаас хойш гурав хоногийн дараа охин гэмтсэн. Хэрэг гардаг өдөр иргэн Б мөн л архи уугаад сууж байсан. Тэрбээр зургаан настай эрэгтэй хүүхдээ хичээлээ хийгээд сууж байх үед нь өшиглөсөн гэсэн. Ингээд есөн настай охин дүүгээ өмөөрөхөд хойд эцэг нь охины цээжин тус газар хүчтэй өшиглөснөөс болоод охины өвчүү хугарсан юм билээ. 
-Байнгын хүчирхийлэлд байдаг байсан гэх мэдээлэл байна. Үүнийг шалгаж тогтоосон уу? 
-Охины хойд эцэг архины хамааралтай. Хэдийгээр охин болон охины ээж хүчирхийлэлд байдаггүй, зоддоггүй хэмээн мэдүүлж байгаа ч үүнийг сайтар шалгана. Учир нь тэдний мэдүүлэгт нөлөөлсөн байж болзошгүй учраас сайтар шалгаж тогтоох болно. Бидэнд олдсон мэдээллээр охины хойд эцэг охины ээжтэй гэр бүл болоод эхний хоёр жилдээ охинд элдэв ааш аяг гаргадаггүй байсан гэж байгаа. Харин хоёр жилийн дараагаас охинтой ширүүн дориун харьцаж, хандах болсон гэсэн мэдээлэл байна. Мөн ээжид нь ч гар хүрдэг байсан нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Тиймээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. 
-Охины зургаан настай эрэгтэй дүү хаана байгаа вэ?
-Төрсөн эцгийнхээ гэрт байгаа. Тиймээс эрсдлийн үнэлгээ хийж, аюулгүй гарсан учраас хүүг хамгаалалтад авалгүй төрсөн эцгийнд нь байлгаж байна. 
-Уг хэргийн талаар охины ээж юу гэж мэдүүлсэн бэ? 
-Охины ээж "Охин аавтайгаа тоглож байгаад орноос унасан" гэх ташаа мэдүүлгийг өгсөн. Яг шалгалт хийхэд өөр нөхцөл байдал тогтоогдоод байгаа учир охины ээжийг худал ташаа мэдүүлэг өгч болохгүйг сануулсан. Сануулсаны дараа тэрбээр айсандаа ташаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол эхнэрээ байнга зоддог байсан нь шалгалтын явцад тогтоогдож байгаа. 
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс гадна охиныг хүчирхийлдэг байсан юм биш биздээ. Үүнийг шалгаж тогтоосон уу? 
-Өнгөрсөн өдрүүдэд охиныг охидын үзлэгт оруулах гэсэн боловч дагнасан эмч сургалтад явсан эзгүй байсан. Тиймээс нэгдэхид /өнөөдөр/ охиныг үзлэгт оруулна. Хүүхдийн хувийн мэдээлэлтэй нууц байх ёстой учир бид дагнасан нэг эмчийг ажиллуулдаг. Тэр эмчээрээ л үзлэгээ хийлгэдэг.
-Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юу?
-Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Охины өмгөөллийн үйлчилгээг манайхаас гаргаж өгч байгаа.
Ц.Янжиндулам
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn