Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй төслийн явц 60 хувьд хүрчээ.
Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.
Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.









