Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлэг боллоо

31
"Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.10.07) Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаднах талбайд боллоо. Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороо, Шүүгчдийн хороо, Өмгөөлөгчдийн хороо, Прокурорын хороо, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл дэмжин ажиллалаа.
     Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын даргын Хуулийн зөвлөх Д.Золжаргал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч С.Энхбаяр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, ШЕЗ-ийн Ажлын албаны нэгжийн удирдлагууд, прокурор,  хуульчид, өмгөөлөгчид, Шүүхийн захиргааны ажилтны холбооны төлөөлөл, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл нийт 100 гаруй хүмүүс оролцлоо. 
 
 
      Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Шүүхийн байрны асуудал бол зөвхөн шүүхийнхэнд хамааралтай асуудал биш. Бүх хуульчид энд ажлынхаа цагийг өнгөрөөдөг. Шүүхийн байрны орчин, нөхцөл бол нийт хуульчдын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Шүүх хуралдааны танхимд агаар дутагдсанаас өмгөөлөгч хүчилтөрөгчийн аппараттай шүүх хуралд орж байсан тохиолдол бий. Төрийн албан хаагч 8 м.кв талбайд үйл ажиллагаа явуулах стандарттай. Харин шүүгч, ажилтнууд 1 м.кв талбайд ажиллаж байна. Эндээс стандарт ямар их зөрчигдөж байгааг харж болно. Ажиллах орчныг сайжруулахад ямар гарц гаргалгаа байгааг хэлэлцэх гэж байна. Хуульчдынхаа эрх, ашгийг хамгаалах үүднээс бид энэхүү хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт танилцуулаад тодорхой үр дүн гарах байх гэж найдаж байна” гэв. 
 
 
      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Нийгмийн харилцаа өргөжихийн хэрээр эрх зүйн маргаан тэр хэмжээгээр нэмэгдэж, улмаар шүүн таслах ажиллагааны ажлын ачаалал жилээс жилд нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хэргийн оролцогчид, өмгөөлөгч, прокурор гээд хуульчдын ажиллаж буй ажлын байр болох шүүх хуралдааны танхим нь хүрэлцээ, багтаамж, ажиллах орчин, нөхцөл муу байгаагаас шүүхийн үйлчилгээг иргэдэд, хүрэлцээтэй, түргэн шуурхай, тэгш хүртээж чадахгүй байгаа. Энэ бол өнөөдрийн түвшинд ярих ёстой асуудал мөнөөс мөн. Тэгэхээр шүүхийн байрны орчныг хэрхэн сайжруулах, гарц шийдлийг ярилцах гэж энд цугларсан хуульчиддаа болон энэхүү хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа Монголын хуульчдын холбоонд талархаж байна. Шүүх хуралдаан хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаа удааширч байгаа шалтгаан нөхцөлийн нэн тэргүүнд шүүхийн байрны нөхцөл, шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдал нөлөөлдөг. Үүнээс улбаалаад иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байгаа талаар шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэг, зохион байгуулж, танилцуулга хийж ажилласан. Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүх үйл ажиллагаа явуулдаг. Шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад шүүхийн 41 Тамгын газар дэмжлэг болж ажилладаг. Үүнээс 36 Тамгын газар өөрийн эзэмшлийн байртай боловч шүүхийн зориулалтын стандартын шаардлага хангасан байртай шүүх байхгүй. Түрээсийн байранд 5, орон нутгийн өмчийн байранд 2, прокурорын байгууллагатай нэг байранд байгаа 4 шүүх байна. Шүүхийн тухай хуульд шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр ажиллагаа явуулахыг хориглоно гээд заасан байдаг. Гэвч өнөөдөр энэ хууль хэрэгжихгүй байдалтай, шүүх, прокурорын байгууллагатай нэг дээвэр  дор үйл ажиллагаа явуулж байна. Иргэд Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх орчин нөхцөл бүрдээгүйн улмаас шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах үндсэн шалтгаан болж байна” гэлээ. 
      Баянзүрх дүүргийн ИХАШШ-ийн Тамгын газрын дарга Л.Наянтай “Шүүх хуралдааны танхимын стандарт ба одоогийн нөхцөл байдал” сэдвээр, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүн, өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Шүүхийн Тамгын газрын төсөв ба ажлын байрны нөхцөл”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр “Шүүхийн байрны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм. 
 
 
      Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас нар ажиллаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ахлах прокурор Ц.Ариунжаргал, Монголын хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүн Ш.Нарантуяа, Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг нар зочин илтгэгчээр оролцож, санал, дүгнэлтээ илэрхийлж, оролцогчдын асуултад хариуллаа.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn