ХААН Банк Монгол Улсаас анх удаа Нийгмийн бондын санхүүжилт босголоо

98
Дэлхийн банк группийн гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн хөрөнгө оруулалтаар ХААН Банк олон улсын зах зээлд Монгол Улсаас анх удаа Нийгмийн бонд гаргах ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү бондын эх үүсвэрээр ХААН Банк эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, дэд бүтэц болон орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр зэрэг нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, зорилтот харилцагчдадаа илүүтэй хүрч үйлчлэх, тэдгээрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих зорилготой. Мөн нийгмийн чиглэлээр олгох санхүүжилтийн багцаа тэлэх төдийгүй бичил болон жижиг дунд бизнест ажлын байр бий болгох, тэр дундаа эмэгтэй удирдлагатай жижиг дунд бизнесийг дэмжихэд тусгайлан зориулах юм. 
Гурван жилийн хугацаатай, 130 сая ам.долларын дүнтэй, олон улсын хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд санал болгож буй уг Нийгмийн бондод ХААН Банкны урт хугацааны түнш ОУСК 100 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж буйн зэрэгцээ “Нийгмийн бондын санхүүжилтийн хүрээ” (Social Bond Framework “SBF”) баримт бичгийг ОУХЗН (ICMA)-ын “Нийгмийн бондын зарчим”-д уялдуулан боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласан юм. Энэхүү баримт бичиг нь нийгмийн бондын зарчмын шаардлагуудыг хангаж буй эсэх хөндлөнгийн баталгаажуулалтыг (Second Party Opinion “SPO”) “Fitch Ratings”-ын харьяа “Sustainable Fitch байгууллагаас хянан баталгаажуулсан юм.
 “Нийгмийн бондын санхүүжилтийн хүрээ”-нд тодорхойлсны дагуу банк тус бондын эх үүсвэрийг Монгол Улсад тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөл, санаачилга, орлогод нийцсэн орон сууц барих, нэн шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн төслүүд зэрэг боломжит төсөл хөтөлбөр, санаачилгуудыг санхүүжүүлэх зорилготой. Санхүүжилт авах зорилтот бүлэгт малчид, тариаланчид, үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал орон нутгийн иргэд, ажил олгогч бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд багтаж буй. Түүнчлэн нийгмийн санхүүжилт болон нөлөөллийн удирдлагын талаар банкийг чиглүүлэх зорилгоор ОУСК-иас нийгмийн санхүүжилтийн зээлийн багцыг удирдах чадавхийг сайжруулах 12 сарын турш үргэлжлэх зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлэн  ажиллах юм.
“Энэхүү бондын хөрөнгө оруулалт нь манай банкны төдийгүй, Монголын банкны салбарын хувьд түүхэн үйл явдал болж байна. Бид бүхэн Монгол Улсаас анхлан Нийгмийн бонд гаргаснаар цаашид нийгэмд эерэг өөрчлөлт, үр ашгийг бий болгох чухал ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тусгайлан  дэмжинэ. Ингэснээрээ улсынхаа хамгийн том банкны хувьд зорилтот салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих замаар эерэг үр нөлөөг бий болгоход үлгэр жишээ үзүүлж байгаадаа баяртай байна" хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцоллоо.
“ОУСК нь нийгмийн үнэт цаас анхлан гаргагчдын нэг төдийгүй ийм санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлэгчийн хувьд ХААН Банкийг анх удаа Нийгмийн бонд гаргахад нь шаардлагатай дэмжлэг үзүүлж ажилласандаа баяртай байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан ОУСК нь зах зээлийн тэргүүлэгч тоглогч ХААН Банканд шаардага хангасан нийгмийн төслүүдэд санхүүжилт татах боломж олгохын зэрэгцээ цаашид Нийгмийн бонд нь Монголын хөрөнгийн зах зээлд урт хугацаат санхүүжилтийн шинэ төрөл болон бэхжих суурийг эхлүүлж байна” хэмээн ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Руфат Алимарданов дурдлаа.
2023 оны 3-р сард ОУСК Нидерландын хөгжлийн банк (FMO) болон АНУ-д төвтэй "MicroVest" компанитай хамтран ХААН Банкнаас олон улсын зах зээлд гаргасан Монголын анхны ногоон бондод нийт 60 саяын ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн билээ. Банк нь тус бондын эх үүсвэрийг бүрэн зарцуулж, 2022 онд 105 тэрбум төгрөг байсан ногоон зээлийн багцаа 2023 онд 377.4 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн төдийгүй жилийн дотор 257 хувийн өсөлт бий болгосон байна. Өдгөө ХААН Банк зах зээлд олгосон нийт ногоон зээлийн 47 хувийг эзэлж байгаа бөгөөд ногоон, тогтвортой санхүүжилтийн шийдлүүдийг харилцагчдадаа таниулахаар идэвхтэй ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn