Их Британид яагаад жагсаал өрнөөд байна вэ?

290

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт /2024.07.29/ Их Британид гурван бага насны хүүхэд хутгалуулж амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Үүний гол буруутан нь хэн, ямар хүн болохыг цагдаагийн байгууллага олон нийтэд мэдэгдээгүй юм. Учир нь гэмт хэрэгтэн нь 18 нас хүрээгүй тул тус улсын хуулийн дагуу насанд хүрээгүй хэрэгтэн/сэжигтний хувийн мэдээллийг нууцалдаг.
Гэсэн хэдий ч хэд хэдэн нэр нөлөө бүхий хүн тухайн гэмт хэрэгтнийг Их Британид цагаачилж ирсэн муслим хүн байсан гэж мэдэгдсэнээр өнгөрсөн Бямба гаригт /2024.08.03/ Ливерпүүл, Бристол, Халл болон Белфаст хотод эсэргүүцлийн жагсаал өрнөөд буй.
Жагсаал одоог хүртэл үргэлжилж, хэдэн зуу гаруй хүн цагдаа нартай мөргөлдөж байна. Хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлснээр, хэрэгтэн нь17 настай Аксел Рудакубана гэжээ. Тэрбээр цагаач эсвэл их британийн иргэн болох нь тодорхойгүй ч гэсэн жагсагчид цагаачдын эсрэг хүчирхийлэл үйлдэж байна гэж "Reuters" агентлаг мэдээлэв. Мөн жагсагчидтай мөргөлдсөн цагдаагийн албан хаагчид бэртэж гэмтсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ливерпүүл хотод хоёр офицерын нүүрний яс хугарсан, нэг цагдаа мотоциклоосоо түлхэгдсэн.
Тус хотод 750 гаруй жагсагч эсэргүүцлээ илэрхийлж байна гэх тооцоо гарсан.
Баруун өмнөд хэсэгт орших Бристол хотод үүнтэй төстэй дүр зураг ажиглагдсан ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсагчид цагаачлалын эсрэг жагсагчдаас олон байсан.  Тус хоёр өөр зорилготой жагсагчид мөргөлдөж байгаа бол цагдаа нар үүнийг болиулахаар хичээж байна. Белфаст хотод зарим бизнес эрхлэгчид эд хөрөнгөд хохирол учруулсан гэж мэдээлсэн бол дор хаяж нэг нь шатсан байна.
 Нийт 100 гаруй хүнийг хүчирхийллийн эмх замбараагүй байдал, онцгой байдлын ажилтны биед халдсан зэрэг хэргээр баривчилсан гэж Лондон хотын цагдаагийн газраас мэдэгдэв.
Энэхүү жагсаалыг хэт барууны үзэлтнүүд өдөөсөн гэж барууны агентлагууд мэдээлж байна. Хэт даврагч байгууллагуудын талаар судалгаа хийдэг Их Британид төвтэй "Hope Not Hate" хэмээх өмгөөллийн бүлгийн мэдээлснээр фашист бүлэглэлийн нэрт гишүүн Дэвид Майлс Саутпорт хотод жагсаалыг эхлүүлсэн. Мөн Английн Батлан хамгаалах лиг оролцсон гэж цагдаа нар мэдэгджээ. Английн Батлан хамгаалах лиг нь 2009 онд байгуулагдсан хэт барууны гудамжны хөдөлгөөн бөгөөд хүчирхийллийн жагсаал цуглаан, Исламын болон цагаачлалын эсрэг байр суурьтай байдгаараа алдартай.
Нас барсан охидын талаар мэдээлснээр, хорь орчим хүүхэд зуны сургалтад хамрагдаж байхад хутга барьсан этгээд ангид нь дайран орж ирсэн. Тухайн хэрэгтэн хэд хэдэн хүүхэд хутгалснаар 9 настай Алис Дасилва Агиар, 7 настай Элси Дот Стэнкомб, 6 настай Бэбэ Кинг нар шархаа даалгүй нас баржээ. Өөр арван хүн шархадсаны дотор таван охин, хоёр том хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Эх сурвалж: NEWS18
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn