Цалин, эрэлт өндөр IT салбарт охидын торгон мэдрэмж хэрэгтэй

299
Өнөөгийн нийгмийн амьдрал интернэт хэмээх наймхан үсэгтэй энэ үгэн дээр тогтож байна гэхэд бодит амьдралаас нэг их зөрөхгүй. Аль ч салбарт, дэлхийн ямар тивд ажиллаж байгаагаас үл хамааран интернэт хэдхэн минут тасрахад л ажил зогсдог болсон цаг үед бид амьдарч байна.
 

МЭДЭЭЛЭЛ, КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ 35 НАСТАЙ ДЭД ПРОФЕССОР Б.НАРАНЧИМЭГ

 
Б.Наранчимэг
Түүх сөхвөл, Монгол Улсад орж ирсэн интернэт өдгөө 28 нас хүрч байна. “Түүнийг”  ердөө есөн настай байхад IT инженер буюу мэдээллийн технологийн инженер хэмээх өдгөө дэлхийн зах зээлд трэнд болж буй мэргэжилтэнг бэлтгэх МУИС-ийн Мэдээлэл технологийн сургууль дөнгөж сууриа тавьж байжээ. Энэ үед нь буюу 2003 онд математикийн хичээлдээ толгой цохьдог охин Б.Наранчимэг өөрийн хүсэлтээр тус сургуулийн анхны элсэгч болжээ. Харин өдгөө 35 настай тэр МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн доктор, дэд профессор болж мэдээллийн технологийн салбарын эмэгтэй манлайлагчдыг түүчээлэн ажиллаж байна. Б.Наранчимэг 2007 онд МУИС-ийг мэдээлэл технологийн инженерээр төгсөөд 2010 онд Өмнөд Солонгост IT инженерээр магистраа хамгаалжээ. Дараа нь  2020 онд Японы Ивата их сургуульд компьютерийн ухааны доктороо 33 настайдаа хамгаалан, одоо дэд профессор хэмээх эрдмийн цолыг хүртээд байна.  “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллыг онцоллоо.
АНУ-ын Боловсролын статистикийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар компьютерийн шинжлэх ухаанаар төгсөгчдийн 19 хувь нь эмэгтэй байна. Манай улсын 88 их дээд сургуулийн 37 нь мэдээлэл технологийн чиглэлээр оюутан бэлтгэдэг. Элсэгчдийн 20 орчим хувь нь эмэгтэй байдаг аж. Гэхдээ МУИС-ийн Мэдээлэл, компюьтерийн ухааны тэнхимд 2020 онд суралцагчдын  32 хувь нь эмэгтэй байсан бол 2021, 2022 онд 35 хувь болж нэмэгджээ.

Энэ талаар МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн доктор, дэд профессор Б.Наранчимэг “IT салбар жилээс жилд хөгжиж байгаа учир өрсөлдөөнөө дагаад элсэх оюутны тоо, охидын оролцоо нэмэгдэж байна. Эмэгтэй оюутан хичээнгүй, тууштай, багийн ажиллагаа сайтай, нээлттэй, санаачилгатай зэрэг олон давуу талтайг багшлах явцдаа сайн ойлгож байна. Гэхдээ манай сургуулийн нийт оюутны 62 хувь нь эмэгтэй байгаатай харьцуулахад Мэдээлэл технологийн салбарын оюутны 35 хувь нь эмэгтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Технологийн салбар цахилгаан, электроникийн инженерээс үүсэлтэй учир эрэгтэйчүүд түлхүү сонгодог байсан. Харин сүүлийн жилүүдээс компьютер дээр  суурилдаг болсноос охидын торгон мэдрэмж хэрэгтэй болсон. Тиймээс энэ салбарын охидын тоо ирээдүйд нэмэгдэнэ гэсэн таамаглал бий. Хүйсийн харьцаа 50:50 болчихвол илүү хүндээ чиглэсэн болох байх. Тодруулбал, охид ээжийн хувиар энэ технологи миний хүүхдэд яаж нөлөөлөх бол гэдэгт анхаарна. Нэг зэрэг олон ажил амжуулах вэ гэдэгт анхаарч ажлаа хялбараар хийдэг болно. Мөн олон улсын хэмжээнд IT  салбар боловсон хүчний дутагдалд орсон учир бид сайн инженерүүдийг бэлтгэвэл тэд Монголдоо төдийгүй дэлхийд гарч ажиллах бүрэн боломжтой” гэсэн юм.

Б.Наранчимэг багшийг 2003-2007 онд мэдээлэл технологийн инженерээр сурч байхад анги нь зургаан эмэгтэй оюутантай байжээ. Зах зээлийн эрэлтээ дагаад IT салбарыг сонирхох эмэгтэй оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь тус салбарт ажиллагсдын хүйсийн харьцааг тэнцвэртэй болгох, компьютерийн шинжлэх ухааныг зөвхөн эрэгтэйчүүдийн салбар хэмээн бодох олон нийтийн хэвшмэл ойлголт багасахад чухал нөлөөтэй юм. Тиймээс  И-Монголиа академи, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас  энэ салбарыг сонирхон дурлаж, сонгох суурийг нь  бэлтгэх зорилгоор ”Охидын код” хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Монгол Улсын өнцөг булан бүрээс цугларсан идэвхи чармайлт өндөр 80 охин тус хөтөлбөрийг төгссөнөөс 10 гаруй нь олон улсын тэтгэлгээр гадаадад IT-гаар суралцаж байгаа нь охидод ямар их боломж байгаагийн тод илрэл юм.
 

“МЭНД” КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН ТАЛ НЬ ЭМЭГТЭЙ

 
О.Чанцалдулам
ЦХХХЯ-наас технологийн 151 байгууллагыг судлахад эмэгтэй үүсгэн байгуулагч 35 хувийг эзэлж байна. Тиймээс бид технологийн салбарт манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс энэ салбар дахь охидын манлайллыг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлэээр байр суурийг нь тодруулсан юм.
 Бүх насныханд зориулсан сэтгэл зүй, эрүүл мэндийн зөв дадал хэвшлийг аппликейшн буюу технологиор дамжуулан хүмүүст суулгаж, цаашлаад олон улсын зах зээлд өрсөлдөх алсын хараатай ажиллаж  байгаа шинэ стартап бол “Мэнд” компани юм. Технологийн салбарын түүчээ болсон тус компанийн үүсгэн байгуулагчдын тал хувь нь эмэгтэй. Мөн IT хөгжүүлэгч таван үндсэн ажилтны хоёр нь эмэгтэй юм.
Энэ талаар “Мэнд” компанийн хамтран үүсгэн байгуулагч О.Чанцалдулам “Цалин нь зах зээлээс нэг дахин өндөр ч компаниуд технологийн инженерүүд, вэб хөгжүүлэгчийн хомсдолд орчихлоо. Манай компанид хичээлийнхээ хажуугаар ажилладаг программ хөгжүүлэгч эмэгтэй оюутан олон бий. Эрэгтэйчүүд ажилладаг гэж боддог мэдээлэл технологийн салбарт эмэгтэйчүүд ажиллахад нээлттэй болсны нэг жишээ нь манайх гэж боддог. Эхэндээ бүтээгдэхүүнээ сурталчлаад явахад нийгэм технологийн инженерийг эрэгтэйчүүдээр төсөөлдөг нь асуудал байсан. Харин сүүлийн жилүүдээс хүмүүс эмэгтэй IT инженерүүдийг хүлээн зөвшөөрч эхэлсэн нь сайшаалтай. Гарааны бизнес учраас олон асуудал бий. Гэхдээ асуудал бүрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийн төлөө бид ажилладаг. Цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал” гэв. “Мэнд” компани хүмүүсийн эрүүл мэндийн зан төлвийг технологиор дамжуулан өөрчлөхөөр байгуулагдаад нэг жил болж байгаа ч хэдийнэ 44 мянган хэрэглэгчийг эгнээндээ нэгтгээд байна.
 

МЕНЕЖЕРЭЭС ЗАХИРАЛ БОЛЖ ДЭВШСЭН Т.АЯГҮЛЬ

 
Т.Аягүль
Харилцаа холбооны салбарт олон төрлийн дэвшилтэт технологи үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа компани бол “КоллПро” юм. Байгууллагын дотуур холбоо, дуудлагын төвийн систем, веб болон аппликейшнд суурилсан аудио, видео дамжуулах үйлчилгээг үзүүлдэг тус компанийн гүйцэтгэх захирлаар Т.Аягүль хэмээх эмэгтэй ажилладаг юм.  Түүнийг анх ажилд ороход захирал нь ”Би эмэгтэй инженерт итгэдэггүй” хэмээн хэлж байжээ.
Энэ талаар “Коллпро” /CallPro/ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Аягүль “2014 онд компанийнхаа анхны ажилтан болж оффис менежерээр ажлын гараагаа эхэлж байлаа. Харин энэ оноос удирдлагын түвшинд байгууллагын харилцаа холбоо чиглэлд ямар бүтээгдэхүүн хэрэгтэй вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна. Анх манай компани байгуулагдахад үүлэн технологи дээр суурилсан компаниуд Монголд төдийлөн танигдаагүй байсан. Тиймээс эхний хоёр жил компанийн орлого, зарлага хасах руу орсон. Гурав дахь жилээс үүлэн технологи трэнд болж байгууллагууд үүнд итгэж эхэлсэн. Үүнээс хойш манай компани эрчимтэй хөгжиж байна. Анх намайг ажилд ороход захирал ”Би эмэгтэй инженерт итгэдэггүй” гэж хэлж байсан. Тиймээс бид “Би эмэгтэй юм чинь чадахгүй” гэсэн сэтгэлгээгээ өөрчлөөд айдсаа давах хэрэгтэй гэж боддог. Эмэгтэй хүн олон ажлыг зэрэг амжуулж чаддаг, мэдрэмж өндөртэй гэсэн давуу талаа зүлгэж технологийн салбарт хүчээ сорих хэрэгтэй” гэсэн юм.
Технологийн салбарын 35 настай дэд профессор эмэгтэй, стартап компанийг удирдаж байгаа залуухан эмэгтэй захирлууд ч IT салбарт охидын торгон мэдрэмж, тууштай байдал үгүйлэгдэж байгааг онцолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 202 (6934)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn