Түрдээ цэмцгэнэхээ больж мах, гурилтайгаа эвлэрье

71

Дэлхий тахалд нэрвэгдээд, дайны хөлд сүйрч байна. Хор уршгийг нь бид өдөр тутамдаа, алхам бүрдээ мэдэрч байгаа. Хамгийн наад зах нь бараа таваарын үнэ огцом нэмэгдэж байна. Цаашид амьдралаа залгуулахад улам хүнд болно гэж эдийн засагчид анхааруулж, түгшүүр зарласаар. Улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогт тохирсон арга хэмжээг ч авч эхэлсэн. Европын холбоо гэхэд ард түмнээ тансаг хэрэглээнээсээ татгалз хэмээн өдөр болгон уриалж байна. Лаа шүдэнзээ бэлдэж, түлээ түлшээ базааж, өвөл хөлдөж үхэхгүйн тулд бүхий л аргаа хэрэглэ гэв. Энэ бол дайны төлбөрийг төлж байгаа хэлбэр юм.
Дайны төлбөр гэж юу яриад байна вэ, ард түмэн тансаг хэрэглээнээсээ татгалзах нь үүнд ямар хамаатай юм бол гэж үү. Энгийнээр тайлбарлавал дэлхийд дарангуйллыг байхгүй болгохын тулд төлж байгаа төлбөр. Хүчтэй улс нь сул доройгоо дээрэлхдэг. Эрхшээлдээ оруулж, өөртөө нэгтгэж чаддаг. Улмаар өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн дэглэм тогтоодог болоод удсан байна. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх нь зэрлэг, араатан амьтдын ертөнцөд л байдаг үйлдэл. Тэд угаасаа тэгж л оршин тогтнодог. Харин хүн төрөлхтөн араатнаас ялгаатай нь ухамсар, оюунтай. Орчин цагт, ялангуяа хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн даяаршлын ертөнцөд хүчтэй нь хүчгүйгээ шууд дарангуйлна гэдэг бол үнэхээр байж боломгүй явдал. “Та нар муусайнууд миний санаанд нийцсэнгүй” гээд сэлэм эргүүлэн дайлаар морддог эрин зуун биш. Гэтэл өндөр технологижсон зэр зэвсэг, цэрэг армиар дарангуйлал тогтооно гэдэг юу гэсэн үг вэ. Аль нэг дарангуйлагчийн хүсэл, шуналыг гүйцэлдүүлэхийн тулд сайхан залуу, халуун амиа “тушаах” нь дэндүү хайран. Хүний амь ганцхан. Хойд нас байдаг гэж хэн ч баталчихаагүй байгаа. Орчлонд нэг л олдох амьдралаа хүний шуналд зольж, өөр шигээ гэм зэмгүй жирийн хүмүүстэй алалцана гэдэг ухаан санаанд багтамгүй явдал биз дээ, яаж ч бодсон. Дарангуйлал, ноёрхлыг болиулах нь энэ дэлхийд амьдарч байгаа хүн бүхний туйлын хүсэл, зорилго байх ёстой.
Түүхээс харвал Монгол Улс дайны төлбөр төлж байсан орон. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголд гурил, будаа, цай, тамхи, даавуу дайлан тасарч байсан гэдэг. Тэр үед ард түмэн маань хуучин нойтон хувцсаа өмсөж, уулнаас ургамал, навч түүж цайгаа чанан ууж, тамхиа нэрж дайныг даван туулж байжээ. Энэ бол фашист дэглэмийг дарахын төлбөр байсан юм. Тэгвэл яг үүнтэй адил нөхцөл байдал өнөөдөр бидний өмнө ирчихээд байна. Гэхдээ бидний энэ удаагийн дайны төлбөр маш хямдхан тусна. “Энэ хамгийн хүнд дээ” гэж бодоход юу байж болох уу. Ямар зүйл хийж болно гэж та нар бодож байна вэ.
Ердөө л Энхтайваны гүүрийг өвлийн хүйтэнд жавар сөрөн алхах л байгаа юм шүү дээ. Машинаа тавиад бензиний хэрэглээгээ таначих л даа. Алхах нь эрүүл мэндэд ч тустай. Ийм хүнд бэрх цагт заавал шинэ хувцас авч дэгжирхээд юүхэв. Дулаан л байвал хуучин ч байсан яахав дээ. Арчилж, тордож өмсөөд нэг өвлийг явган алхаад давж үзье л дээ. Хэдүүлээ нэг өвөл алим, мандарин, салатны навчгүй өвөлжье. Нэг өвөл орой 12 цаг гэхэд бүгд гэрэл чийдэнгээ унтраагаад унтдаг болъё. Хэдэн үйлдвэр, уурын зуухандаа л цахилгааныг нь өгөөд эрчим хүчээ хязгаарласан ч яахав дээ. Эсвэл 12 цаг өнгөрвөл лаагаа бариад утсаа ухахад болохгүй юмгүй. Монголчуудад ийм л дайны төлбөр байгаа. Энэ бол маш хялбархан. Хэсэгтээ цэмцгэнэхээ больж, тансаг хэрэглээнээсээ татгалзаж, дарангуйллын эсрэг төлбөрийг төлцгөөе өө. Энэ бол ардчилал, тусгаар тогтнолдоо төлж байгаа бидний өчүүхэн төлбөр юм шүү.
Түгжрэлтэй замд бензин их зарцуулдаг жийп хөлөглөж, хамгийн сүүлийн үеийн гар утсаар өрсөлдөж, брэндээр хийрхэцгээдгээ л больчихъё. Өнгө алагласан чамин хоолныхоо зургийг сошиалаар гайхуулж онгирцгоохоо л байчихъя. Ер нь монголчууд дандаа тансаг, хангалуун амьдарч байгаа юм шиг жүжиг тавьдаг улс. Одоо бодоод байхад, хэлсэн үгнээсээ болж элдвээр зүхүүлдэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Мах, гурилтайгаа байхад болно доо” гэсэн нь үнэн юм. Нэрэлхээд нэрээ идэхгүй. Гэртээ очоод гэрээ идэхгүй гэж хуучны үг бий. Юундаа ч нэрэлхэж, ичихэв. Шатахуунаа бага авъя. Цахилгаанаа хэмнэлттэй хэрэглэе. Байгаа хэдэн хуучин хувцсаа цэвэрхэн өмсье. Бор зүрхээрээ амьдраад үзье л дээ. Ямар насан туршдаа ийм байх биш. Дарангуйлал мөнхөд үргэлжлэхгүй. Дор хаяж ганцхан өвлийн л асуудал байгаа. Хойтон хавар ирэхэд цаг сайхан болчихно.
Өнөөдөр ардчилал, тусгаар тогтнолоо алдаж буй улс орон ямар эмгэнэлтэй байна вэ. Ард түмэн нь айдастай, хайртай дотны бүхнээсээ хагацсан элэг эмтрэм дүр зургийг дэлхий нийтээрээ харцгааж сууна. Иргэд нь тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө цусаа урсгаж, амь насаа өгч байна. Үүний хажууд бид дэндүү жаргалтай байгаа. Хоёр том гүрний дунд оршдог ч иргэд нь эрх чөлөөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг индэртэй байна. Дүрвэгсдийн мөрөөдлийн улс.
Дайны төлбөрт хүн бүр эрвийх, дэрвийхээрээ оролцох ёстой. Тэгж байж л сайхан цагийг наашлуулна. Тэгж байж л энэ дарангуйллын, бусармаг бурангуй нийгмийг дэлхийн түүхээс арчиж хаяна. Фашизмыг дарахын тулд 1940-1945 онд иргэд буутайгаа хөлдөж үхэж байсан юм. Үүний хажууд бидний тансаглалаа тэвчих асуудал инээдэмтэй байгаа биз дээ. Ингэж байж л хүнд үеийг давцгаана. Түрдээ цэмцгэнэхээ больж мах, гурилтайгаа өвөлжье.
 
М.Мөнхцэцэг
Өдрийн сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn