Мянган нутгийн “уран гар”

703
Мянган нутгийн “уран гар”




 
 Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга суурингаас гараад Жимстэй уул - Баянбогд овоо – Баян-Овоо ( Хятад улсын газрын ховор элементийн нутаг) - Баатар эгч дүүс Лүнмэй, Юйрунгийн гэр музей - Шар чулуун сүмийг дамжин 70 гаруй километр яваад Цагаан овооны энгэрт байрлах Мянган сууринд хүрлээ. Мянган суурин нь нутгийнхаа овоо ордыг түшиж байрласан байлаа. “Энэ газар нутаг нь их шүтлэг тахилгатай юм” гэж хамт явсан Уяхан дүү танилцуулла. Байшингийнхаа оройг монгол гэрийн онцлог бүхий дугуй бөмбөгөр оройтой загвараар барьсан нь жижигхэн энэ сууринг өвөрмөц болгожээ.

“Хавт Хасарын зан заншлын үзэсгэлэн” хэмээх гэр музей нь энэ нутгийн түүх соёл, амьдрал ахуйн ул мөрийг дэлгэн үзүүлж байгаагаараа илүү өвөрмөц санагдлаа. “Хавт Хасарын зан заншлын үзэсгэлэн”-г ажиллуулж буй жар дөхөж яваа Мөнгөндалай сайхан яриа хөөрөөтэй хүн байлаа.
1952 онд Дархан болон Муумянган хэмээх хоёр хошууг нийлүүлэн Дархан Муумянган холбоот хошуу байгуулагджээ. Энэ хошууны нэг хэсэг болох Муумянган нутгийн түүхийн хувьд нутгийн иргэд Хавт Хасарын хойчис бөгөөд Хавт Хасарын тайлга тахилгын зан заншлын үйл ажиллагааг гүйцтэгдэг байна. Мөнгөндалайтайтай хамт “Хавт Хасарын зан заншлын үзэсгэлэн” гэр музейгээр тойрон үзхийн дагуу Муумянган нутгийн түүх соёл, амьдрал ахуйн талаар танилцасан юм.
Модон хавтсаар хадсан гэр музейд Хавт Хасарын үр хойчсын энэ нутагт нүүдэллэж ирсэн, Муумянган хэмээх нэрийдэл, энэ нутгийн баатрууд, малчин түмний мал сүргийг хэрхэн хамгаалж байсан түүхийг зургаар тайлбарлв. Зуун жилийн түүхт хуучин монгол гэр, гэр доторх тавилгуудыг нэг нэгээр нь үлгэр түүхтэй нь ярьж өгөв. Модон хөлтэй оёдлын машин, авдар хорго, хувцас хунар, эдлэл хэрэгсэл гээд Мөнгөндалайн дээдсээс нь өвлүүлж үлдээсэн эдлэл хэрэгслийг тухайн цаг үед байснаар нь сэргээн тавьсан нь дээр үеийн Мянган нутгийн айл гэрийн ахуй амьдралыг үзүүлэхийг зорьсон нь илхэн харагдана. Таван хошуу мал, араатан амьтан гээд амьтны загвар хийж бүтээн нутгийнхаа байгаль газар зүйн онцлогийг дэлгэн үзүүлжээ. Мал аж ахуй тариалан үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл гээд дээр зуунд энэ нутгийн малчин тариачдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс  ч байлаа. Энд дэлгэн үзүүлж байгаа бүх зүйлийн эх сурвалж, гарал үүслийг нь тодорхой цаг хугацаатай нь нарийн танилцууллаа.


Үүний зэрэгцээ үр хүүхдэд энэ нутгийн амьтан голтон, уул усны уугуул төрхийг багасган үзүүлж, байгаль орчин нутаг усаа хамгаалахын ач тусыг ойлгуулахаар зорьсон нь түүний гэр музей ажиллуулсны хамгийн гол зорилго нь байв. Гэр музейн дунд хэсэгт жигдрүүлж тавьсан үндсэн сийлбэрүүд онцгой харагдана.
“Гэр музей доторх үндсэн сийлбэр болон амьтны загварыг би гараараа хийж бүтээсэн. Бусад нь хөгшин бид хоёрын хоёр талын аав ээж, төрөл садны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс” гэв.
Бид үндсэн сийлбэрийн хаажууд очлоо. Үнэндээ Мөнгөндалай нутаг ус, түүх соёл, амьтны загвар, үндсэн сийлбэрийн тухай хичээлийг бидэнд заасан гэхэд хилсдэхгүй.



Өөрийн уран сэтгэмж уран хийцээрээ бүтээсэн бүтээлээрээ бахархаж түүнээсээ хязгааргүй их таашаал хүртдэг энэ хүн үндсэн сийлбэрийн тухай, ямар их хүч хөдөлмөр, ухаан тамир, уран сэтгэмж хэрэгтэйг бидэнд ойлгуулсан юм.
Уулын гуу жалга, хөдөө хээрээс өгрөхүй модон үндэс малтаж аваад хэдэн өдөр, хэдэн сар цаашилбал жил, хоёр жилээр ажиглаж суух нь түүнийг хязгааргүй их уран сэтгэмжийн ертөнц рүү дагуулдаг байна. Өөрөө ажиглаж суухаас гадна бусдаар ч ажиглуулан ярилцаж сийлбэр бүтээлээ сэтгэдэг. Урьдаар юу сийлж бүтээж болохыг ажиглаж таньж мэдэх нь маш чухал юм. Үндсэн сийлбэр гэдэг нь хасаж болохоос биш нэмж болдоггүй. Үндсээ цэвэрлэж арчлахдаа санамсаргүй хугалж эвдэлбэл тэр хэдэн өдрөөр гасалж зовно. Хөгшин нь “Өгрөхүй үндэсний төлөө ухаангүй зовж бие зовлоо” гэж зэмлэнэ.
Тэрээр 10 гаруй жил үндсэн сийлбэр урлаж сийлсний дотор “Бүргэд” хэмээх сийлбэр нь 40 мянган юаньд хүрч борлуулагджээ. Зарж худалдахын төлөө үндэс сийлдэггүй нь түүний гэр музейд дэлгэн тавьсан үндэс сийлбэрүүд бидэнд хариулт өгч байлаа.
Нэг үндсээр нэг л сийлбэр бүтээнэ. Энэ хорвоод адилхан зүйл байдаггүй. Тэрээр хөгшиндөө “Чиний өвгөн Мөнгөндалай энэ дэлхий дээр ганц байдагтай адил миний олж авчирсан үндэс ч ганц, давтагдашгүй зүйл болно” гэж үргэлж ярина.
Хошуу нутгийнхаа Цагдаагийн албанд ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэрт гарч хайртай дуртай ажлаа оролдож байгаа тэрээр хэдэн малаа бараадан нам засгийнхаа туслалцаа дэмжлэгээр Мянган сууриндаа буцан ирж, сууриндаа гэр музей нээж, өөрийн гэсэн үндэс болон арьсан сийлбэрийн газартай болов.
Уран сэтгэмжтэй гарын ур дүйтэй тэрээр арьсан сийлбэр бас хийнэ. Хошууныхаа Монгол эмнэлгийн газартай хамтран хуян шар усны физик эмчилгээний багаж төхөөрөмж хийх тусгай эрх авахаар хүсэлт гаргаснаа хэлээд багажаа гарган үзүүлж байлаа.
Дуртай болохоор хайртай байдаг. Тиймээс үндэс болон арьсан сийлбэрийн бүтээлээ үнэ төлбөргүй дэлгэн үзүүлэхээс биш өндөр үнэ хаялцаж зарахыг бодоогүй. Өвлүүлэн үлдээх, үзүүлэн таниулахын төлөө урлаж бүтээдэг Мянган нутгийн “уран гар” маань хэдэн малаа усална гээд сурвалжилга өндөрлөхтэй зэрэгцэн давхиулан одлоо.



Зохиогч:Нийтлэл: Ш.Цогзолмаа, Ц.Урантунгалаг, Т.Буянхишиг
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn