Аймгуудын хадлан, тэжээлийн бэлтгэл 20-30 хувьтай байна

0

Намрын нар ээсэн энэ л өдрүүдэд малчид маань завгүй хөдөлмөрлөдөг. Хэдэн малаа хахир өвөл, хайруу хавраар онд мэнд оруулахын тулд намар нь хадлан, тэжээлээ чадлынхаа хэрээр бэлтгэх хэрэгтэй болдог. Үүнээс гадна малчдынхаа өвөлжилтөд тус нэмэр болохын тулд улсаас тодорхой хэмжээний хадлан, тэжээлийг бэлтгэн нөөцөлдөг. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн байна. Харин хадлан, тэжээл бэлтгэх ажил өнгөрсөн долоо хоногийн байдлаар 13 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэн үед орсон үргэлжилсэн бороо хадлан, тэжээл бэлтгэлийн ажилд ихээхэн хүндрэл учруулсан бөгөөд зарим аймагт хадлангийн талбай үерт автаж, хадлан авах боломжгүй болжээ. Бид энэ удаад Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хадлан, тэжээлийн бэлтгэлийн явцын талаарх мэдээллийг хүргэж байна. 
Я.Эрхэмбаяр: Аймгийн хэмжээнд 1304 га талбай хадлан авах боломжгүй болсон
 
Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяраас хадлан бэлтгэл, тэжээлийн талаар тодрууллаа 
-Танай аймгийн хэмжээнд одоогоор хадлан, тэжээлийн бэлтгэл хэр явж байна вэ?-Хөвсгөл аймгийн хэмжээнд хадлан, тэжээлийн бэлтгэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 37 хувьтай байна. Энэ долоо хоногийн дүн мэдээ хараахан нэгтгэгдээгүй байгаа.
-Энэ жил хэр хэмжээний хадлан, тэжээл бэлтгэх ёстой вэ?-Улсаас өгсөн даалгавраар аймгийн хэмжээнд энэ жил малчдын түвшинд 190.721 тонн өвс, тэжээл бэлтгэнэ. Үүнээс 72 мянган тонн өвс бэлтгэхээс 37.8 хувьтай байна. Гар тэжээл 30 тонн бэлтгэхээс 0.8 хувьтай явж байгаа.
-Бороо орж, үер болсноос үүдэн хадлангийн талбай усанд автсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?-Хөвсгөл аймгийн хэмжээнд наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр үргэлжлэн орсон борооны улмаас томоохон голууд үерлэсэн. Дэлгэрмөрөн, Эг, Үүр голын сав газруудад үерлэж, газрын гадарга дээр их хэмжээний ус, шавар тогтож, нийтдээ 1304 га талбай газар хадлан авах боломжгүй болсон. Үүнийг сумдаар нь задалж хэлбэл Рашаант суманд 24 га, Төмөрбулагт 12 га, Цагаан-Үүрт 1068 га, Шинэ-Идэр суманд 200 га талбай усанд автаж, шавар, намаг болсон байна. Мөн Рашаант, Эрдэнэбулган, Тариалан  сумын нутагт  орсон хур тунадасны улмаас  наймдугаар сарын 10-25-ны хооронд хадаж бэлтгэсэн өвсний чанарт нөлөөлж  харлаж, муудсан. Одоо уулын бэл, таг зэрэг газруудаар хадлан өвсөө авч байгаа. Харин сүүлийн хэдэн өдөр нар гарч, цаг агаар тогтуун байгаа болохоор хадлан, тэжээл бэлтгэх ажил эрчимтэй явагдаж байна.
-Хадлангийн талбай усанд автсан, бэлдсэн хадлан харлаж, муудсан гэхээр энэ жил төлөвлөгөөгөө биелүүлэх боломж бий юу?-Ер нь дотоод нөөц бололцооныхоо хүрээнд хадлан, тэжээл бэлтгэж болох бүхий л газруудаасаа хадланг авхуулж байна. Энэ жил газрын гарц ч нэлээд гайгүй байсан. Тиймээс төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн бодолтой байна. Ирэх долоо хоногт аймгийн Засаг даргын захирамжаар агентлагуудын дарга нарыг орон нутагтаа ажиллуулахаар болсон. Сумдын Засаг дарга нартай цахим уулзалт хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгсөн.
-Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил хэчнээн толгой мал өвөлжих вэ?-Нийтдээ манай аймагт 5.530  гаруй мянган толгой мал өвөлжинө гэсэн тооцоо бий. Аймгийнхаа нийт малыг хонин толгойд шилжүүлээд бэлчээрээ тооцохоор 6.300 мянган толгой мал бэлчээрлэх бэлчээрийн даацтай. Нийт малынхаа тоог хонин толгойд шилжүүлэхээр аймгийн хэмжээд есөн сая гаруй мал болж байна. Тиймээс гурван сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй хэрэгцээ байна гэдгийг удирдлагууддаа тавьж байгаа. Аймгийн хэмжээнд нэг жилд 1.8-2 сая мал зах зээлд нийлүүлэгддэг юм.
 
Ж.Алимаа: 90 гаруй мянган га талбайд хадлан бэлтгэж байна
 
Харин Дорнод аймгийн хувьд энэ жил аймаг, сумын аюулгүй нөөцдөө 1550 тонн өвс, 660 тонн тэжээл, малчдын түвшинд 93 мянган тонн өвс, 430 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор аймгийн хэмжээнд энэ ажил 30 орчим хувьтай явж байгаа гэдгийг тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Алимаа хэлж байна.
-Дорнод аймгийн хэмжээнд энэ жил хэдий хэр хэмжээний хадлан, тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа вэ?-Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгаврын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Албан даалгавраар аймаг, сумын аюулгүй нөөцөд нийтдээ 1550 тонн өвс, 660 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй. Харин малчдын түвшинд 93 мянган тонн өвс, 430 тонн тэжээл бэлтгэх ёстойгоос 8.1 хувьтай буюу 7500 орчим тонн өвс бэлтгэсэн. Аймаг, сумын аюулгүй нөөцийн хадлан бэлтгэл 11.9 хувь, тэжээл бэлтгэл 49.3 хувьтай явж байна. Өвс, тэжээлийн бэлтгэлийн явцыг аймгийн хэмжээнд авч үзвэл 30 орчим хувьтай гарч байгаа юм.
-Хадлан, тэжээлийн ургац, газрын гарц хэр байсан бэ?-Зуншлага энэ жил нийт нутгийн 90 орчим хувьд гайгүй, хадлан, тэжээлийн ургац сайн байсан. Аймгийн хэмжээнд 90 гаруй мянган га талбайд хадлан бэлтгэж, 400 орчим хүн оролцож байна.
-Зарим аймагт бороо их орсны улмаас хадлан, тэжээлийн талбай нь усанд автсан тохиолдол гарсан. Танай аймагт энэ асуудал хэр байна вэ?-Наймдугаар сарын дундаас есдүгээр сарын эх хүртэл хугацаанд бороо их орсон. Тиймээс хадлангийн ажил нилээд оройтож энэ сарын 10-д гаргаж байж жигдэрсэн. Гэсэн хэдий ч хадлангийн талбай усанд автаж, хадлан авах боломжгүй болсон тохиолдол гараагүй.
-Хадлан, тэжээлийг хэзээ бэлтгэж дуусах вэ?-Хадлан авах, бэлтгэх ажлыг аравдугаар сарын 1 хүртэл явуулна. Үүнээс хойш хадлан авахыг болиулна гэсэн чиглэлийг барьж байгаа. Харин аймгийн аюулгүй нөөцийн тэжээлийг худалдан авах ажиллагаагаа зарлаад тендер явагдаж байгаа.   
 
Н.Цэнгэлсайхан: Малчдын түвшинд хадлан бэлтгэл 23.5 хувьтай байна
 
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1800 тонн өвс, 610 тонн үйлдвэрийн тэжээл, 100 тонн ногоон тэжээлийг аюулгүйн нөөцөд бэлтгэхээр төлөвлөсөн гэдгийг аймгийн ХААГ-ын мэргэжилтэн н.Цэнгэлсайхан хэлж байна. Монгол Улсын Засгийн газрын  “Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 221 тоот тогтоолын  хэрэгжилтийг ханган аймгийн Засаг даргын “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар гаргаж  сумдад хүргүүлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгийн нийт нутгаар бороо хур жигд орж  зуншлага сайтай, бэлчээр хадлангийн талбайн ургац сайн гарчээ. Тус аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцдөө 100 тонн өвс, 100 тонн үйлдвэрийн тэжээл, 100 тонн ногоон тэжээл бэлтгэх бол сум тус бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх юм байна. Харин малчдын түвшинд 132891 тонн байгалийн өвс, 53156 тонн үйлдвэрийн тэжээл, 18605 тонн давс, хужир, шүү бэлтгэхээс энэ сарын 13-ны өдрийн байдлаар 31272 тонн байгалийн хадлан, 11 тонн үйлдвэрийн тэжээл, 16 тонн дарш бэлтгэж малчдын түвшинд хадлан бэлтгэлийн ажлын явц аймгийн хэмжээнд 23.5 хувьтай байгаа аж. Сонирхуулахад, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021-2022 оны өвөл, хавар 2.4 сая толгой мал өвөлжиж хаваржих төлөвтэй байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалттай газар болон, хилийн зурвас бүхий газарт 81 өрхийн 45.9 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарчээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn